Categories
мэдээ нийгэм

Ахмад байгаль хамгаалагч П.Амар: Зээр маш сонор, сэргэг амьтан. Газрын тосонд хордоно гэж байхгүй DNN.mn

Дорнод аймагт “Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны олборлолтын талбайд олон тооны үхсэн зээрийг булах гэж байна гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр сошиал сүлжээнд тархав. Энэ мэдээллийн мөрөөр Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Дорнод аймагт ажиллаж байгаа талаар Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Б.Бат-Эрдэнэ хариу мэдэгдсэн юм. Ажлын хэсэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, ХХААХҮЯ, Экологийн цагдаагийн газар болон Дорнод аймгийн холбогдох байгууллагууд багтжээ. Уг мэдээллийг анх цахим сүлжээнд АН-ын гишүүн Б.Цэгмид шууд бичлэг хэлбэрээр нийтэлсэн байв. Тэрбээр “Петрочайна дачин тамсаг компанийн олборлолтын талбайд хордож үхсэн олон зуун зээрийг нууцаар булахыг оролдлоо” гэсэн утга бүхий мэдээллийг шууд бичлэгийнхээ үеэр тайлбарлажээ.

Олон зээр нэг дор үхсэн шалтгааны талаар тодорхой хариулт авахаар Дорнод аймгийн Засаг дарга болон хяналтын байгууллагуудтай холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Дорнод аймгийн Цагдаагийн газраас “Олон тооны зээр үхсэн байна гэсэн дуудлага мэдээлэл манай газарт ирсэн. Түүний дагуу цагдаагийн албан хаагчид ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Шалгалтын дүн гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Орон нутагт ямар нөхцөл байдалтай байгаа болон зээр юунаас болж үхсэн талаар тодруулахаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Дорнод аймаг дахь салбарын зөвлөлийн дарга, ахмад байгаль хамгаалагч П.Амартай холбогдон дараах мэдээллийг тодрууллаа.

-Зээр олон тоогоор газрын тосны компанийн олборлолтын талбайд үхсэн шалтгаан тодорхой болсон уу. Та энэ талаар мэдээлэл дуулав уу?

-Ямартаа ч нийслэлээс нэлээд томхон ажлын хэсэг ирээд байгаа юм байна. Байгаль орчны яам болон аймгийн Байгаль орчны газрын хүмүүс, мөн сумын Засаг дарга хамтраад газар дээр нь ажиллаж байгаа гэж дууллаа. Шинжилгээнд дээж авсан. Хариу гараагүй учраас албан ёсны мэдээлэл гараагүй юм байна. Тиймээс зээр ямар учраас олноор үхэв зэрэг нарийн шалтгаан тодорхойгүй байна гэсэн үг.

-Газрын тосонд хордсон байх магадлалтай гэж олон нийт үзэж байна. Таныхаар зээр ийм олон тоогоор хорогдох шалтгаан юу байж болох вэ?

-Би бол Тосонхустайн байгалийн нөөц газарт олон жил ажилласан хүн. Энэ газар бол цагаан зээрийн өлгий нутаг. Тиймээс зээрийг сайн мэднэ. Зээр гэдэг амьтан маш соргог, мэдрэмтгий, сонор сэргэг. 2010 онд манай энд айхтар том зуд болсон. Айлууд малынхаа тал хувийг алдаж байлаа шүү дээ. Тэгэхэд зээр бол тэр зудыг урьдаас мэдэж, аль хэдийнэ нутаг сэлгээд явчихсан байсан учраас хорогдоогүй. Ийм л амьтан. Тиймээс газрын тосонд хордоно гэж байхгүй. Хортой өвс идэх ч үгүй. Бохирдсон, хортой зүйл рүү ойртдоггүй амьтан.

Харин гэнэтийн цаг агаарын үзэгдэлд өртсөн байж болзошгүй. Яагаад гэвэл газрын тосны олборлолтын талбайд айл амьтан, мал сүрэг байхгүй. Тиймээс бэлчээр талхлагдаагүй. Бэлчээр сайтай газарт цагаан зээр олноор бэлчээрлэж байсан байж болно. Тэр үед гэнэтийн хүйтрэл, цасан шуурга тавьж олноор хорогдсон байх боломжтой. НҮБ-аас дээр үед манайд Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг судлах төсөл хэрэгжиж байлаа. Тэр үед АНУ-ын мэргэжилтэн цагаан зээрийг айхтар судалсан. Тэгээд шарагчин хээл авалцвал 99 хувьтай, янзага нь онд орох магадлал 50 хувьтай гэж тооцоолж байсан байдаг. Нэг ёсондоо байгалийн үзэгдэлд их турьхан амьтан. Нэг хүчтэй аадар ороход янзагууд олон тоогоор үхчихсэн байдгийг нэг бус удаа харж байлаа.

-Магадгүй зээрийг хядсан байж болох уу. Шөнө оройн цагаар буудаж хядсан байх магадлалтай гэж зарим хүмүүс ярьж байна лээ?

-Болох л юм.

-“Петрочайна дачин тамсаг” компанийн ажилтнууд үхсэн зээрийг булахыг оролдсон нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд байна шүү дээ?

-Компанийн үйл ажиллагаанаас болж үхээгүй бол булахыг оролдсон нь буруу л даа. Шинжилгээний хариу гарсны дараа бүх зүйл тодорхой болох байх” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *