11 дүгээр сарын статистик мэдээллээр 28 мянга 300 хүнд 69.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосныг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Цар тахлын жилүүдэд халамжийн чиглэлийн зарцуулалт нэмэгдсэний зэрэгцээ ажиллах хүчний оролцооны түвшин буурсан юм.
Тэтгэмжийн даатгалын сангаас 214.9 мянган хүнд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж хэлбэрээр 145.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Эдгээр зардлыг оруулан тооцсоноор 724.3 мянган хүний тэтгэвэр тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийн буцаан олголтод гурван их наяд төгрөг зарцуулсан байна. Ингэснээр сангийн тэнцэл 742.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байгаа аж.
11 дүгээр статистик мэдээллээр Нийгмийн даатгалын санд 2.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төлөвлөгөө нь 108.8 хувьтай байна.
Нийт орлогын 82.2 хувийг Тэтгэврийн даатгалын сангийн орлого, 8.7 хувийг тэтгэмжийн даатгалын сангийн орлого, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 1.7 хувийг бүрдүүлжээ.
Үүнээс гадна улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сарын 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болоод байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Мөн ирэх онд Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг шинэчилж, цалинг нэмэгдүүлэхээр 2023 оны улсын төсөвт тусгаад байна.
Үүнээс гадна Хүн амын орлогын албан татварын тухай хуулиар цалингийн орлого нь сарын 10 сая төгрөгөөр дээш иргэдэд 15 болон 20 хувийн шаталсан татвар ногдуулахаар болж байна. Дундаж тооцоогоор сард 15 сая төгрөгийн цалингийн орлоготой иргэний сард төлөх татвар 250 мянган төгрөгөөр, 20 сая буюу түүнээс дээш цалинтай иргэнийх 750 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Сангийн яам мэдээллээ.
Судалгаагаар сарын 10-аас дээш сая төгрөгийн орлоготой банк, санхүү, уул уурхайн салбарын 1300 гаруй удирдах албан тушаалтан байгаагаас гадна гадаадын мэргэжилтнүүд мөн багтаж байна.