Categories
мэдээ нийгэм

Ахмет Язал: Турк-Монголын хооронд шууд нислэгийн саналыг эрт тавьсан. Гэхдээ Монголын тал хариу өгөх гэж уддаг юм даа…

Монгол Улсад суугаа БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалтай ярилцлаа.


-Коронавирусийн улмаас дэлхий даяар эдийн засаг хүндхэн байдалд орсон. Энэ нөхцөл байдал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа бол. Мөн БНТУ-д байдал ямархуу байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Коронавирусийн эсрэг манай хоёр улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ өөр өөр байна. Монгол Улс коронавирусийг дотооддоо оруулахгүй гэж хилээ хаасан. Энэ нь их зөв шийдвэр болж, цар тахлаас хамгаалж чадаж байна. Харин Турк улс газар зүйн байршил болон худалдаа, аялал жуулчлалын салбараас шалтгаалж хилээ хаах боломжгүй болсон л доо. Ер нь хилээ хаахгүй байх олон шалтгаан бий. Манай Улсад дөрвөн сая гаруй цагаач иргэн, байнгын болон түр хугацаанд оршин суудаг 5-6 сая гадаадын иргэн байна. Өнгөрсөн жил Турк Улс 46 сая жуулчин хүлээж авсан. Истанбулын олон улсын онгоцны буудлаар 80-90 сая жуулчин дамжин өнгөрдөг. Мөн 5-6 сая турк иргэн гадаад улсад амьдарч, байнгын ирж очин байдаг. Иймээс хилээ хаах нь бидний хувьд боломжгүй байсан юм. Бид хилээ урт хугацаанд хаахаасаа өмнө арай өөр арга хэмжээ авч эхэлсэн. Мэдээж цар тахал дөнгөж эхэлж байх үед тодорхой хугацаанд хилээ хаасан. Мөн зарим нэг бүс нутагт зорчихгүй байх, насны ангиллаар хүмүүсийг гадуур гаргахгүй байх арга хэмжээнүүдийг авсан. Цар тахлыг эх орондоо алдахгүй гэхээс илүү эмнэлэг, эрүүл мэндийн системийн хүчин чадлыг давуулахгүй байхаар тооцоолсон. Эдгээр хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгч өдөрт мянга хүрэхгүй хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарч байсан бол сүүлийн үед 1.5 мянга гаруй шинэ тохиолдол илэрч байна. Гэхдээ энэ нь Туркийн эмнэлгийн хүчин чадалд огт хүрээгүй байгаа юм. Манай улсын эмнэлгийн хүчин чадал хангалттай хүрэлцээтэй. Манай улс 40 мянга гаруй эрчимт эмчилгээний ортой. Өдөр бүр 100,000 илүү хүнд шинжилгээ, сорьц хийдэг. Эмнэлгийн болон эрүүл мэндийн системийнхээ хүчин чадлыг байнга нэмэгдүүлсээр байна. Одоогийн байдлаар манай улсад 50,000 гаруй амьсгалын аппарат байна.

Иймээс өвчин туссан хүмүүсийг эмчилж чадахгүй гэдэг асуудал огт үүсээгүй, эмч, эмнэлгийн орны хүрэлцээ хангалттай байгаа. Түүнчлэн дэлхийн бусад орнуудаас ялгаатай, онцлогтой эмчилгээний арга барилыг бид ашиглаж байна. Долоо хоногийн дотор өвчтөний эмчилгээний хариу сөрөг гарч эмнэлгээс гарах боломжтой болж байгаа. Үүнээс гадна коронавирусээр халдварлагчийн ойрын хавьтлыг тогтоох хөдөлгөөнд эргүүлийн 10,000 гаруй баг ажиллаж байна. Энэ баг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчдаас бүрдэж байгаа. Зарим нэг онцгой тохиолдолд зарим бүс нутагт хязгаарлах арга хэмжээг авч байна. Гэхдээ Турк улсад амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авахдаа улстөрчдөөс бус мэргэжлийн хүмүүсээс зохих зөвөлгөө зөвлөмжийн дагуу хэрэгжүүлдэг. 2020 оны нэгдүгээр сард цар тахал гэж дэлхий даяар зарлахаас өмнө Турк улс шинжлэх ухааны зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл нь ямар төрлийн эм тариа хэрэглэх, хичнээн ор нэмж авах, ямар насны хүмүүсийг гудамжаар явахыг хязгаарлах, ямар төрлийн эм гаднаас импортлох хэрэгтэй байна гэдгийг шийддэг. Шинжлэх ухааны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газраас шаардлагатай, зохих шийдвэрийг гаргадаг. Шинжлэх ухааны зөвлөлд ямар ч улстөрч, төрийн албан хаагч байхгүй. Бүгд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачид байдаг.

Таны хэлсэнчлэн энэ цар тахал мэдээж эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хамгийн түрүүнд аялал жуулчлалын салбарт нөлөөлсөн. Тухайлбал, манай улс жилд 45-46 сая жуулчин хүлээн авдаг байсан бол энэ жил 15 сая жуулчин хүлээж авахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрсдийгөө болоод жуулчдыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс аялал жуулчлалын бүс нутгаар тусгай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жуулчид манай улсад аялахаар хөл тавьснаасаа хойш буцталаа байнгын үзлэг, шинжилгээ, хяналт, шаардлагатай тусламж дэмжлэгийг авч байгаа. Мөн аялал жуулчлалын компаниудад сертификат өгч эхэлсэн. Төр засгийн зүгээс коронавирустэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг 100 хувь гүйцэтгэж байгаа компаниуд энэ сертификатыг авах боломжтой. Харин худалдааны салбар маань дэлхийн бүхий л улс оронтой ижил байна. Турк-Монгол хоорондын худалдааны эргэлт энэ жил тодорхой хэмжээгээр буурч байна. Энэ цаг үед Туркээс хөрөнгө оруулагчдыг Монголд авч ирэх боломжгүй байгаа. Учир нь Монгол руу ирэх онгоц байхгүй, дээрээс нь Монголд гадаад иргэн ирэх нь хориотой байна шүү дээ. Онгоцны нислэг зогссонтой холбоотойгоор тээврээр явуулдаг онгоцны үнэ гурав дахин нэмэгдсэн. Учир нь ачааг тээвэрлэх онгоц хүрэлцэхгүй байна. Турк-Монгол хооронд худалдааны харилцаа бусад салбарын харилцааг бодоход бага зэрэг хоцрогдмол байдалтай байдаг. Үүний хамгийн том шалтгаан нь тээврийн асуудал л даа. Хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Одоо ч улам л хоцрогдож байна даа. Иймээс манай улсын зүгээс Монголын талд хуваарьт нислэгийг долдугаар сараас үйлдэж эхэлье гэдэг саналыг энэ оны зургадугаар сард хүргүүлсэн.

-Хуваарьт нислэгийн талаар санал хүргүүлсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Туркиш эйрлайнс компаниас тогтмол нислэг хийх хүртлээ тусгай үүргийн нислэг хийе гэсэн саналыг хүргүүлсэн ч зөвшөөрөөгүй. Бидэнд “Зөвхөн МИАТ компани нисэх боломжтой” гэсэн хариуг өгсөн. Туркэд байгаа монгол иргэд хүнд нөхцөл байдалтай байна гэдэг мэдээлэл хэвлэлээр их гарсан учраас Туркиш эйрлайнс компани дахин энэ саналаа хүргүүлсэн. Бидний судалснаар Туркээс Монгол Улс руу ирээд тусгаарлагдах зардал 1100 ам.доллар орчим байдаг юм байна лээ. Гэхдээ Туркэд байгаа олон мянган иргэн энэ мөнгийг гаргах боломжгүй учраас хүнд хэцүү байдалд орж байгаа. Бидний харснаар Истанбулаас хийгдэж байгаа тусгай үүргийн нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдийг нийлүүлээд наашаа авч ирж байгаа нь харагдсан. Туркиш эйрлайнс компанийн тусгай үүргийн нислэг гүйцэтгэе. Ингэхдээ нислэг бүртээ 20 монгол иргэнийг ямар ч үнэ төлбөргүй авч ирье гэдэг санал гаргасан.

-Туркиш эйрлайнс компаниас хийх нислэгээр зөвхөн монгол иргэд ирэх юм уу. Ажил хэргийн хүрээнд гэдгээр өөр улсын иргэд ч оруулж ирэх юм уу?

-Монгол Улс руу хэн ирж болох вэ гэдгийг Монголын холбогдох байгууллагууд шийддэг. Тэгэхээр энэ тусгай үүргийн нислэг дээр хэнийг авч ирэх вэ гэдгийг Монголын тал л шийднэ гэсэн үг. Тиймээс Монголын эрх бүхий байгууллагуудын баталсан нэрсийн жагсаалтад байгаа хүмүүст билетийг зарж, тээвэрлэж авч ирнэ. Туркиш эйрлайнс компани нислэг үүлдээд нэмэлтээр гадаад иргэдийг авч ирье гээд байгаа юм биш шүү дээ. Монголд тусгай үүргийн нислэгээр сард 4000-5000 орчим иргэн ирж байна. Бидний зүгээс “10 удаагийн тусгай үүргийн нислэгээр ийм тооны иргэдийг авч ирэхээс илүүтэйгүүр өөр улсын агаарын тээврийн компаниудад зөвшөөрлийг нь өгвөл 4000-5000 иргэнийг 20 онгоцоор хуваагаад авч ирье” л гэж байгаа юм. Үүнээс гадна агаарын тээврийн каргоны үнэ гурав дахин нэмэгдсэн учраас бараг зарим зорчигчдод илүү хүндрэлтэй байна. Мөн ачааг тээвэрлэх багтаамжгүй. Тиймээс онгоцыг хүртээмжтэй болгох үүднээс энэ саналыг тавьсан. Дараагийн асуудал нь, гадаадаас Монголд ямар нэгэн ажлаар ирээд тусгаарлалтад ороод гаръя гэсэн хүмүүс, эсвэл Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гэр бүлийнхээ хүнийг эргэе, очъё гэж байгаа хүмүүс явж чадахгүй байна. Учир нь дараагийн онгоц хэзээ иргэж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй байна л даа. Энэ асуудлыг шийдэж, мөн онгоцны билетний үнийг буулгах хамгийн зөв арга нь тогтмол хуваарьт нислэгийг үйлдэж эхлэх юм. Жишээлбэл, Монголын төрийн байгууллагаас Туркиш эйрлайнс компанид долоо хоногт 150 зорчигч тээвэрлэж болно гэсэн зөвшөөрөл өгч болно. Монголд байгаа тусгаарлах байрныхаа хүчин чадлын дагуу иргэдийн тоог гаргаж өгч болно. Хэд ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь долоо хоногт нэг удаа Туркиш эйрлайнс компани ч юм уу эсвэл Солонгосын эйрлайнс, Хятадын эйрлайнс ч гэдэг юм уу явах тогтмол нислэгтэй байх нь бидний хувьд чухал байна. Ийм тогтмол хуваарьтай нислэгтэй болсноор хүмүүс онгоцыг дүүртэл нь чихэж зорчих шаардлагагүй болно. Хүмүүс гадагшаа, дотогшоо явах ажлаа төлөвлөнө. Ингэснээр худалдааны эргэлт ч нэмэгдэнэ.

-Хоёр орны худалдааны салбар ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Өнгөрсөн жил хоёр улсын худалдааны эргэлт 40 сая ам.долларт хүрсэн. Намайг 2017 оны нэгдүгээр сарын 3-нд Монгол Улсад ирэхэд худалдааны эргэлт жилийн 27 сая ам.доллараар хэмжигдэж байсан. Сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт өссөн гэж ойлгож болно. Гэхдээ хоёр улсын худалдааны эргэлтийн бодит потенциал 100, 100 ам.доллараар яригдана. Шууд нислэгтэй болох гэж бид нэлээд ажилласан. Шууд нислэг үйлдэнэ гэхээр хүмүүс зорчигч тээвэрлэх талаар илүү ойлгодог зорчигчоос гадна агаарын тээвэрлэлт маш их нэмэгдэнэ. Ингээд энэ салбарт тодорхой хэмжээгээр өсөлт бий болно гэж харж байгаа. Түүний хажуугаар автозамын тээвэр тодорхой хэмжээгээр сууж байна. Энэ нь бидэнд итгэл найдвар өгч байна.

Энэ жил аялал жуулчлал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байсан ч Туркээс Монгол руу жуулчин ирэх боломжгүй болсон. Бидний зорилго Монголын ард түмний хэрэглэхийг хүсч байгаа бүтээгдэхүүнийг Турк улсаас боломжийн үнээр, өндөр чанартайгаар нийлүүлэх. Нөгөө талаар улсынхаа бүтээгдэхүүнийг Туркийн бизнес эрхлэгчдээр дамжуулж Монголд үйлдвэрлэх арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Энэ чиглэлээр хамгийн хурдтай хөгжүүлж болох салбар нь арьс ширний салбар. Турк улс Монголоос арьс шир импортолж авдаг ч шаардлага хангахгүй байна. Учир нь хачиг хувалзнаас болж малын арьс гэмтсэн, өвчиж авахдаа түүхий эдээ их гэмтээж байна. Энэ нь боловсруулах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Туркэд энэ асуудлыг шийдэх технологи нь байна. Монголд манай улсын хэрэгцээг хангах түүхий эдийн нөөц нь байна. Тиймээс арьс ширийг Монголд боловсруулж, Турк руу экспортлох арга замыг эрэлхийлж байна. Тэр байтугай Монгол Улсад эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд гаргах боломж байна шүү дээ. Өнгөрсөн жил хоёр улсад Монгол-Турк болон Турк-Монгол худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байгуулагдсан. Энэ танхимын удирдлагууд болон гишүүд, компаниуд энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Монголын төрийн байгууллагын хүсэлтээр Европдоо дээгүүр ордог Туркийн арьс ширний сургуульд дөрвөн оюутныг энэ чиглэлээр тэтгэлгээр сургаж байна.

Үүнээс гадна хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог салбар нь барилгын материалын үйлдвэрлэл байна. Барилгын материалын үйлдвэрийг Монголд ч Туркэд ч зэрэг, хамтарч үйлдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Үүнээс гадна ноолуур боловсруулах, малын дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах, хамтарч ажиллах, арга замыг ч хайж байна. Манай улсад дайвар бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар ашигладаг. Цаг алдахгүйн тулд энэ бүх ажлынхаа талаар цахимаар уулзалт хийж, шийдэж байна.

-Манай улсаас хэдэн тонн арьс ширийг импортолж байна вэ. Турк улс арьс ширээс гадна ямар бүтээгдэхүүнийг импортлох сонирхолтой байдаг юм бол?

-Энэ сэдвийг ярихаар зөвхөн миний биш, олон элчин сайд нарт тулгардаг асуудал гарч ирж байна. Ямар нэгэн бүтээгдэхүүн зарж буй бизнес эрхлэгч өөрийн бүтээгдэхүүнийг хэн нэгэн ирээд авчихаасай гэж хүлээж суух ёсгүй. Бүтээгдэхүүнээ зарахын тулд өөрөө гүйх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголд ямар бүтээгдэхүүн байна. Турк руу ямар бүтээгдэхүүн явуулж болох вэ гэдгийг судалж, хөөцөлдөх хүн нь Анкара хотод суугаа Монголын Элчин сайд. Гэхдээ би болон Монголд суугаа бусад элчин сайдууд хоёр улсын худалдаа, харилцааг өргөжүүлэхийн тулд энэ асуудалд ихээхэн санаачилгатай оролцдог. Би өөрөө хүсээгүй байсан хэрнээ уул уурхайн салбарын “мэргэжилтэн” болсон. Өөрөөр хэлбэл, Монголд ямар уул уурхайн бүтээгдэхүүн байна. Хэр хэмжээгээр олборлож байна. Ямар бүтээгдэхүүнийг Турк рүү экспортолж болох вэ гэдгийг судалж байгаа.

Манай улс руу хамгийн түрүүнд мах, сүүн бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гаргаж болно гэж бодож байна. Турк улсад төмөр, гангийн олон том үйлдвэрүүд байдаг. Тиймээс нүүрсийг яаж Турк рүү импортлох уу, яаж тээвэрлэх вэ гэдгийг би судалж үзсэн.

Үүнээс гадна энэ жилийн эхээр Турк улс анх удаагаа Монголоос мөнгө худалдаж авсан. Өмнө огт худалдан авч байгаагүй. Арьс ширний тухайд гэвэл жилдээ 2-3 сая ширхэг арьс шир авдаг. Зарим жилүүдэд үүнээс ч илүүг худалдаж авсан. Би улс төр судлалаар их сургуулиа төгссөн. Гэхдээ Монголд ирээд уул уурхай, иргэний агаарын тээврийн, мах, сүүн бүтээгдэхүүний, арс шир үйлдвэрлэлийн “судлаач, мэргэжилтэн” боллоо (инээв).

Монгол Улсаас ямааны арьсыг хамгийн ихээр авах сонирхолтой байдаг. Учир нь гутал доторлодог. Монгол Улс арьсаа өвчиж авчаад арьсаа хатаачихдаг. Хатчихсаар арьсыг арьс ширний үйлдвэр авахаас аль болох татгалздаг. Үүний оронд өөрийн улсдаа чанартай, зөөлөн болгоод боловсруулчих юм бол илүү үнэтэйгээр, илүү ихийг экспортлох боломжтой. Энэ мэтээр олон жижиг жишээ байна. Хамгийн чухал нь энэ бүтээгдэхүүнийг Турк рүү явуулах тээвэр гарцыг нээж өгөх хэрэгтэй.

-Агаарын ачаа тээврээс гадна ямар бүтээгдэхүүн тээвэрлэх юм бэ. Мөн агаарын шууд нислэгтэй болсноор Монгол Улсад ямар давуу тал гарна гэж та үзэж байна?

-Үүнийг би өөрийн жишээн дээр тайлбарлая л даа. Би анх Элчин сайд болж ирчихээд өөрийн хэрэглэх хувийн зүйлсээ Туркиш эйрлайнс компаниар дамжуулж агаарын тээврээр ирүүлье гэж бодож байсан. Тухайн үед Туркиш эйрлайнс компани тусгай үүргийн жижиг онгоц нисгэдэг байсан. Тэр нь Бишкэк дээр заавал зогсдог. Дөрвөн жилийн өмнө болсон явдал болохоор одоо сайн санахгүй байна. Тэр үед нэг килограмм ачааг зургаан ам.доллараар тээвэрлүүлж байсан санагдаж байна. Ингэхдээ шууд ирээгүй БНСУ-аар дамжиж ачаа маань ирсэн. Хэрвээ цар тахалгүй үе байсан бол Туркиш эйрлайнс компаниас хийсэн тооцоогоор нислэг бүрт 20 тонн ачаа тээвэрлэх боломжтой гэсэн байсан. Мөн нэг килограмм ачааг 3-4 ам.доллараар буюу маш бага зардлаар тээвэрлэх нөхцөл бүрдэх байсан. Шууд нислэгээр бүтээгдэхүүнээ тээвэрлэх давуу тал нь Монголд үйлдвэрлэсэн ямар нэг бүтээгдэхүүнийг (ноолууран, хүнсний гэх мэт) нэг өдрийн дотор дэлхийн 125 оронд шууд хүргүүлэх боломжтой. Жижиг компани байлаа гэхэд онлайнаар бүтээгдэхүүнээ танилцуулж, каргогоор бүтээгдэхүүнээ хүргүүлж, зарах боломжтой болно. Монгол Улсад ирж байгаа жимс, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурна. Намрын улиралд малчид малаа гаргаж өвлийн идшээ бэлтгэдэг шүү дээ. Энэ сезоноос өөр цагт арьс шир тийм ч ихээр гардаггүй. Хэрвээ бизнес эрхэлдэг бол агаарын тээврээр ачаа бараагаа явуулж чадахгүй байгаа бол контейнерээр явуулахаас өөр аргагүй байгаа шүү дээ. Тиймээс контейнерээр явуулахын тулд эхлээд төлбөрөө төлөөд арьс ширээ ачуулна гэтэл тухайн контейнер дүүрч замдаа гарахын тулд нэг сарын хугацаа ордог. Тухайн кондинараа усан онгоцоор явуулах юм бол хоёр сар, ачааны машинаар явуулах юм бол гурван долоо хоногоос нэг сарын хугацаанд Туркэд очих болно. Туркэд байгаа бизнес эрхлэгч таны арьс ширийг хүлээж аваад боловсруулаад зарсныхаа дараа таны мөнгийг өгнө. Тэгэхээр та арьс ширээ явуулснаас хойш гурван сарын дараа арьс ширнийхээ мөнгийг авна гэсэн үг. Худалдаа ийм удаан байж болохгүй. Хэрвээ агаарын тээвэртэй болчихвол танд 10, 20, 50 арьс ч бай боож баглаад явуулах боломжтой болно шүү дээ. Экспортын талаас нь ярихад ийм байна.

Нөгөө талаас, Монгол Улсад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнэ буурахаар бүтээгдэхүүний зарагдах үнэ дагаад буурна.

-Агаарын тээврийн асуудалд Туркийн талаас нааштай хариу хүлээж байгаа гэж ойлголоо?

-Туркиш эйрлайнс компани өөрийн саналаа тавьсан. Бусад агаарын тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч өөрсдийн саналаа тавьж байгаа. Бидний зүгээс одоогоор ямар нэгэн хариу аваагүй байна. Монголын талаас татгалзаж байна ч гэж хэлээгүй, дэмжиж байгаагаа ч мэдэгдээгүй. Бид хариуг хүлээж байна. МИАТ-ийн лобби их сайн байх шиг санагдлаа.

Туркиш эйрлайнс компани тусгай үүргийн нислэг үйлдье, үүгээрээ 20 монгол иргэнийг авч ирье, тогтмол хуваарьт нислэг үйлдье гэсэн саналыг л тавьсан. Энд Монголын талаас ямар нэгэн хариу аваагүй. Ер нь “Судалж байна. Ямар нэгэн зөвлөл байгуулна” гэсэн зүйл хэлдэг. Яахав энэ нь нөгөө талаасаа трэнд болсон зүйл л дээ. Учир нь бидний тавьсан маш олон саналд хэдэн жил, хэдэн сараар хариу өгөхгүй байх тохиолдол бий.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *