Ажиа гэгээн Лувсантүвдантай ярилцлаа.
-Таныг ахмадын төвөө нээхээр ирсэн гэж дууллаа?
-Тийм тийм. Энэ удаад Монголд хоёр гол зорилготой ирлээ. Нэгдүгээрт, оюутны тэтгэлэг. Өнөө жил дөрөв дэх жилдээ оюутнуудад тэтгэлэг олголоо. Тэтгэлэг авч буй оюутнуудтай анх удаа уулзлаа. Тэр ажил их сайхан боллоо. Бид жилдээ 10 хүүхдэд тэтгэлэг олгодог. Дөрвөн жилд 40 хүүхэд гэсэн үг шүү дээ. Энэ жил нэмэгдээд бараг 60 гаруй хүүхэд болсон. Тэтгэлэгт ямар хүүхдүүдийг авах вэ гэдэг дээр 10 хүнээс бүрдсэн баг ажилласан. Багш, мэргэжлийн, туршлагатай хүмүүс тэр багт орсон. Тэгтэл ийм том буяны ажил болж байгаа гэдгийг дуулсан сайхан сэтгэлтэй хүмүүс “Тэгвэл би ч хандив өгье, өргөе” гэж 12 хүүхдийн хандив бүрдүүлж, нийт 62 хүүхэдтэй боллоо. Энэ ажил их бүтэмжтэй байгаа. Хоёрдугаарт, Яармагт нэг газар байсан. Газар дээр нь юм барих хэрэгтэй гээд анх эмнэлэг барья гэж төсөөлж байсан юм. Гэвч эмнэлэг бариагүй. Эмнэлгээ ЭХЭМҮТ-ийн хашаанд барьчихсан шүү дээ. Тэгээд тэр газартаа сургууль барья гэж бодож байсан. Сургууль барих туршлагагүй, сургуулийн ажил бүр хүнд учир чадахгүй юм байна гэж бодсон. Газар нь хоосон байгаад л байсан. Тэр газарт юу барих вэ гээд Ахмадын төв барья гэж шийдсэн. Хоёр, гурван жилийн өмнөөс барилгын ажил нь эхлээд одоо дуусч л байна. Энэ сарын 27-нд нээлтийг нь хийнэ. Энэ хагас сайн өдөр шүү дээ.
-Асрамжийн төв, Ахмадын хөгжлийн төв, ахмадын сувилал…гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Яг ямар чигтэй үйл ажиллагаа явуулдаг газар байх юм?
-Настай хүмүүсийн асрамжийн газар байх уу, сувиллын газар байх уу гэж асуудаг. Тийм байж болно. Гэвч тийм биш л дээ. Тэтгэвэрт гарсан 60 настай, 70 арай хүрээгүй хүмүүс гэртээ их ганцаарддаг. Тийм хүмүүсийг цуглуулаад өдөр өнжүүлье. Тоглож наадаад, бүжиглээд өдрийг зүгээр өнжиж өнгөрөөх биш ямар мэргэжилтэй хүн байна. За жишээ нь, эмч мэргэжилтэй хүн байлаа гэхэд эмч нарын баг байгуулна. Урлагийнхнаар нэг баг. Багш нараар нэг бүлэг баг болгоод “Та нар насаараа энэ мэргэжлээр ажиллалаа, туршлага юу байна вэ, юу хиймээр байна, юу хийх дутуу вэ” гээд тэдгээр хүмүүсийн туршлага, эрдмийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэж, төсөл гаргаад түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг, зөвлөлддөг, бусдад тус болдог тийм төв болгоё гэж бодсон. Гэхдээ одоогоор яг ийм чиглэлтэй гэж тогтсон зүйл алга. Барууны орнуудад ахмадын ийм төв олон. Японд бий. Монголд байгаа ч олон биш бололтой. Сайн судалж, туршлагатай болж анхнаас нь найдвартай юм хийхгүй бол хүмүүс ойлгохгүй, нөгөө талдаа буруу юм хийчих болов уу гэсэн болгоомжлол байна. Гэхдээ сайхан болж л байна.
-Ахмадын төвд зарим хэрэгтэй юмнууд нь дутуу учраас хандивын зоог барих үйл ажиллагаатай гэсэн. Энэ зоогт оролцсоноор хүмүүст буян хураах боломжийг олгож өгч байна гэж ойлгож болох уу. Энэ ярилцлагыг уншсан нэг ч болтугай хүн тэр хандивын зоогийг баривал буян юм даа?
-Маш их баярлалаа. Их сайхан тус хүргэж байна. 27, 28-нд арга хэмжээнүүдтэй. 27-нд нээлт хийнэ. Нээлтэд хүмүүс ирээд хандив өргөх байх. Төвийн зарим засвар дуусаагүй. Шаардлагатай мөнгөн дүн, тооцоог нь гаргаж байгаа. Үйл ажиллагааг нь яаж тасралтгүй явуулах вэ гэдэг дээр бас л мөнгө яригдана. Дандаа мөнгөний асуудал л даа. Тийм болохоор хандив цуглуулах хэрэгтэй байна. 27-ны орой хандив цуглуулах зоог барья гэж төлөвлөсөн. Япон, Америкт байгаа монголчууд маань энэ хандивт оролцъё, энд байгаа ойр дотны хүмүүс, найз нөхөд, аав ээжийгээ оруулцуулъя гэж байгаа. Энд байгаа монголчууд маань ч уг зоогт оролцож болно. Зоогийн үеэр 300 мянган төгрөгийн хандив цуглуулъя гэж бодож байгаа. Зоогоо энд (ЭХЭМҮТ-ийн хашаан дахь Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлгийн зүүн талын байрыг хэлэв.сурв), энэ төвдөө барина. Анх зоогоо хаана хийх вэ гээд нэг битүү газар сонготол их тансаг, мундаг юм. Гэвч их үнэтэй. Хоол зоог нь их үнэтэй. Тэнд зоог барина гэхээр хандивын мөнгөний талыг нь өгөхөөр юм билээ. Тэгэхээр эндээ жирийн зоог барьж, уртын дуу, морин хуураа сонсоод хандиваа цуглуулж хандивын зоогоо барья аа гэж бодсон. Энэ зоогийг барих хүн байвал их буян болно, сайхан болно оо.
-Монголчуудын мэддэг, таньдаг лам хувраг, гэгээнтнүүд дундаас таныг хамгийн өндөр рейтингтэй нь гэж хэлж болохоор?
-(Инээв).
-Яагаад вэ гэхээр, та дандаа сайн үйлс хийдэг. Хийсэн үйл бүхэн нь бодитоор харагддаг.
-Тийм тийм.
-Нөгөө талдаа монголчууд лам нарыг дагаж, даган баясаж буян үйлдэх сонирхол их байдаг юм шиг ээ. Нэг үгээр лам нарт итгэдэг. Таныг ямар нэгэн сайн үйлс хийхэд сүсэгтнүүд маш ихээр даган баясдаг. Ямарваа сайн үйлсэд даган баясахын ач тус юу вэ?
-Би үүнийг дандаа ярьдаг. Өмнө нь бас хэлсэн шүү дээ. Суварга барих уу, сургууль барих уу гэж. Би ингэж хэлсэн. Суварга барих, сургууль барихын буян адилхаан. Аль нь ч болов буян. Би өөрөө Бурханы шашин шүтдэг хүн. Бурхан шашины сүсэг, сэтгэл байж байж бурхан, суварга босгож болно. Тэр их сайн. Би өөрөө энэ хоёроос алийг нь сонгох вэ гэхээр тухайн үедээ сургуулийг сонгоно оо гэж бодсон. Сургууль барилаа гэхэд хүүхдэд, ард түмэнд тус нь шууд хүрч байдаг. Суварга барилаа гэхэд буян нь хүрнэ. Энэ, хойд нас гэж бий. Энэ насанд буян болдоггүй юм бол хойд насанд буян болно. Урд насанд буян хийснээс ийм завшаан гарсан гэж бас бодож болно. Сургуулийг босгоход их хэцүү. Босгосны дараа олон нийт тэрэн дотор даган баясаад, баярладаг. Суваргыг барьж болно. Аав, ээж нас барлаа. Алтан хайрцгийг нь нээлгэхэд “Нутагт нь суварга барьж буян үйлд” гэдэг. Нутаг нь бүр хол, эзгүй газар. Тэнд нь суварга босгохоор маш их зардал гарна. За яахав суваргаа бариуллаа. Суварга барьсны дараа тэрүүгээр хэн ч явахгүй, үр хүүхдүүд нь ч байнга очиж чадахгүй. Аав, ээжийн дурсгалд зориулж суварга босголоо л гэдэг. Тэр суваргаа байнга арчилж, тордохгүй, харж хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа эвдэрч нурж эхэлнэ. Эзэнгүй газарт ингээд орхичихоор харамсалтай байдаг байхгүй юу. Харин сургууль ч юм уу, эмнэлэг барьчихсан байхад нурна, эвдэрнэ гэх юм байхгүй. Сайхан менежмэнтийг нь л хийхгүй бол дампуурах аюултайгаас бус өөр бэрхшээл байхгүй. Цусны хавдартай хүүхдийн энэ эмнэлгийг хар л даа (Гараараа заав.сурв). Би зөндөө баяртай байгаа. Өвчтэй хүүхэд байна гэж хааяа дуудахаар нь очиж ном уншдаг юм. Дутуу төрсөн хүүхдийн инкубатортой. Тэнд жилд 1000 хүүхэд ирдэг. Би бүр их баяртай. Нэг жилд мянган хүүхдэд тус болж байна гэдэг том буян шүү дээ. Юу ч хийсэн адил. Суварга барьсан ч, бурхан барьсан ч, эмнэлэг барьсан ч буян. Суварга, бурхан бариулсан хүмүүсийг би даган баясдаг. Бурханы шашин шүтдэг хүмүүс олон нийт, ард түмэнд тус хүргэх юм их хийж байгаа шүү гэдгийг мэдэх хэрэгтэй.
-Буян үйлдэхийг сургууль, эмнэлэг барихаар л төсөөлж “За даа, би ч буян хийж барамгүй юм байна” гэж эндүүрэх хүн байж магад. Гэтэл бие, хэл, сэтгэлээр буян үйлдэл боломж бий. Өглөө хүнтэй сайхан мэндлэх, хүнд сайхан үг хэлэх хүртэл буян болно гэдэг шүү дээ. Энгийнээр хэрхэн буян хурааж болдог талаар та хүмүүст зөвлөвөл?
-Та сая хэллээ, бие, хэл сэтгэл гурав гэж. Биеэр юу ч юм хийж болно. Барилга барьдаг ч юм уу, ажил хийдэг ч юм уу, эсвэл нэг өдөр сайн дурын ажил хийх ч юм уу.
Хэлээр буян үйлдэж болно. Ном унших ч юм уу, шүлэг унших, хичээл заах ч юм уу. Бие, хэлээр ингэж буян үйлдэхийн гол үндэс нь сэтгэл байдаг. Сэтгэл сайхан тэгш, цагаан сэтгэлтэй, сайн сэтгэлтэй, хайрын нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно. Өөрийн үр хүүхдээ дандаа магтаад суухгүй шүү дээ. Зарим нь загнана, зарим нь сүр үзүүлнэ шүү дээ. Тэр үед үр хүүхэд нь аав ээждээ уурладаггүй. Хожим нь буяныг нь бодоод “Бид багадаа ингэж өссөн, тэгж өссөн. Би аав ээжийнхээ тэр л хатуу үгээр өдий зэрэгтэй хүн боллоо” гэж дандаа боддог. Яагаад тэгдэг вэ гэхээр сэтгэл нь үр хүүхдэдээ хайртай байсан гэсэн үг байхгүй юу. Хайртай, сайхан, зөв, нинжин сэтгэлтэй байвал юуг ч хийвэл буян болно оо гэж боддог. Буяны ажил хийж байна гэхээр ном уншуулах, эсвэл оршуулга дээр хоол хийж өгөх гэж бодоод байдаг. Тэр гагц буян биш. Буяныг хаана ч, хэзээ ч хийж болно. Сэтгэл сайн байх ёстой. Сэтгэл сайн бол бие, хэл, сэтгэлээрээ буян үйлд. Ном, хичээл заах, хүнд тус хүргэх, зөвлөлдөх тэр бүгдээрээ буян. Биеэр буян үйлдэж ч болно. Тийм бүр чадал байхгүй бол сэтгэлээсээ сайхан бодоод, тайвшраад, хүмүүсийн хийсэн сайн сайхан үйлсийг даган баясаад суувал тэр бас л буян. Даган баясах уу, атаархах уу? Хэн нэгэн хүн юм хийхээр “Аа, тэр үү зүгээр… тэр чадахгүй ээ” гээд муу талаас нь бодохоос тухайн хүнийг “Их зөв юм хийжээ” гэж бодох нь бага. Дотроо хүмүүсийг миний тал, хүний тал гэж бодно. Миний тал гэхээр найз нөхдөө гэнэ, хүний тал гэхээр дайсан мэт үзнэ. Тэр дайсан гэж бодоод байгаа хүнээ сайн юм хийсэн ч сайн юм хийлээ гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн талын гэж боддог хүн нь буруу юм хийчихээр “Яахав ээ, буруу юм хийсэн. Гэхдээ зүгээр ээ…” гээд байдаг. Энэ бол буруу. Сайн бол сайн. Муу бол муу. Ямар ч хүн сайн, муу юм хийж болно. Сайн юм хийсэн хүнийг ямар ч цагт даган баясах хэрэгтэй. Ингэвэл буян болно. Замын цасыг цэвэрлэчихэд буян, зам дээр яваа настай хүнд туслахад ч буян болно. Сэтгэл байх хэрэгтэй. Буян хураах завшаан их байдаг.