Categories
мэдээ нийгэм

Ахмадуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарна

Төрийн ордонд чуулсан “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганы үеэр эрүүл мэндийн дэд Сайд Л.Бямбасүрэн Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монгол хүний дундаж наслалт 69.89 хүрч, энэ үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс 5-6 насаар өссөн байна” гэж тэмдэглэсэн юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 эрэгтэйчүүдийнх 66 байгаа буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 9 жилээр урт насалж байна.

Дэд сайд илтгэлдээ “Ахмад настанд үзүүлэх үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн ахмад настны кабинетаар үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт ахмадуудад зориулсан кабинетийг ажиллуулуулснаар эрүүл насжилтыг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, ахмадуудын биеийн тамир спортоор хичээллэх, гериатрийн тусламжийг тэдэнд ойртуулан хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа тогтмол хэрэгжиж байна. Ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Геронтологийн үндэсний төв нь монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээг ахмад настанд үзүүлэх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, сургалт судалгаа явуулах, ахмад настнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр ажиллаж байна. Бид ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, удаан хугацааны тусламж, үйлчилгээний хэлбэрүүд болох хоспис, гэрийн эмчилгээ сувилгаа, сувилахуйн төв байгуулах, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг явуулж байна. Монгол улсын “Ахмадын настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн 5 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх заалт тусгасан. Үүнд: – хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох; – ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох; – хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулахад тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох; – нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох … зэрэг заалтуудыг тусгасаныг эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд нийт хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эрүүл зан үйл, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх замаар өвчлөлийн тархалтыг бууруулж, эрүүл амьдралыг дэмжих асуудлыг дэвшүүлэн, ахмад настны сэргээн засах тусламж, үйлчилгээний хамрагдалт, ахмад настны асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамруулах, ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, идэвхтэй урт наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг тусган ажилласан. Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл насжилт, эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж, хамтрагч талуудын оролцоотойгоор хөтөлбөрийн зорилго зоритуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Уг хөтөлбөрт тусгасаны дагуу – Ахмад настанд зориулан эрүүл мэндийн сургалт явуулах, сургалтанд биеийн тамирын дасгал, хөдөлгөөн, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх тусламжийг өргөнөөр ашиглах, – Ахмад настны хоол, хүнсний тэжээллэг чанарт судалгаа хийж, тэдний нас бие махбодийн онцлогт тохирсон уураг, өөх тос, эрдэс бодис, аминдэм бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, – Геронтологи, гериатрийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх мэргэжил дээшлүүлэх асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, – “Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээнд уламжлалт эм, эмчилгээний аргыг өргөнөөр ашиглах, – Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан эрүүл мэндийн түвшинг тогтоон өвчлөлийг эрт оношлон эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулан өвчлөл, хүндрэл, тахир дутуу болохоос сэргийлэх, – Ахмад настны асуудлаар хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг жил бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, ажиллаж ирлээ. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрууд орон нутгийн онцлогт тохируулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид аймаг, нийслэлийн ахмадын хороо, дүүргүүдийн ахмадын хороо, Монголын ахмадын холбоо, Улаанбаатар Төмөр зам ахмадын холбоо, Зуунтай ахмадын холбоо зэрэг олон төрийн бус байгууллагуудтай хамтран эрүүл, идэвхтэй урт наслах, настанд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, 13 төрлийн, 37 удаагийн сургалт, сурталчилгааны ажилд нийт 2645 настанг хамрууллаа.

“Настанд ээлтэй өрхийн эрүүл мэндийн төв” шалгаруулах ажлыг тогтмолжуулж, жил бүр 2 өрхийн эрүүл мэндийн төвийг “Настанд ээлтэй оны шилдэг өрхийн эрүүл мэндийн төв”-өөр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, шалгарсан байгууллагын туршлагыг сурталчлах, туршлага судлах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

2015-2016 оны хичээлийн жилд настан судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтанд 3 гериатр эмч, 5 гериатр сувилагчийг шинээр бэлтгэсэн. Ахмадын эрүүл мэндийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, бухимдал, зөнөгрөл, сэтгэл гутрал, амиа хорлолтын талаар сургалт сурталчилгааг сайжруулах, ахмадын эрүүл мэндийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, ахмадын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг бид шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг энэ оны нэгдүгээр сард Монгол улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулсан. Эрүүл мэндийн салбарын бодлогын энэхүү баримт бичигт ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих асуудлыг мөн тусгасан. Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандартуудад ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тусгайлан зааж тусган, мөрдөж байна. Хэдийгээр эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны эрүүл мэндийн хамгаалах чиглэлээр чамгүй олон ажлыг хэрэгжүүлж байгаа ч ахмад настны эрүүл мэндийн байдал сайнгүй хэвээр байсаар байгаа нь дараах судалгааны дүнгээс тодорхой байна. “Настан ба эрүүл мэнд” дэд төслийн хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан ахмад настны 85 хувь нь үндсэн болон дагалдах хэд хэдэн өвчтэй байна” хэмээн дурдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *