Бага байхад урд гудамжинд цагаан шаргал үстэй, цагаан царайтай ер бусын нэг хүүхэд байдаг байлаа. Харин үеийн хүүхдүүд тэр жаалтай барагтай л бол хамт тоглохгүй учир их л ганцаардангуй байдаг байж билээ. Ер нь л яагаад ч юм том хүн хүүхэд гэлтгүй тэр хүүхдээс нэг л жийрхээд, зайгаа бариад байдаг нь анзаарагддаг байсан. Сониуч зангаар аав ээжээс тэр хүүхэд яагаад тийм бусдаас өөр тухай асуухад “Албинос хүн гэдэг юм аа. Өдөр юм харахдаа их муу байдаг юм гэнэ лээ. Гэхдээ арьс, үс нь л тийм цагаан болохоос яг л чамтай адилхан хүүхэд. Битгий гадуурхаж янз бүр болоорой” гэж захиж байсан юм. Түүнээс хойш яагаад ч юм албинос гэх цагаан хүмүүс миний сонирхлыг багагүй татдаг байлаа. Яг яагаад тэгж төрдөг юм бол. Өвчин юм болов уу гэх мэтээр боддог байв. Харин дунд сургуульд хүний биеийн анатоми ордог багшаасаа энэ тухай асууж бас ч гэж нэлээд ойлголттой болж билээ. Хожмоо мэр сэр тааралдах цагаан хүмүүсийн тухай ном сэлтээс уншиж, тэдний тухай дэлгэрэнгүй мэдэж авсан л даа. Хүний арьс болон үсэнд меланин гэдэг пегмент байдаг бөгөөд тэр нь л байхгүй бол албинос болдог гэж дурддаг. Цагаан арьстнуудад бол албиносыг ялгахад хэцүү.
Мэдээж хар бор арьстай хүмүүст гоц ялгарч харагдах нь тодорхой. Америк болон европын орнуудад 20 мянган хүн тутамд нэг төрдөг гэсэн судалгаа бий. Тэгсэн хэрнээ африк тивийн хар арьстнууд дунд тун түгээмэл байдаг бөгөөд бүүр 3000 хүүхэд тутамд нэг албинос төрдөг нь сонирхолтой. Албинос хүмүүст дээр өгүүлсэн меланин гэдэг пегмент байхгүй учир тэд наранд биеэ хичнээн шарсан ч огт борлохгүй. Арьс нь ихэд мэдрэмтгий учраас илч муухан наранд ч ихэд хүнд түлэгддэг ажээ. Ер нь яг яагаад ийм хүүхэд төрөөд байдгийг шинжлэх ухаанд нуугдмал генээс шалтгаалсан удамших шинж гэгчээр тайлбарласан байдаг. Хоёр албинос хүний дундаас албинос хүүхэд гарна. Эцэг эхийн аль нэг нь албинос бол “цагаан” хүүхэд төрөх боломж 50:50 хувь байх бөгөөд жишээ нь, зургаан хүүхэд төрлөө гэхэд гурав нь албинос байх магадлал тун өндөр гэнэ.
Хар тив гэгддэг Африкт, Танзани, Брунди, Малави гэх мэт улсад төрсөн албинос хүмүүсийг тун өрөвдөлтэй, эмгэнэлтэй хувь заяа хүлээж байдаг. Тэднийг мухар сүсгийн сүүдэр дайрч, хаа сайгүй шууд алахад бэлэн ангуучид хүлээж байдаг тухай дэлхийн хэвлэлүүд бичдэг. Хөөрхий албиносчуудын эд эрхтнийг хар домчид шашны элдэв үйл, хараал жатга хийхэд ашигладаг бөгөөд хар зах дээр нь тэдгээрийн цогцос маш өндөр үнэ хүрдэг ба ойролцоогоор 80 орчим мянган долларт хүрдэг гэх. Албинос хүний эд эрхтэн, гар хөл, үс зэргээр хийсэн шашны зан үйл нь тун богино хугацаанд баяжуулдаг гэж итгэдэг. Хүний, тэр тусмаа ийм содон төрсөн хүний эд эрхтэнээр зан үйл хийвэл баяждаг гэж хүн алдаг улс ер нь л африкаас өөр газар байхгүй байх.
Гудамжинд хэн нэгэн албинос хүн явж байлаа гэхэд шуудхан дайрч очоод гарыг нь тас цавчаад авчихдаг, хойд эцэг нь хулгайлж аваад албиносчуудын наймаачид гэх хэрцгий нөхдөд зарчихдаг гээд сонсоход ч халгамаар мэдээллүүд хөвөрнө. Малави гэдэг улс тэдгээр “цагаан” иргэдээ төрийн хамгаалалтад авч эхэлж байгаа бөгөөд цагдаагийнхан тэдэн рүү халдсан хэнийг ч болов өчиггүй буудах тушаал гаргажээ. Бас ч иргэнээ хамгаалсан энэ томоохон шийдвэрийг бусад улсууд нь ч гэсэн дагаж эхэлсэн нь дэвшил болж байна гэж өрнөдийн хэвлэлүүд дурджээ. Мэдээж төр засаг нь ийм арга хэмжээ аваад эхлэхээр нөгөө хүний эд эрхтэн наймаалдаг алуурчид ч гэсэн нарийн зохион байгуулалтад орж эхэлсэн нь тодорхой. Улс дамнасан, зөвхөн албинос хүмүүсийг хулгайлдаг, эд эрхтнийг нь зарж борлуулдаг сүлжээ бий болоод байгааг Улаан загалмай нийгэмлэг илтгэлдээ дурдаад тэдгээр гэмт бүлэглэлийг хатуу чанд мөрдөж, гэмтнүүдэд хатуу гэсгээл оногдуулахыг уриалжээ. Брунди улсад албинос иргэддээ зориулж тусгай асрамжийн газар байгуулан өгч, цэргийн хүчээр хамгаалж байна.
Албинос хүүхэд тухайн гэр бүлд нэг л төрдөг үү гэвэл бас үгүй бололтой. Бразилд гэхэд л нэг гэр бүлийн таван хүүхдийн гурав нь албинос. Анагаах ухаан энэ тохиолдлыг тун ховор гэж тэмдэглэжээ. Харахад цагаан арьстан мэт харагдах авч яг л гипсэн баримал мэт цагаан албинос хүмүүс угтаа бидэнтэй л адил оюун ухаантай, энгийн хүмүүс гэдгийг хэлэх хэрэгтэй. Меланин пегментийн хомсдол нь зөвхөн хүнд тохиолддог ч юм бас биш ажээ. Ан амьтан, араатан жигүүртэн, хэвлээр явагчдад хүртэл бий.
Жишээ нь, албинос матар, усны үхэр, мэлхий, могой гээд үргэлжилнэ. Иймэрхүү нэн ховор амьтдыг гол төлөв тухайн улс нь тусгай хамгаалалтад авдаг. Эдгээр албинос амьтдыг “цагаан” хүнтэй яг адилхан хувь заяа хүлээж байдаг. Тиймдээ ч бас л цэрэгжүүлсэн хамгаалалтын дор амьдарцгаана. Америкийн алдартай туульс гэгддэг Мобидик хэмээх ер бусын ухаалаг аварга цагаан халим ч бас л албинос байх шүү. Зохиол дээрээ аварга том цав цагаан халим гэж дүрслэгддэг. Ямартай ч тийм ховор биш, зарим улсад тун түгээмэл тааралддаг албинос хүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.