Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмадын анхны төрөлжсөн эмнэлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянгол дүүрэг өдөрт 100-150 гаруй ахмад настанд үйлчлэх боломжтой төрөлжсөн эмнэлэгтэй боллоо.

Тус эмнэлэг өнөөдөр үүдээ нээж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид оролцлоо.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VI төвийн суурин дээр боссон энэхүү эмнэлэг нь нийт 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 80 гаруй хувийг Баянгол дүүрэг өөрийн нөөцөөс гаргажээ. Тус эмнэлэг нь мэргэшсэн долоон их эмч, 12 сувилагч, долоон туслах ажилтантай, хоногт 100-150 гаруй ахмадад үйлчлэх хүчин чадалтай бөгөөд хэвтэн эмчлүүлэх 60-80 ортой юм байна.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Бидний хийсэн судалгаанаас үзэхэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 51 орчим хувь нь ахмад настнууд байдаг. Мөн дээрээс нь ахмадын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судлаад үзэхэд сэргээн засах, уламжлалт, сэтгэц заслын үйлчилгээг түлхүү авдаг. Энэ бүх боломж, тусламж, үйлчилгээг бид бүрдүүлснээрээ онцлог давуу талтай” гэж ярилаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүрэг ахмадын цогц эмнэлэгтэй болж байгаа нь чухал үйл явдал болж байна. Бид энэхүү эмнэлэгтээ ахмадуудаа хүлээн авч, нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж үйлчилнэ. “Эрүүл дүүрэг болно” гэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдийн нэгдүгээр эмнэлэг мөн эрүүл мэндийн шинэ долдугаар төв ашиглалтанд орлоо. Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд том, жижиг 13 эмнэлэг баригдсан. Мөн есдүгээр сард 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлэг ашиглалтад орно. Ингэснээр хүн амын тоог эмнэлгийн орны тоотой харьцуулбал олон улсын стандартыг хангасан Монгол Улсын анхны жишиг дүүрэг болно ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *