Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар улс хооронд автотээврээр тээвэрлэсэн 13.2 сая тонн ачааны 11.8 мянган тонныг нь нүүрс тээвэрлэлт эзэлж байгаа судалгаа бий. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг харж болно.
Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг 2016 оны найман сарын байдлаар авч үзвэл нүүрс 11854.6 мянган тонн, газрын тос 696.2 мянган тонн, зэсийн баяжмал 644.3 мянган тонн, төмрийн хүдэр 12.9 мянган тонн тус тус экспортолжээ.
Цаашид нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар улс хоорондын 10 чиглэлд байнгын ачаа тээвэрлэлтийг 130 аж ахуйн нэгж, байгууллага, 4200 гаруй тээврийн хэрэгсэл 4552 жолооч тээвэрлэлт гүйцэтгэдэг.
Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарт улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарт дутагдалтай байгаа мэргэшсэн жолоочийн ажлын байранд ажил хайж буй иргэдийг хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангагдах боломжтой болж байгаа юм.
Одоогийн байдлаар улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй 37 аж ахуйн нэгж байгууллагаас 460 гаруй жолооч шаардлагатай байгаа талаарх судалгааг Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн талаар албаныхан хэлж байна.
Автотээврийн тухай хуульд зааснаар тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар заасан бөгөөд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх шаардлага тавьдаг аж. Статистикийн мэдээгээр 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт салбаруудын сарын дундаж цалин 888 мянган төгрөг байгаа бол мэргэшсэн жолоочийн дундаж цалин 1.2 сая орчим байхаар ажлын байрны захиалга ирүүлжээ. Мөн улирлын ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131300 байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 39400 ажил хайгч иргэд бий. Эдгээрийн 46 орчим хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 60.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.