Categories
мэдээ цаг-үе

Ажиагэгээн: Хүмүүс хүлээлт, горьдлого ихтэй болчихсноос гомдол гардаг

АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо байх “Бурхан Шашинтны Соёлын төв”-ийн тэргүүн Ажиа гэгээнийг Японд түр ирээд байхад нь ярилцлаа. “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн төв” ТББ-ын тэргүүн тэрбээр Хөх нуурын Гүмбүм хийдийн Ажиа Гэгээний наймдугаар дүрээр тодорсон монгол хүн юм. Ажиа гэгээнтний санаачилснаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн дэргэд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан Цусны эмгэг, Хавдрын эмнэлгийг энэрэнгүй сэтгэлт олон хүмүүсийн хандиваар бүтээн босгосон билээ.


-Америкт өнгөрсөн есдүгээр сард нэлээн томоохон үйл ажиллагаа болжээ?

-Америкт Дээрхийн гэгээнтэн Далай багшийн төрсөн ах Норов Ринбүчигийн үүсгэн байгуулсан “Бурхан Шашинтны Соёлын төв”-ийн 40 жилийн ой болсон юм. 2006 оноос би сууж эхэлсэн л дээ. Гүмбүм хийдийн лам нар болон монголчууддаа зориулж үйл ажиллагаа явуулдаг болсноос хойш Америк дахь монголчууд их ирэх болсон.

-Та өглөө юу бодож сэрдэг вэ?

-Үүрийн дөрвөн цаг хагаст босдог. Өглөө сэрэхдээ эрүүл саруул боссондоо баярлаж байнаа гэж боддог. Бурхандаа мөргөчихөөд, бясалгал хийгээд ном уншдаг юм. Оточ Манал бурхны номыг өглөө бүр уншдаг. Олон нийт, ард түмнээ бодно. Өвчин зовлонгоор шаналж байгаа, үр хүүхэд, хань ижилтэй болъё гэсэн хүн болгоны төлөө бодож, залбирч, ном уншдаг. Өглөө бүр гадаа гарч алхдаг.

-Шинжлэх ухаанаар бол Бурхан байхгүй гээд байдаг даа…

-Бурхан байгаа шүү дээ. Шинжлэх ухаанаар ч гэсэн бурхан байхгүй гэж арай хэлээгүй байхаа. Нүдэнд харагдсан, судалгаа хийгээд гаргаснаар байгаа гэж нотлох гээд байна. Тэгэхдээ харсангүй, үзсэнгүй гээд үгүйсгэх биш юм. Миний байнга боддог юм гэвэл нүдэнд харсныг байна гээд нүдэнд харагдаагүйг байхгүй гэж хэлбэл бидний санаа сэтгэл уужим биш болно. Итгэл гээч юм бий. Нэг юманд итгэж, нэг юм бодож, хүн итгэлээрээ явж байгаа. Шашин шүтдэг хүмүүс бурхан тэнгэр байна, муу, сайн, там байна гэдгийг мэдэж байгаа. Учир нь өөрийн итгэлээр явж байгаа зүйл юм. Шинжлэх ухааны хүмүүс итгэхгүй, байхгүй гэж хэлээд байгаа гэж би бодохгүй байна. Жишээлбэл, өнөөдрийг бид мэдэж байна. Амьдарч байна. Харин маргаашийг байна гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Ямар ч мундаг шинжлэх ухааны эрдэмтэн байсан ч тэр хүн маргаашийг үзээгүй байна. Харин маргааш байгаа гэсэн итгэлээр хүмүүс амьдардаг. Үүнтэй адил зөвхөн нүдэнд харагдсан зүйлдээ итгээд бусдыг нь үгүйсгэх гээд байхдаа гол нь биш. Бурхан байгаа гэж би бодож байна. Гэгээрсэн хүнийг бурхан гэж дууддаг. Зовлон, жаргал хоёрын жаргалыг бид хүсдэг. Зовлонг нэг ч хүн хүсэхгүй. Зовлонгоос яаж гарч, жаргалыг яавал олох вэ гэж бид дандаа буруугаар хүлээж авдаг. Бид жаргалыг хүсч байна гээд зовлон эрээд суудаг. Зовлонгоос гарах гээд өдөржин зовлон дээр суугаад байдаг. Бурхан гэж юуг хэлж байна гэхээр “Зовлонгоос яаж гарах вэ, яавал жаргалын учрыг олоод, судалсан хүнийг гэгээрсэн хүн” гэдэг. Яаж зовлонгоос гарч, жаргалтай болох вэ гэдгийг л бурхан зааж сургаад байгаа юм. Шашин бүгд адил. Ном унших, мөргөх, дээж өргөх нь, бурхан шашны нэг ёс жаяг, журам байгаа. Бурхан шашин, сүм, лам гэсэн төдийхөн ойлголт биш л дээ. Ямар ч хүн бурхан болж болно.

-Сүүлийн үед дэлхий даяар “Mindfulness”буюу бясалгал их дэлгэрч байна. Том том бизнесийн байгууллага, компаниуд завсарлагаараа хийдэг болсон гэлээ. Үүнийг энгийн үгээр хэрхэн тайлбарлавал зохилтой вэ?

-Энэ нь хоёр янз бий. Mind­fulness буюу Майндфулнесс төвдөөр Жямбаа, Lordness буюу лорднесс төвдөөр Шийжин гэж хоёр бясалгалын арга бий. Хүний сэтгэлийг нарийнаар судлавал нэг биш олон байгаа. Нэг нь болбол “за, би цай ууя” гэсэн хүсэл бодол цай хаанаас авах вэ? Одоо уухгүй бол хүйтэн болчихлоо гэдэг ч юмуу сэтгэл, нэг юмыг бодож санаж суухыг майндфулнесс гэнэ. Бодож байсан юм өөр зүг рүү халирвал эргүүлж аваачдаг, сэтгэлийг хянахыг лорднесс гэдэг. Энэ хоёр хамт зэрэгцээд явах ёстой. Хүн бясалгал хийх гээд суугаад бодно. Завилж суугаад сайхан бясалгах гэхээр сэтгэл төөрөөд, өөр юм бодоод эхэлдэг. Төвлөрч сууж чадахгүй байгаагийн учир нь юу вэ? Хүнд сэтгэл санаа байгаа. Сэтгэл нь нүдгүй сохор.

Хүний таван мэдрэхүй сэтгэлд мэдээлэл өгч байна. Нүдээр харж, чихээр сонсох гэх мэт таван янзын хаалгаар мэдээлэл хүний сэтгэл рүү орно. Тэгээд сэтгэл оношилно. Хараад энэ ямар гоё юм бэ гэж бодно. Нүдээрээ хараад ямар өнгөтэйг ялгаж мэднэ. Нүд бол сайн мууг мэдэхгүй зүгээр харснаа сэтгэлд мэдээлнэ. Сэтгэл гоё сайхныг хэлж өгнө. Бясалгал хийхдээ нүдээ анихын учир нь энэ юм. Битгий хар, чихээр бас сонсчих нь л доо. Сэтгэлийн сайхан майндфулнесс дээр дүгнэлтийг битгий хий гэсэн үг юм. Бид унтах боллоо. Таны сэтгэл үхсэн биш, унтаж байгаа. Таны таван мэдрэхүйг хаачихсан байгаа. Мэдээлэл ирсэн ч харилцахгүй гэсэн үг. Бясалгал бас яг адилхан. Таван мэдрэхүйн мэдээллээ хаагаад сэтгэлээ амар амгаланд суулга гэдэг. Сууж байна уу, үгүй юу гэдэг нь майндфулнесс юм. Сууж байна, ямарваа нэгэн юмс үзэгдлийг дүгнэж болохгүй гэж хянаж байгааг лорднесс гэж байгаа юм. Майндфулнесс, лорднесс хоёр зэрэг оршин байж бясалгал болох юм байна. Бясалгалыг медитэйшн гэж хэлдэг. Үүнийг аналатик /задлах, дүгнэх/ болон сингл майндэд /нэгэн үзүүрт сэтгэлээр/ медитэйшн гэж хоёр ангилдаг. Аналатик медитэйшн гэдэг нь нэг юм уншлаа гэж бодъё. Хамаг санаа сэтгэл түүн дээр төвлөрнө. Бусдыг анзаарах сөхөөгүй сууна. Зөвхөн номын тарниа л бодно. Дахин дахин номоо уншаад л сууна. Сэтгэл хөдлөл байна. Жаахан дасгал хийж байгаад сингл майндэд медитэйшн рүү орно. Бараг унтаж байгаагаас ялгаагүй болно. Сэтгэл хөдлөл байхгүй болно. Сайхан тайван унтаж чадахгүй бол зүүдэнд зөндөө юм орж ирнэ. Ийм үед санаа сэтгэл сайн амарч чадахгүй. Заримдаа бид нам унтдаг. Таван мэдрэмжийн хаалгыг бүрмөсөн хаагаад нам суухад ямар ч мэдээлэл ирсэн харилцахгүй сууж бясалгах л чухал байгаа юм даа.

-Өнөөгийн нийгэм маш их стресс, сэтгэлийн ядаргаанд өртөх нь ихэсч байгаа тул сэтгэл зүйчид бясалгал хийж, сэтгэлээ амрааж бай гэж зөвлөх болсон. Хамгийн амархан бөгөөд үр өгөөжтэй бясалгал гэвэл аль нь байх вэ?

-Би түрүүн хэлсэн дээ. Аналитик, сингл майндэд бясалгал хоёрыг нэг их удаан хийх хэрэггүй. Өдөрт 15 минут хийнэ. Их уртдаа 30 минут хийхэд л болно. Эхлээд дүгнэх бясалгал хийгээд нэг юман дээр төвлөрч бодоод хийхийг аналитик бясалгал гэж байгаа юм. Бурхан шашны хүн бол нэг тарни унших юмуу ном уншина. Дасчихсан, цээжилсэн номоо уншаад сууна. Өөр юм бодохгүйгээр зөвхөн номын утгаа бодоод л түүнд төвлөрөөд сууна гэсэн үг. Ингэснийхээ дараа нэгэн үзүүрт сэтгэлийн бясалгал хийнэ. Юу ч бодохгүйгээр бясалган суух нь жаахан хэцүү ч аяндаа сурчихдаг юм. Бие дотроос сэтгэл гаран явах шиг болдог. Нүдээ аниад сэтгэлээ анирдан суух гэхлээр сэтгэл суухгүй гараад явчихна. Дуу чимээ гарвал юу байна, хэн бэ гэж бодно. Гадны ямарваа нэгэн зүйлтэй харилцахгүйгээр, хариу өгөхгүйгээр сэтгэлээ барин сууна гэдэг чухал юм. Зөв сайхан бясалгаад сурчихвал бие эрүүл мэндэд сайн. Толгой амарч, сэргэлэн цовоо болдог.

-Сүүлийн үед хүмүүс их өвдөж, цаг бусаар үрэгдэж байна. Учир шалтгаан нь олон байгаа л даа. Амьдрахын учир утга учрын талаар дутуу ойлголттой хүмүүс их болчихсон юм шиг санагдах юм. Амьдралын утга учир юунд оршдог юм бэ?

-Хүн болгоны амьдралын зорилго өөр өөр байх. Бизнесийн хүн мөнгө олъё гэж бодно. Зохиолч хүн нэг эрдэм сурчихаад зохиолоо бичье гэнэ. Бурхан шашны үүднээс хэлэх юм бол хүн төрснөөс нас барах хүртэл 70-аад жил сууна гэж бодъё. Энэ хугацаанд хүүхэд насаа өнгөрөөгөөд залуу насандаа амьдрах аргаа бодно. Тэгээд насан өндөр болоод эргэн харах байх. Хүний амьдралын идэвхтэй үе байсан 40 жилийн дотор юу хийж амьдарав аа гэж бодох нь чухал юм. Утга учиртай болгох гэдгийг амьдралын төлөө тэмцэх гэж хэлж болох юм. Та өөрийн биеэ хайрладаг уу. Хайрлана. Өглөө босоод бодно. Биеийн зовиур байвал эмчид очно. Ханиад хүрвэл эм ууна. Хоол ундаа бодно. Энэ бүгд өөрийн төлөө хийж байгаа. Өдөрт хүн өөрийн төлөө 100 удаа бодлоо гэж бодъё. Хүний төлөө бас бодсон л байгаа. Таван удаа хүний төлөө гэж боджээ. Энэ бол буян юм. Тэгэхээр хүний төлөөх бодлоо ихэсгээд амьдарч явах гэсэн үг. Өөрийн төлөөх бодлоо багасгаад, хүний төлөө бодлоо ихэсгээд байвал тэр амьдралын утга учир үнэ цэнэтэй болох юм. Хүний болоод олон нийтийн сайн сайхны төлөө сэтгэлээрээ үйлсийг нь даган баясч явбал сэтгэл хичнээн сайхан, тайван амгалан байх билээ. Өвчин зовлонгоос ч салаад сайхан болно. Зуун хувь хүний төлөө бодоод нэг ч бодлыг өөрийн төлөө бус болгочихвол тэр хүн гэгээрлээ гэсэн үг. Түүнийг бодь садваа гэж дууддаг. Адиша багш хэлсэн байгаа. Та аз жаргалтай сайхан байна уу. Эрүүл саруул сайхан амьдарч байна уу. Би сайхан байна. Хүмүүс намайг хүндлээд их сайхан байна гэж бодно. Таны урьд насны дүр их сайн зүйл хийж байжээ. Тэгээд та сайн байна гэжээ. Харин ирээдүйд ямар байх нь таны гарт байнаа. Таны зовох жаргах тань таны үйлээс л хамаарна. Жаргая гэвэл сайн үйл л хий. Зовъё гэвэл муу юм л хийгээд бай гэсэн үг. Монголчууд мэргэлүүлж, хүнд харуулах, зам засуулах их дуртай. Тэр нэг хүн хараал хийж, номоор засаад өгнө үү гэдэг. Харин Адиша багш хүнээс битгий асуу гэдэг. Таны бие гарт тань бий. Өөрийн зам мөрөө засаж, сайн үйлийг эрхэмлэн явах нь хамгийн чухал юм.

-Сайн явах санааных, сайхан явах заяаных гэдэг. Заяаных уу, санааных уу?

-Заяа сайтай хүн байлгүй яахав. Өөрийн тарьсан үндэс байгаа. Ямар ч хүнд заяа байгаа. Зөв явбал заяа сайхан явнаа гэсэн үг.

-Хайр гэдгийг та юу гэж боддог вэ?

-Бурхны шашинд хоёр янзаар хэлдэг. Нэг бол хайр нөгөө бол оюун ухаан. Өөрийн төлөө бодож байгаа өөрийгөө хайрлах нь зөв. Ондоо хүнтэй хуваалцаж, өөр хүнийг бодох юм бол хайр болно. Хайр хоёр янз. Нэг бол шунал шингэдэг хайр. Нөгөө бол нинжин сэтгэл. Энэрэл нигүүлсэл энгийн хайраас огт өөр юм. Хайрыг love гэж байна. Хайрлаад нэг юм боддог. Энэ хүнд тус хүргэчихвэл гэж хайрлаж байвал цэвэр хайр биш юм. Энэ хүн эргээд яаж намайг хайрлах бол гээд хүлээгээд сууж байдаг. Тус хүргэсэн хүн баярлалаа гэж хэлбэл би баярлана. Хэлэхгүй, тоохгүй өнгөрвөл гомдоно, сэтгэлээр унана. Тэр хүнээ өөр нэг хүнд очиж муулна, уурлана. Тэгээд харилцаагаа тасална. Энэ бол энэрэл нигүүлслийн хайр биш. Хүн яаж ч чамд харгис муухай хандсан ч та түүнийг хайрлаж чадаж байвал жинхэнэ хайр буюу энэрэл нигүүлслийн их хайр болно. Энэ их хэцүү л дээ.

-Хүн хичнээн хайрласан ч хайр даадаггүй, урдаас загнаж, доромжлох ч юмуу үл ойшоогоод байхад түүнийг давж хайрлана гэдэг их хэцүү шүү дээ. Толгойдоо энэрэл нигүүлслийн их хайраар байх ёстой гэдгийг ойлгоод байгаа. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Нинжин сэтгэл, энэрэн нигүүлсэхээсээ өмнө сэтгэлээ тэгшитгэх ёстой гэдэг. Төвдөөр дамнён гэдэг. Бидний сэтгэл дандаа эрх тэгш байдаггүй. Ойр дотны хүмүүст минь тэр нэг хүн сайн зүйл хийчихвэл би түүнийг сайн хүн гэж бодно. Харин миний дургүй хүнд сайн зүйл хийчихвэл дүргүйцнэ. Тэр хүний сэтгэл дотор эрх тэгш байж чадахгүй байна. Сэтгэл нэг тэгш байх ёстой уг нь. Миний хайртай хүн муу юм хийсэн ч сайн гэж бодоод миний дургүй хүн сайн зүйл хийсэн ч түүнийг муу гэж бодоод байвал тэр хүний сэтгэл нэг тэгш байж чадахгүй. Ингэж чадвал энэрэл нигүүлслийн түвшинд хүрч чадна.

-Хүмүүс бие биенээ хайхарч хайрласангүй гээд л их гомдоллодог шүү дээ. Гомдол юунаас гардаг юм бэ?

-Ер нь хүмүүс маш их хүлээлт, горьдлого ихтэй болчихсноос гомдол гардаг.

-Муу, сайн энергитэй хүн гэж их ярих болжээ. Үнэхээр муу сайн энерги гэж байх уу?

-Муу хүн гэж байхгүй дээ. Сайн хүн ч гэж байхгүй. Бүх хүн адилхан. Хүнд муу, сайн энерги гэж байхгүй. Буруу юм хийж байвал муу хүн. Зөв юм хийж байвал сайн хүн. Мэдлэг дутуу л гэж байх болов уу.

Монгол хүн бүх зүйлийг ламд үзүүлж харуулж, даатгуулах дуртай байдаг. Сайн муу өдөр гэхээсээ илүү тухайн хүн ямаршуухан сэтгэлээр тэрхүү өдрийг өнгөрөөж ямар байлгах нь тэр хүнээс л шалтгаална.

-“Цагийг бэлгэдэгч наран чөлөө” гэж яагаад та номоо нэрлэсэн юм бэ?

-Цаг хугацааны нэгээхэн хэсэгт би нэлээн зовлон үзсэн. Гэхдээ зовлонг зовлон гээд бодоод байж болохгүй. Зовлонг үзэх үзэлд сонголт байдаг. Сонголт байвал муу хэцүү, их зовжээ гэж бодно. Сонголт байхгүй гэвэл та зүгээр л хүлээн зөвшөөрөөд даван туулна. Миний туулж өнгөрүүлсэн тэр он цагуудад ямар ч сонголт байгаагүй. Тиймээс санаа сэтгэлээ тайвшруулах арга хайна даа. Тэгээд л тийнхүү номоо нэрлэсэн юм.

-“Өдөр бүр хурал номд суухаас гадна чөлөөт цаг их байлаа. Нэг өдөр нуугдаж тоглож байгаад олон төрлийн өнгөтэй шингэн агуулсан янз бүрийн хэмжээтэй лонх оллоо. Хэтэрхий их тоглосноос болоод хөлөрч, хоолой хатан, ам цангаж байна гэж жигтэй. Нөгөө шилтэй шингэнийг хараад цангасандаа тэвчиж чадалгүй уухаар завдаж, өрсөн авахаар булаацалдаж байгаад асгаж орхисон чинь хоромхон зуур орхимжны нэг хэсэг үнсэнд будагдах мэт өнгө нь хувирав. Нэг нь нүүрэнд хүрчихлээ, хорсч байна… битгий уу гэж хэлэв. Бид айгаад лонхнуудыг бушуухан байранд нь тавилаа. Хожим мэдэхнээ Няндаг Гэгээний зураг угаадаг хор байжээ. Сахиус минь биднийг аварчээ. Сахиусны үүрэг бол аюул, ослоос аврахад оршдог” гэж номон дээр гардаг. Хүн болгон сахиустай байдаг уу?

-Сахиустай гэж бодож байна. Хүний амьдралд хоёр зүйл ээлжлэн байдаг нь саад барцад, хувь заяа. Энэ нь амьдралд яаж ирэхийг хэн ч мэдэхгүй. Зугатаах арга ч байхгүй. Гэгээрсэн хүн л мэдэж магадгүй. Одоо гадаа гараад авто машины осолд орох уу, үгүй юу хэн ч мэдэхгүй. Гагцхүү хүний санаа сэтгэл зөв байна уу үгүй юу л гэдэг маш чухал. Бурхан сахиус зөв замаар дагуулж байгаа юм шүү гэж дандаа багш минь хэлдэг байсан. Гэгээрлийн зөв замаар явж байгаа хүнд сахиусан тэнгэр дагаж л яваа. Хаа нэгтэйгээс чамд туслах хүн заавал гарч ирнэ. Халх монголчууд сахиус гэж хэлдэг бол манай дээд монголчууд зангиа гэж хэлдэг. Бурхан сахиусны хүч орсон энэ зангиаг зүүх гэж ярьдаг юм.

Манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *