Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажлын хэсэг “Монгол зэс” корпорацитай нэг ч удаа уулзаагүй гэв

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” корпораци хууль бусаар 400 сая доллараар худалдан авсан талаар ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд дүгнэлтээ нийтэд танилцуулсан юм.

Тэрээр ХХБ-ыг харилцагчдынхаа мөнгөөр бизнес хийсэн буруутай. Мөн хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн байна. Нэг иргэн нэг л банкинд хувьцаа эзэмших хуультай. Гэтэл ХХБ-ны 93 хувь, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрдэнэбилэг гэж хүн эзэмшиж байна. Тиймээс энэхүү хууль бус асуудлыг шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасан гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Их хурлаар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол өөрөө болон Их хурал хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд шүүх бус төрийн өөрийн оролцох асуудал” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл үүний дараа өнөөдөр 17:00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар:

Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт тавьсан. Гэвч бидэнд боломж олгосонгүй. 49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг өөрийн компанийн зүгээс хүргүүлсэн. Дээр нь нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие ажлын хэсгийн асуултад хариулсан. Бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй. Нэг талыг барьсан байгаад харамсаж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөх бус гэж үзээд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох талаар яригдсан байна. Хэрэв ингэвэл 49 хувь нь ОХУ-руу буцах юм. Хэрэв ийм байдал үүсвэл компанийн зардал, ирээдүйд олох байсан орлогыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх нөхцөл байдал үүсч байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон:

Дүгнэлттэй холбоотой ХХБ зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн дүгнэлт санал дотор ХХБ-ын талаар олон дүгнэлт хийсэн байна. Энэ дүгнэлт нь нэг талыг барьсан, банкны нэр хүндэд ноцтой халдсан гэж үзэж байна. Банк дангаараа 400 сая ам.долларын санхүүжилт хийсэн мэт олголт дүгнэлт өгсөн байна лээ. Ийм зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар “Монгол зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай нийт зээлийн багахан хувийг эзэлж байгаа. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр өгсөн зүйл байхгүй. 49 хувийг худалдан авахад зориулсан эх үүсвэрийн зээл байхгүй. Эцэст нь хэлэхэд банк Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ бол мөнгө угаасан үйлдэл биш. ХХБ Монголбанкны шалгалтад жилд хоёр удаа ордог. Албан ёсны дүгнэлт хийх ёстой байгууллага нь Монголбанк юм.

ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:

Би ямар учиртай энэ хуралд ирсэн бэ гэхээр энэ банкны үүсгэн байгуулагчийн нэг юм. Хоёр удаа тус банкны гүйцэтгэх захиралаар ажилласан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх гэсэн юм. ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Банкны үйл ажиллагаа хэвийн болон хэвийн бус явж байгааг Монгол банк, олон улсын аудитын байгууллага дүгнэдэг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийн цаана манай банкны нэр хүндийг гутаах гэсэн хандлага яваад байна уу гэх хардлага төрж байна. Бид олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон 115 сая ам.долларын төлбөрөө төлсөн. Энэ нь төлбөрийн чадвартай байгаагийн илрэл юм. 49 хувь чинь ОХУ-д байсан хувь. Тэр утгаараа Монгол Улсын хэн ч хохироогүй. Харин энэ үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол нэг талыг барьсан дайралт хийж байна. Түүнд хувийн ашиг сонирхол байна уу гэсэн анхаарал татаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд:

Эрдэнэттэй холбоотой асуудлаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн. Удахгүй бид хэдэн сарын дараа Ерөнхийлөгийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуулийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Хувьчлалаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд “Монгол зэс” корпорац тодорхой хяналт тавьж эхэлсэн. Хувьчлал хийгдэж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. Учир нь ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ наймааг өөртөө ашигтайгаар эргүүлэх сонирхол зарим улс орны аж ахуй нэгжид байгааг үгүйсгэхгүй. Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас товч дүгнэхэд энэ үйлдвэрт бараа шахдаг. Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон байлаа ч хууль зөрчсөн гэдгийг тогтоодог юм биш. УИХ-ын гишүүн бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Үнэхээр хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл хууль шүүхийн байгууллага тогтоогоогүй байхад хууль зөрчсөн гэж ажлын хэсэг дүгнэж байна. Хувьчлалтай холбоотой хохирогч байхгүй. Ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

Б.Мэдрээ: “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу

ХХБ-ны нэр хүндэд ноцтой халдсан гэв


О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *