Categories
мэдээ нийгэм

АХБ ирэх онд эдийн засаг 3 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүллээ

ahb

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын энэ оны эдийн засгийн ерөнхий төлөв байдал болоод 2018 оны эдийн засгийн ерөнхий прогнозын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд “Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдийн засгийн төлөв байдал нь тогтвортой, хэвийн үргэлжилж байна. АНУ, Япон зэрэг улс орнуудын 2017 болон 2018 оны эдийн засгийн өсөлт нь тогтвортой байх төлөвтэй байгаа. АНУ-ын мөнгөний бодлогын огцом өөрчлөлт нь Азийн бүс нутагт сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй хэмээн үзэж байсан ч Холбооны банкны зүгээс цаашид авч хэлэлцэх арга хэмжээнийхээ талаархи мэдэгдлийг цаг тухайд нь гаргаж байсны үр дүнд зах зээл дээр гарч болзошгүй эрсдлийг бууруулахад нөлөөлсөн.

Азийн хөгжлийн банкны тайланд эдийн засгийн төлвийн талаарх таамаг тооцооллоо танилцуулж, дэвшүүлэхийн зэрэгцээ тодорхой нэг сэдвийг оруулдаг. Энэ жилийн сэдвийн тухайд “Төр хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сэдэв юм. Дэд бүтцийн дутмаг байдлыг шийдвэрлэх чухал асуудал гэдэг утгаар энэ сэдвийг хэлэлцэхээр болж байна. Азийн хөгжлийн банкнаас энэ сэдвийн хүрээнд судалгаа хийсэн байдаг. Манай бүс нутагт дэд бүтцийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг” гэв.

Мөн “Оны эхний хагасаас харахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн нь ноднин жилийн 1.2 хувьтай харьцуулахад үлэмж өсөлт бөгөөд хүчтэй сэргэсний шинж юм. Үүнд экспортын гүйцэтгэл сайн байсан, нүүрсний борлуулалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм.

Эдийн засгийн нийт өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлсэн салбаруудын мэдээллээс харахад, үйлдвэрлэлийн салбар 13 хувь, хэрэглээний салбар 1.6 хувь, экспорт 9.6 хувь, мөн импорт 37 хувиар өссөн нь нөлөөлжээ. Оны эхний хагас жилээр авч үзэхэд төсвийн алдагдал 34.1 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай дүйцэхүйц хэмжээтэй байна. Мөн төсвийн орлого 41.1 хувиар өссөн бол, төсвийн зарлага 9.6 хувиар өссөн үр дүнтэй гарлаа. Оны эхний хагаст нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны түвшинтэй харьцуулахад 69.5 хувиар нэмэгдэж, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байна.

Азийн хөгжлийн банкны гол гол үзүүлэлтэд тулгуурласан Монгол Улсын энэ оны болоод ирэх оны эдийн засгийн ерөнхий төлөв байдалд ямар таамаг дэвшүүлж байгааг хэлэхэд “2017 болон 2018 онд энэ оны эхний хагаст үзүүлсэн гүйцэтгэл сайн байгаа нь цаашид үргэлжилнэ гэж үзэж энэ онд эдийн засаг 4 хувьтай, ирэх онд 3 хувьтай байна гэж харж байна. Инфляци 3.4 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *