Categories
мэдээ нийгэм

Ажлын байрны 100 хувь тамхигүй орчин компанит ажил хэрэгжинэ

ДЭМБ-аас ажлын байран дах тамхидалтыг бууруулах зорилгоор “Тамхидалтын эсрэг хувьсгал” сэдэвт компанит ажлын нээлтийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Дархан,Эрдэнэт, Сүхбаатар, Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотын захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ, НЭМҮТ зэрэг байгууллага оролцов.

Манай улсад 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ. Тамхидалт нь сэтгэцийн өвчин. Олон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Эрүүл мэндэд ийм хор нөлөөтэй гэдгийг хүмүүс мэддэг ч татсаар байгаа нь харамсалтай.Тамхины утааны үнэр шингэсэн газар хүүхэд хүрэхэд амьсгалын зам нь цочирддог. Тиймээс тамхигүй ажлын байрны бодлогыг бий болгож, дам тамхидалтаас сэргийлэх нь чухал юм.

ДЭМБийн Халдварт бус өвчний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэгээс энэ талаар тодруулав.

-Тамхинаас үүдэж ямар халдварт өвчинүүд үүсдэг вэ?

-Тамхинаас болж жилд долоон сая хүн амь насаа алддаг. Түүний сая гаруй нь дам тамхидалтанд өртдөг. Тамхи нь дотроо олон бодисуудтай тул хүнд эргээд янз бүрийн байдлаар өвчлүүлдэг. Үүнд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчин. Энэ нь дэлхийд нас баралтын ихэнх хувийг эзэлдэг. Монгол улсад тамхины нөлөө нь зүрх судасны өвчлөлөөр тусах нь элбэг байдаг. 2015 онд тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2000 гаруй хүн нас барсан.

-Тамхинаас гэнэт гарах нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

-Гэнэт гарах нь сөрөг нөлөөгүй эрт хаях тусмаа сайн. Тамхи татсанаас хойш 20 минутын дараа зүрхний цохилт хэвийн болж эхэлдэг. Тамхи татдаг хүн 15 жилийн дараа зүрх судасны өвчний эрсдэл байхгүй болж тамхи татдаггүй хүнтэй ижил болно.

-Ажлын байрны 100 хувь тамхигүй орчин компанит ажил нь ямар давуу талтай вэ?

-Тамхийг хаях хөтөлбөр нь харьцангуй өртөг бага, урт хугацааны туршид санхүүгийн үр өгөөж өгнө. АНУ-ын тамхинаас гаргах хөтөлбөрийн цэвэр ашгийг тооцоолоход ажил олгогчдод ойролцоогоор 4,5 сая доллараар ашиг нь тооцогдсон гэсэн судалгаа бий. Ажлын байранд 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх нь тухайн байгууллагын бизнесийг үр ашигтай болгож, ажилчдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн илүү бүтээлч ажилчдыг бий болгоно. Тамхигүй ажлын байр хүн бүрт ашиг тустай.

-Үйлчилгээний газрууд тамхи татуулахгүй бол үйлчлүүлэгчээ алдах эрсдэлтэй байх?

-Тамхи татахгүй байх нь бизнест нөлөөлдөггүй. Дэлхий даяар тоон судалгаа баримтаар нотлогддог. Үнэн хэрэгтээ зарим үйлдвэрүүд тамхи татахгүй болсоноор борлуулалт нэмэгдсэн.

-Тамхи татах цэг байсан нь дээр үү? Эсвэл 100 хувь тамхигүй орчин байвал дээр үү?

-Тамхины цэг нь ажилчид, үйлчлүүлэгчдийн дам тамхидалтад өртөх орчин юм. 100 хувь тамхигүй орчин бүрдүүлснээр тамхины аюулыг зайлуулж чадна.

-Яагаад агааржуулалттай тамхи татах өрөөг гаргаж болохгүй гэж?

-Хамгийн дэвшилтэт агааржуулалтын систем ч тамхины утаа, түүний эрсдлээс сэргийлэхгүй. Зөвхөн 100 хувь тамхины утаагүй орчин эрүүл мэндийг хамгаална.

Э.АНУЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *