Categories
мэдээ улс-төр

Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд Ахмадын өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог болон Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонссон юм.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан 62 ахмадтайгаас өнөөдрийн уулзалтад 50 гаруй нь хүрэлцэн ирсэн байна.

УИХ-ын дэд дарга нар болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд Тамгын газар болон ахмадын хорооноос зохион байгуулдаг ажилд идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн саналыг нь сонсож харилцан ярилцлаа.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ренчин энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн арга хэмжээнд ахмадууд идэвхтэй оролцож гэрэл зургийн болон номын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан гэдгийг онцоллоо. Мөн тэрээр УИХ-ын Тамгын газар нь ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг тогтмолжуулж байгаад нийт ахмадуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ахмадуудын баярын мэндийг дэвшүүлээд, байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцсон ахмадуудад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр мөн Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулсан ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хурал болон Тамгын газрын бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.

One reply on “Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *