Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сангаас мэдээлэл хийлээ.
Энэ сарын 25-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд, улсын хэмжээнд зээл олгож эхэлснээс хойш банкууд 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1208 зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.
Нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсоныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилбал Улаанбаатар хотын хэмжээнд 246 зээл, орон нутгийн хэмжээнд 962 зээл олгогдсон. Үүний 186 нь ААН-д, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ.Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 407.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 173.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,307 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Мөн 384.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,749 иргэнд 132.0 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Цаашид, Сангийн яамнаас цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэжээ.