Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчийг оролцуулан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь “Мансууруулах бодис хэрэглэдэг хүн танина” гэж хариулсан гэнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Таны ирээдүй таны гарт байна. Өнөөдрийн хийсэн сонголт бол таны ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс өсвөр насандаа аль болох хорт зуршлаас сэргийлэх, өөрийгөө болон найзыгаа буруу зүйлд уруу татагдахаас хамгаалж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй. Ирээдүйд хэн болох вэ гэдгийг одооноос маш сайн тунгаан бодож өөртөө бага ч гэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийж, зорилго, тэмүүлэлтэй байж ирээдүйд сөргөөр нөлөөлөх буруу сонголтоос татгалзаж чаддаг байгаарай” гэж захилаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаар сургуулийн 90 гаруй сурагч оролцов.
Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.