“Шинэ эрин” дунд сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсан талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл ѳнѳѳдѳр мэдээлэл хийлээ.
“Шинэ эрин” дунд сургуульд элсэхээр 1,250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн Ням гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас нийт 1,236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ. Гэвч тус сургуулийн зүгээс алдаатай бодлогоор шалгалт авч хүүхдүүдийг хохироосонд гомдолтой буйгаа эцэг эхчүүд илэрхийллээ.
Шалгалт дууссаны дараагаар зарим хүүхдүүдээс алдаатай бодлого байсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн үед сургуулийн захиргаа шалгалтын материал алдаатай байсныг мэдээгүй байжээ. Эцэг эхчүүд математикийн багшаар шалгуулахад алдаатай бодлого, бодлогын зөв хариулт сонголтод байгаагүй зэрэг алдаанууд байжээ. Сургуулийн захиргаанд ахин өргөдөл, гомдол гаргахад алдаатай бодлогууд байснаа хүлээн зөвшөөрч 3 онооны даалгаврыг хасаж, дүгнэхээр болсон. Ингээд нэг вариант нь 39, нөгөө вариант нь 38 бодлоготой болсон. Үүнээс улбаалан шалгалтын оноонд зөрүү гарсан учраас алдаагүй бодлогоор дахин шалгалт авч шудрагаар дүгнэхийг шаардаж байна гэлээ.
Сурагч тус бүр бүртгэлийн хураамж болох 25 мянган төгрөг төлсөн бөгөөд нийт 31 сая 250 мянган төгрөг цугларсан. Энэ нь шалгалт зохион байгуулахад хүрэлцэхүйц мөнгө санхүү бүрдсэн атал сургуулийн зүгээс алдаатай шалгалтын материал боловсруулж 1200 гаруй хүүхдээс шалгалт авч хохироочихоод ямар ч хариуцлага хүлээхгүй, арга хэмжээ авахгүй байгаад эцэг, эхчүүд болон хүүхдүүд гомдолтой байгаагаа илэрхийллээ.
“Шинэ эрин” сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль аж. Анх БҮТ-өөс шалгалтын материалыг боловсруулдаг байсан бол 2018 оноос БСШУСЯ-эаас “Шинэ эрин” сургуулийн захиргааг шалгалтын материалыг боловсруулж, шалгалтыг бие даан зохион байгуулах эрхийг олгосон байна.