Манай улсад Хүүхдийн цусны хавдрын эмнэлэг байгуулах санаачилгыг гаргаж, улмаар ажил хэрэг болгож чадсан “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнтэй ярилцлаа. Тэрээр Богд Зонховагийн аавын хойт дүрээр Монголын Хөхнуураас тодорсон гэгээнтэн билээ.
–Юуны өмнө танд Монголын иргэд, түүний дотор хүүхэд багачуудад зориулж буянтай үйл хийж, эмнэлэг байгуулж өгсөнд баярлаж буйгаа илэрхийлье?
-Баярлалаа. Маш их баярлалаа.
–Та яагаад цусны хавдар, эмгэгийн төвийг байгуулах санаачилгыг гаргасан юм бэ?
-Бид өнгөрсөн хугацаанд олон олон хүмүүст тусалж, буян хийж байлаа. Гудамжинд байгаа нэгэнд хоол, унд өгөх эсвэл өнчин хүүхэд, багачуудад бэлэн хувцас тараах гэх мэт. Эсвэл бүр орох оронгүй хүмүүст гэр ч өгч байв.
Хэдэн жилийн өмнө Монголд шавь нартайгаа ирээд хүмүүст үргэлж тус хүргэж байх, байнгын буян хийе гэж шийдээд эмнэлэг барья хэмээн тохиролцсон юм. Гэвч эмнэлэг барих нь маш том хэмжээний ажил, би өөрөө эмч бишээс гадна хөрөнгө мөнгө ч хангалттай байгаагүй юм. Харин сүүлд Эх нялхсын төвөөс “Хүүхдийн хавдрын тасгийг томруул гэж байгаа, та бүхэн буян хийдэг бол бидэнд
тус хүргээч” гэсэн юм. Ингэхдээ гурван давхар барилга барьж өгөөч гэлээ.
Нэг давхрыг нь та бүхэн өөрсдөдөө, түүнээс дээшхийг хүүхдүүдэд зориулаач гэсэн юм. Үүнээс эхлээд ажил ундарсан даа. Энэ ажил их буянтай үйл байсан учир аяндаа л бүтлээ. Хүүхдийн эмнэлэг барина гэдэг маш том буян. Яагаад гэвэл хүүхэд гэдэг том хүнтэй адилгүй. Ямар нэг зовлон байсан ч өөрөө хэлж чадахгүй. Ялангуяа хавдрын өвчтэй хүүхдүүд их зовж байгаа. Тиймээс эмнэлэг барих асуудлыг хурдан хугацаанд ажил хэрэг болгохоор шамдсан нь тэр.
–Та эмнэлгийн нээлтийн үеэр хандив цуглуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж байсан. Түүнийг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Эмнэлгийг анхандаа гурван давхар байхаар төлөвлөж байсан. Гэтэл гурван давхар эмнэлгээр яагаад ч хангалттай үйлчилгээ үзүүлж чадахааргүй байсан болохоор зургаан давхар болгосон. Түүгээр ч зогсохгүй Эх нялхсын төвөөс шинээр баригдах байранд мэс засал хийх, нярайгаа оруулах, ангиографийн аппаратаа суурилуулах зэрэг хүсэлт тавилаа. Ингэсээр барилга маань зургаан давхар болсноос гадна хоёр барилга болсон. Тиймээс өмнө нь төлөвлөж байсан төсвөөс хэтэрчихсэн. Өмнө нь дөрвөн тэрбум буюу хоёр сая ам.доллараар төлөвлөж байсан нь хаа ч хүрэхээргүй боллоо. Одоо сүүлд үзэхэд барилгын нийт зардал гурван сая ам.доллар болж байна. Хараахан нарийн сайн тооцоогүй байна. Энэ төлөвлөөгүй мөнгийг би найз болон шавь нараасаа зээлсэн. Одоо харин хандив үргэлжлэн орж ирвэл дутуу байгаа мөнгөө өгөхөөс гадна барилга барьсан компанид өгөх учиртай юм. Барилгын компани буян хийж байгаа болохоор тийм ч ихийг нэхэхгүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө өгч таарна шүү дээ.
Нөгөө талаас цаашдаа буяны сан маягийн зүйл байгуулаад түүндээ цугларсан мөнгөөр орон нутагт эмнэлэг байгуулъя гэсэн бодол байна. Улаанбаатарт бол эмнэлэг олон байна. Улсын эмнэлэг 17, хувийн эмнэлэг том жижиг нийлээд бараг мянга хүрч байгаа бололтой. Харин хөдөөд эмнэлэг алга. Тиймээс яг хаана эмнэлэг хэрэгтэй байна вэ гэдгийг бид судалж байна. Яваандаа ажил хэрэг болгоно. Тиймээс хандив ирвэл үүндээ ч бас нэмэрлэх бодолтой.
–Таны хэлж буй дөрвөн тэрбум төгрөгийн хэдэн хувийг манай Засгийн газраас өгсөн юм бэ?
-Дөрвөн тэрбум төгрөгийн 500 саяыг нь улсаас өгсөн. Хоёр жилийн өмнө мөн 400 сая төгрөг өгсөн. Тухайн үед тендерийн асуудал гарч байлаа. Гэхдээ манай зүгээс тендер гэлгүйгээр өөрсдөө буян хийх компаниа сонгоно хэмээж ажлаа хийсэн. Тиймээс өмнөх өгсөн 400 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авсан. Харин сүүлд өгсөн 500 сая төгрөгийн талыг нь өгөөд талыг нь хараахан өгөөгүй байгаа.
–Та “Хандив өгсөн нь сайн байна, өгөхөөр амласан ч өгөөгүй нь өгөөрэй” хэмээн хэлсэн нь дээд удирдлагуудад хандаж ээ дээ?
-“Өгсөн та бүхэнд баярлалаа. Өгөөгүй нь харин өгөх хэрэгтэй шүү” гэсэн. Ер нь улсаас өгсөн мөнгө нь зууны 15 хувь нь. Харин үлдсэн 85 хувь нь хандивын мөнгө байлаа. Хандив дотор Монголын иргэдийн өгсөн хандив 30 орчим хувь нь юм уу даа. Үлдсэн нь бүгд гадны иргэд өгсөн байна.
Монголчуудын хандив цөөн байгааг би хувьдаа мэдээлэл бага байсантай холбон үзэж байгаа. Мэдсэн бол ард түмэн маш их хандив өгөх юм билээ. Монголчууд маань бүр үнэн сэтгэлээсээ баярлаад л өгч байсныг хэлэх хэрэгтэй.
Дээрээс нь бид том компаниудтай холбоо тогтоож чадаагүй. Бид Эрдэнэтийн нэг үйлдвэртэй холбоо байгуулсан. Тэд нэг өдрийн цалингаа өгөхөөр амласан. Ингэхдээ гурван удаа тасалж өгнө гэдгээ хэлсэн. Мөн Эх нялхсын төвийн эмч нар нэг өдрийн цалингаа өгсөн. Энэ мэт цалингаа өгсөн байгууллага бий. Үүнээс үзэхэд байгууллагуудыг цалингаа өгөхийг уриалбал хандив ихээр цугларах юм билээ.
Би нээлтийн үеэр хэлсэндээ “Их мөнгө өгсөн бол сүмбэр уул шиг, нэг төгрөг өгсөн ч сүн далайд дусал болж, буян хийж байна гэж бод” гэж хэлсэн. Аливаа буян багаддаггүй. Эмнэлэг барихад нэмэр болсон бол дотор нь суугаа хүүхэд “Энэ хүний буянаар би эдгэж байна” гэж бодно. Хандив өгсөн нь ч “Би буян хийж, хүнд тус хүргэлээ” гэж баярлаж сууна шүү дээ.
–Таны туулж ирсэн амьдралын тань түүхийг сонсмоор байна. Та бол Хөхнуураас төрсөн гэгээнтэн. Та тэнд өнгөрсөн бага насаа эргэн дурсахгүй юу?
-Би бол Хөхнуурын дээд монгол хүн. Намайг хоёр насанд Зонхова Богдын аавын хойд дүр байна гээд Гүмбүм хийд рүү авч явж байлаа. Ингэхдээ аав, ээжтэйгээ хамт явж байлаа. Гэтэл найман насанд маань Монголд 1937 онд гарсан их хэлмэгдүүлэлт шиг зүйл Гүмбүмд болоод миний аавыг шоронд явуулсан. Мөн миний багш, туслах гээд олон хүнийг барьж шоронд хийж, тэднээс нас барах нь барж байлаа. Бүр тэр үед лам болж болохгүй гээд манай сүм хийдүүдийг ч хааж байдал маш хүнд байсан. Их ч зовлон үзсэн дээ. Дараа нь намайг Бээжингээс удирдаж Хятадын сургуульд явуулсан. Яваандаа соёлын хувьсгал гарч арван хэдэн жил ажил ч хийлээ. Тэгж байгаад 1980 оноос Хятадын улс төрийн асуудал жаахан чөлөөтэй болоод бүр дарга, ноён энэ тэр болсон шүү.(инээв) Гэхдээ шашны талдаа л даа. Монголд бол бараг их хурлын гишүүн шиг эрх мэдэлтэй ажил ч хийж байлаа.
–Тэгээд та яагаад Түвд нутаг, Гүмбүм хийдээ орхин Америкт амьдрах болсон юм бэ?
-Түвдэд хоёр том Богд байдаг. Монголын есдүгээр богд шиг Түвдэд Ванчин Богд, Далай Богд гэж хоёр Богд байдаг. Далай Богд улс төрийн асуудлаар цагаачлаад гадаад улсад байгаа. Харин Ванчин Богд бол Хятадад байлаа. Соёлын хувьсгалын үед шоронд олон жил суусан даа. Сүүлд гараад ирснийхээ дараа том ноён болж, бурхан шашин, Түвд, Монголын соёлын сургуулийн талаар их тус хүргэсэн хүн. Гэтэл гэнэт таалал төгссөн. Таалал болсных нь дараа хойд дүрийг нь хэн хайх вэ гэдэг асуудал гарлаа. Бидний хувьд буюу шашны ёсоор Далай Богд хайх ёстой юм. Гэтэл Далай Богд Хятадын засагтай эсрэгцсэн тул боломжгүй боллоо. Тиймээс Хятадын засгаас нэг хүүхдийг Ванчин Богдын хойд дүрээр тодруулсан. Үүнтэй давхцаад Далай Богд өөрөө ч Ванчин Богдын хойт дүрийг мөн тодруулчихсан. Ингээд хоёр Ванчин Богдтой болсон юм. Гэтэл Далай Богдын тодруулсан Ванчин Богдыг Хятадын Засгийн газраас шоронд хийсэн, одоо түүний хаана явааг нь мэдэх хүн байхгүй. Ингээд Хятадын засгаас тавьсан Ванчин Богдыг сүсэглэх хэрэгтэй боллоо. Гэхдээ түүнийг хэн тоох билээ, хүн сүсэглэхгүй шүү дээ.
Хамгийн гол зүйл нь намайг тэр Хятадын Засгийн тодруулсан Ванчин Богдын багш бол гэсэн юм. Яагаад гэвэл миний нагац өмнөх аравдугаар Ванчин Богдын багш байсан юм. Тиймээс “Чи шинэ Ванчин Богдын багш бол. Чамайг ноён болгоё, мөнгө өгье, юу хэрэгтэй тэр бүхнийг чинь өгье” гэсэн. Миний хувьд түүнийг хүлээж авч чадахгүй учир 1998 онд зугтан гарч Америк явсан юм.
–Одоо эргээд нутагтаа очиж болохгүй юу?
-Цагаачилж гараад арван хэдэн жил боллоо. Одоо нутагтаа буцаж чадахгүй. Миний ээж, аав нас бараад их удаж байна. Харин ах дүү нар маань Түвдэд бий. Найз нөхөд, шавь нар маань ч байгаа. Гэвч би буцаж чадахгүй. Утсаар ч ярьдаггүй. Миний зүгээс ярих нь чөлөөтэй ч тэднийг зовоогоод яахав гэж боддог юм.
–Таныг Богд Зонховагийн аавын хойт дүрээр тодруулах гээд очих үед таны аав, ээж их баярлаж байсан тухай та өөрийн амьдралын түүхийг бичсэн номондоо дурдсан байсан?
-Их баярласан. Монгол, Түвдэд бурхан шашин шүтэж байсан хүн олон байгаа. Тиймээс өөрийн хүү нь их том гэгээнтэн боллоо гэхэд баярлах нь тодорхой шүү дээ. Нөгөө талаас хоёр настай хүүхдийг сүм хийдэд суулгах хэцүү болохоор аав, ээжийг хамт аваад явсан байдаг. Тэр үед машин унаа гэж байхгүй тул бид мориор явсан. Гэхдээ зам нь ойрхон, нэг өдрийн л газар юм.
Би ах дүү арван нэгүүлээ. Би ес дэх нь. Эхлээд аав, ээж хоёр маань Гүмбүмд хамт сууж байгаад дараа нь миний хоёр ах ирсэн байдаг. Тэдний нэг нь лам болоод нөгөө нь надтай хамт тоглох үүрэгтэй очиж байсан гэдэг.
–Таны ах дүүгээс одоо хэд нь Түвдэд бий вэ?
-Одоо хэдхэн ах, дүү минь байгаа. Нэлээд хэсэг нь нас барсаан.
–Таныг найман настай байхаас л шашныг хааж, лам нарыг зовоох болжээ дээ?
-Ер нь найм, найман жилийн давтамжтайгаар их үйл явдал болсон юм байна гэж би хожим бодож сууна. Би хоёр настайдаа Гүмбүм явсан. Найман насанд маань шашны их хэлмэгдүүлэлт болсон. Түүнээс хойш мөн найман жилийн дараа буюу намайг 16 настай байхад соёлын хувьсгал болжээ.
–Таны шашны анхны багш Жаяг гэгээн байсан юм билээ?
-Тэр хүн бол дээр хэлсэнчлэн аравдугаар Ванчин Богдын багш, миний нагац байгаа юм. Энэ хүн намайг бүр бага байхаас эхлэн надад их тус хүргэсэн хүн. Тийм болоод ч тэр үү, хэцүү цаг үед шоронд удаан суусан. Шоронгоос гараад малгай өмссөн. Малгай өмсөнө гэдгийг та бүхэн бараг мэдэхгүй болов уу. Эхлээд малгай өмссөн хүнийг хэн ч байсан доромжилж, загнаж, хараан зүхдэг байлаа. Сүүлд харин малгай өмссөн хүнийг муу хүн гэсэн ойлголт ард иргэдийн дунд төрүүлсэн. Тиймээс малгай өмссөн хүн энд тэнд явж болохгүй, бараг шоронд суусантай ижил байлаа. Нагац маань ийм байдалтай 10 жил явсан хүн дээ. Миний нагац тухайн үед надад хэлдэг байлаа “Та бүхэн залуу байна, жаахан байна гэж цагийг өнгөрөөж болохгүй ээ. Та нар эрдэм сурах хэрэгтэй. Нууцаар боловч ном сур” гээд надад нууцаар их ном, эрдэм заасан. Бичиг ч зааж байлаа. Би хятад, түвд, монгол, англи хэлээр ярьдаг. Харин монгол бичиг бичиж чадахгүй, түвд бичиг бол чадна. Хятадаар бичнэ, англиар бол бага зэрэг чадна. Энэ бүгдийг би өөрөө сурсан. Ийм их эрдэм сурах эхлэлийг нагац маань тавьсан байсан хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Их хэцүү үе байлаа. Тэр үед ямар ч эрх чөлөө байхгүй. Ийшээ тийшээ явах хориотой. Бичиг сурах бүр ч хориотой. Тийм болохоор ч Жаяг багш биднийг “Ном сурах хэрэгтэй. Хэзээ боловч чамд хэрэг болно” гэж захидаг байлаа. Багшийн маань эрдэм ч мундаг. Бүгдийг цээжилчихсэн л надад заадаг байлаа. Би ч сурч чадсан шүү.
–Бүх зүйл хаалттай байх цаг үе Мао Зэдуныг өөд болоход арилсан гэж та дурсамж номондоо бичсэн байсан, “Мао халив, Тэнгэр цэлэмсэн нь” гэж?
-Тэр үед Мао Зэдуныг бурхан мэт үздэг байв. Айл гэр бүр, хүн бүхэн зургийг нь залаад хаана, юу хийж байгаагаа шалгагч нарт тайлагнадаг. Тэр ч бүү хэл тариан талбайд байхдаа хүртэл зураг, хэлсэн үгийг нь өндөрт зална. Орой ажил тараад явахдаа гэр рүүгээ авч явна. “Улаан дэвтэр” гэж Мао Зэдуны хэлсэн үгнээс бүрдэх номыг хүн бүр цээжилж, нэгд нэгэнгүй уншина. Дэлгүүрт очоод цээжилснээ шалгуулж байж авах зүйлээ авдаг байлаа. Хэлж чадахгүй бол юмыг нь өгөхгүй. Гэхдээ нэг өгүүлбэр хэлэхэд нэг л бараа авна. Ухаандаа будаа, давс авахаар бол хоёр ишлэл хэлэх ёстой. Түүгээр ч зогсохгүй автобусанд ороход энд тэндгүй Мао Зэдуны үгийг наасан байхаас гадна үг цээжлүүлдэг тусгай хүн дотор нь байдаг байв шүү.
–Энэ хүнд үед та Түвдийн ард түмний төлөө, шашныхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөө тэмцсэнийхээ хариуд шоронд суух ч энүүхэнд байсан биз?
-Тэр үед үг, үйлдлээ үнэнээр явуулах ямар ч боломжгүй байлаа. Тиймээс ч би гэдэг хүн бурхан номоо нуух, бултаж зугтаах, сүм хийдийн үнэт зүйлсийг хямгадах зэрэг олон нууц ажлуудыг хийж байлаа. Сүүлд 1980 оноос жаахан чөлөөтэй болох үед Засгийн газартай хамтарч ажиллаж байхдаа эвийг нь таарвал шашныг хамгаалах, соёлын тус хүргэх ажил хийхийг хичээдэг байсан юм. Тухайлбал, “Улаан загалмай”-н байгууллагыг анх Гүмбүм хийд дээр байгуулж байлаа. Хөдөө нутгаар болж буй ган, зуд, газар хөдлөлт гэх мэт зовлонд өртсөн хүмүүст хоол, унд, гэр оронгоор ч тусалдаг байв.
Тухайн үед миний бодож байсан ганцхан зүйл бол зөвхөн бурхан шашны ном уншихаас гадна өөрийн гар, биеэр тус хүргэвэл илүү их буян болдог юм байна гэдгийг ойлгосон.
–Далай багш таны амьдралын түүхийг “Тухайн үеийн Түвд, Өвөр Монгол, Дорнод Туркстаны монголчуудын түүх юм” гэж хэлсэн байдаг?
-Би АНУ руу гарсан жилээ буюу 1998 онд Далай Богдтой уулзсан. Бүр багадаа Далай Богдод мөргөж байснаас хойш 40 жилийн дараа дахин мөргөсөн нь тэр байсан юм. Ингээд уулзахад Далай Богд намайг үнсээд, сэтгэл нь их сайхан байгаа мэт байж билээ. Бид нэлээд удаан хугацаанд ярилцсан. Түвдийн асуудал болон яагаад нутгаасаа гараад явчихсан талаараа их нарийн зүйлийг ярьцгаасан. Энэ үед Далай Богд намайг “Гараад ирсэн нь сайн байна. Харин цаашид Хятадын Засгийн газартай яавал эсрэгцэхгүй байх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй байна” гэсэн. Би утгыг нь ойлголоо, шавь нь танд ямар тус болох вэ гэсэн. Тэгсэн Далай Богд “Чи Хятадад олон жил суусан. Хятадын Засгийн дарга, тэргүүлэгчидтэй холбоо сайн байдаг юм чинь тэдэнд захидал бичнэ үү” гэсэн. Тиймээс би тухайн үеийн дарга Зянь Зэминьд захидал бичлээ. Хариу нь ч ирсэн. Түүнд Далай Богдын тухай бол яриагүй байна. Харин намайг “Юунд бидэнд хэлэхгүйгээр гараад явсан юм бэ. Энэ их муухай байна. Одоо хурдан хүрээд ир. Хэрэв хүрээд ирвэл таныг ямар ноён байсан буцаагаад өгье. Хэрэв ирэх гээд мөнгө байхгүй бол аль улсад ч байсан манай Хятадын элчингээс ав” гэсэн байсан. Миний хувьд мөнгөгүй болоод гарсан юм биш. Бүр том ноён, дарга болох гээд гарсан ч юм биш. Далай Богд бас хэлж байсан юм, манай бурхан шашны асуудал байна шүү дээ.
–Далай багш та хоёр тэр үед хэрхэхээр ярилцаж байв. Ер нь цаашид юу хийвэл дээр вэ?
-Хэцүү л байна. Хэлж мэдэхгүй юм. Шинэ Ерөнхийлөгч Си Жиньпин гараад ирлээ. Энэ хүний аав Далай Богдтой их холбоотой хүн. Би ч энэ хүнийг таньдаг, мэддэг. Энэ талаас нь бодоод үзвэл яваандаа сайжирна байх хэмээн найдаж, ерөөл тавьж байна. Түүнээс бус ингэнэ, тэгнэ гэж хэлж мэдэхгүй байна даа.
–Та буцаад очвол Хятадаас тодруулсан Ванчин Богдын багш л болох уу?
-Тэр одоо өнгөрсөн хэрэг болсон. Би дахиад явбал хэцүү байгаа. Одоо явж чадахгүй байх аа. Бүр яваандаа сайхан болоод чухам Хятадад ардчилал өрнөөд чөлөөлөгдвөл л түр явж чадна. Түүнээс бус явах завшаан одоохондоо байхгүй байна.
–Энэ байдлаа хамаагүй ярьж хэлэх нь танд эрсдэлтэй юу?
-Хамаагүй яривал надад аюултай ч байж магадгүй. Гэхдээ би үнэнийг л хэлдэг. Ямар ч аюултай байсан үнэнийг л хэлнэ. Хүн ямар ч байж болно. Хятад хүмүүс дотор ч сайн хүн байна. Түвд хүн дотор ч муу хүн бий. Муу хүн байлаа гээд хаяж болдоггүй. Сайн хүн улс төрийн үйл хэргийн улмаас буруу зүйл хийсэн бол эргээд сайхнаар ариулах арга байдаг болов уу л гэж би боддог юм даа.
–Та хоёр ч удаа Монголд ирж байна. Энд ирэх бүрт танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Монголдоо ирээд их сайхан байна. Би анх 2006 онд ирсэн. Анхны сайхан зүйл нь онгоцны буудалд буугаад л монгол хэлээрээ ярьж байна. Энэ бол их чухал. Монголчууд өөрсдөө үүнийгээ мэдэхгүй дээ. Бид дэлхий дээр олуулаа. Өвөрмонгол, Буриад, Халимаг гээд бий. Тэд ч монгол хэлээ чухалд тооцдоггүй. Угтаа бол энэ маш чухал зүйл юм шүү дээ. Өөрийн нутаг дээр өөрийнхөө соёлыг чөлөөтэй хэрэглэнэ гэдэг сайхан хэрэг. Үүнийг бодох хэрэгтэй. Жишээ нь, Түвд хүн Энэтхэгт цагаачлах тухайлбал Далай Богдыг дагаад явсан бол Төвд хэлийг бараг сурахгүй. Гол нь Энэтхэг бичиг, үсэгтэй л болно. Америкт явбал англиар ярина, бичнэ. Өөрийн хэлийг мартана шүү дээ. Монгол хүн үүнтэй ижил. Америк яваад амьдарч байгаа олон монголчууд бий. Тэдний зарим нь тэнд суурьшихыг бодож байхад эх орондоо ирэхийг хүсч байгаа нэгэн ч бий. Бүр үр хүүхэд нь тэндээ төрчихвөл монгол хэлээ мэдэхгүй өсч таарна. Өөрийн хэл, соёлоо мартвал юу ч үгүй болно л гэсэн үг. Монголд энэ бүхэн байгаа нь маш сайхан хэрэг. Ер нь аливаа үндэстэн хэл, соёлоо хайрлах, хамгаалах нь туйлын чухал.
–Таныг хөдөө нутгаар явж байна гэж сонссон. Монгол ёс заншил маань тэнд уламжлагдан үлдэж үү?
-Хөдөө нутгаар явлаа. Их сайхан байлаа. Багадаа, өөрийн нутагтаа байхад ямар байсан тэр янзаараа байна. Сүү барин угтаж, дээж өргөн үдэж байна. Гэрт ороход хоймортоо залж, цайныхаа дээжийг барина. Монголын өв соёл тэр чигээрээ хадгалаатай байна. Үүнд би маш их баярлаж байгаа.
Нөгөө талаар Монгол маань хөгжөөд сайхан болж байна. Гэхдээ бас сул тал байгааг хэлэх хэрэгтэй. Миний хувьд буян хийж амьдарч ирсэн. Буян хийхэд нэг талаас сайхан байх ч нөгөө талаар хэцүү зүйл бас бий. Гурван сая ам.доллараар эмнэлэг барина гэдэг тийм ч амар биш. Гэхдээ ямар ч байсан чадсан. Энэ бол миний хэлж буй буян хийхийн сайхан нь.
Харин хэцүү зүйлийг нь хэлье. Монголчууд та минь юу ч байсан хүн бэлдээд өгчихнө гэж харж сууж болохгүй. Өөрөө зүтгэх хэрэгтэй. Нэг хүн хандив өгнө, хоёр дахь нь өгнө. Харин гурав дахь нь өгөхгүй шүү. Монголчууд бол тийм их баян биш. Бүр Африкийн орнууд шиг ядуу буурай ч бас биш. Мал маллаж ирсэн уламжлалтай болохоор ямар ч тохиолдолд буурай байхгүй нь лав гэж би боддог юм. Гэвч ингээд болоод байна гэж бодож болохгүй юм. Улам сайхан болгохын төлөө өөрөө зүтгэж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ядаж л хандиваар босгосон зүйлээ цаашид яаж амжилттай ажиллуулах вэ, ямар менежмент хийх вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй.
Бид эмнэлгээ орчин үеийн стандартаар хийсэн. Энэ нь нэг зорилго агуулж байсан юм. Учир нь монголчуудын мөнгө Монголдоо үлдээсэй гэсэндээ тэр юм. Одоо нэг талаараа ч гэсэн гадаад явж гадныханд мөнгөө өгөх хэрэггүй болсон.
–Манайхны дунд уул уурхайг хөгжлийнхөө гарц мэт боддог хүмүүс бий. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би хувьдаа боддог юм, ганц Монгол ч бус дэлхийн олон улс оронд хаана л уул уурхай байна тэнд байгаль дэлхий сүйдэж, ус ургамал бохирдож байдаг. Байгаль дэлхийгээ хамгаалах хэрэгтэй. Ямар аргаар, яаж вэ гэдгийг би бизнесмэн бас мэргэжлийн хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Бид энэ дэлхий дээрээ амьдарч байна. Эх болсон дэлхийгээ хайрлахгүй бол яваандаа хаана амьдрах билээ. Энэ бол маш чухал асуудал. Үүнийг хэн ч гэсэн анхаарч, бодож явах учиртай юм.
–Эмнэлгийн нээлтийн үеэр таныг Д.Чойжамц хамбатай дотно ярилцаж байхыг харсан. Та хоёр Монголын бурхны шашны талаар хэр ярилцдаг вэ. Ер нь манай шашны хандлага нь ямар байна вэ?
-Монголын Д.Чойжамц хамба, Ч.Дамбажав хамба нар бол олон жил бурхан шашны тэргүүнээр ажиллаж байгаа хүмүүс. Бурхан шашин гэдэг бол зөвхөн сүм, хийдэд суугаад ном уншихыг хэлдэггүй. Хүнд яаж тус хүргэх вэ гэсэн асуудлыг мөн чухалчилдаг. Монголын бурхан шашны тэргүүнүүд ч ингэж боддог болов уу.
Миний болон манай дээд үеийн хүмүүс шашныг шүтэхдээ сүмд мөргөөд, уншсан номыг нь сонсоод л гардаг байлаа. Харин одоогийн залуучууд бол зөвхөн ном уншихыг сонссоод зогсох бус юунд хэрэгтэй, ямар утгатай вэ гэдгийг мэдэхийг хичээдэг болсон. Түүгээр ч зогсохгүй амьдралд нь тус болбол итгэнэ, үгүй бол итгэхгүй. Энэ бол бурхан шашин хүнд хэрэгтэй, хүмүүс итгэх шаардлагатай гэсэн үг биш. Гагцхүү өөртөө тус болж байгааг мэдэх ёстой юм. Бурхан шашин надад бол их тус хүргэсэн. Үүнийг олон хүн мэдээсэй. Тэгвэл надтай адилхан тэр хүмүүст ийм тус ирнэ гэж боддог юм.
–Манайд олон шашны урсгал бий болсон. Бурхны шашны уламжлалтай бидэнд тэдгээр шашин өгөөжөө хэр өгөх бол?
-2006 онд намайг ирэхэд Есүсийн шашин их бага байсан. Анх 1990 онд Ардчилал гарч ирж байх үед Есүсийн шашин бараг байхгүй, дөрвөн пастор л байсан гэсэн мэдээлэл уншиж байсан юм байна. Харин сүүлд 2006 онд ирэхэд Есүсийн 200 сүм байсан гэсэн. Хэдэн жилийн өмнө энд АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулаад нэг бага хурал хийсэн юм. Тэр хурлын үеэр Есүсийн шашин бараг 400-аад болсон гэдгийг хэлж байлаа. Тухайн үед манай бурхан шашны лам нар үүнд санаа их зовж байсан. Харин би бол зовохгүй байна. Яагаад гэвэл ямар шашин шүтэх нь хувь хүний өөрийн сонголт. Монгол бол угаас бурхны шашин шүтдэг хүмүүс. Гэтэл өнөөдөр ямар учраас бурхны шашин сулраад Есүсийн шашин дэлгэрээд байна вэ гэхээр тэдний хүмүүст тусалж байдагт байгаа болов уу гэж би боддог юм.
Харин бид нар Бурхан багшийн захиас буюу бурхны философийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл өөр шашныг шүтэж байсан хүмүүс ирнэ. Түүнээс энэ хүн өөр шашин шүтээд байна, би яах вэ гэж санаа зовох хэрэггүй юм. Жишээлбэл, би АНУ-д амьдарч байна. Гэтэл эртнээс шүтэж ирсэн Есүсийн шашнаа шүтэлгүйгээр манай хийдэд ирдэг олон америкчууд бий. Тэд яагаад ирж байна гэхээр бурхны шашны утгыг мэдээд ирж байгаа хэрэг. Тухайлбал, бясалгалыг яаж хийх вэ, бясалгал хийснээр зөвхөн бурханд мөргөснөөс илүү сэтгэл санаа хэрхэн тайвширдаг вэ гэдэг утгыг ойлгож авсан хэрэг шүү дээ.
–Бурхны шашны нэг гол номлол нь хүн дотоод сэтгэл санаагаа ариун байлгах ёстой гэдэг. Таны ярьж буй бясалгал ч үүнтэй холбоотой биз?
-Бурхан шашны хэлдэг хоёр гол зүйл байдаг. Энэ нь нинжин сэтгэл, оюун ухаан юм. Нинжин сэтгэл бол ганц өөрийн бие бус бусад бүх хүмүүст хайртай байхыг хэлнэ. Монгол хөгжөөд сайхан болж байгааг хэлсэн. Гэхдээ ингэж хөгжихийн хэрээр гагцхүү мөнгийг хэрхэн ихээр хураах, яаж баяжих гэсэн бодлыг үргэлж бодож байгаа нь буруу. Монголчууд баяжих нь сайн хэрэг. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцээд өөрийнхөө улсыг улам сайжруулахыг бодох хэрэгтэй. Нэг монгол хүн Америкт очоод байшин худалдаад авчихлаа гэхэд монголчууд сонирхох нь дамжиггүй. Америкчууд бол тэгэхгүй. Нэг сая ам.долларын байр авчихсан ч тэнд бол хэн ч анхаарч үзэхгүй. Түүний оронд эх орондоо байж, бусдад хайраа түгээн, Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй юм даа. Ах дүү нар, бүр танил биш байсан ч болно. Гэхдээ монголчууд бид нэг нэгэндээ хайртай байх ёстой юм шүү дээ. Ингэж гэмээнэ бурхны шашны үзэлтэйгээ ч таарна.
Оюун ухаан гэдэг их гүнзгий юм. Өөрөө өөрийгөө, ганц би гэж бодохгүйгээр олон түмэн, ард иргэд нийт нэг цул гэж бодох юм бол бурхны буяныг мэдэх болно. Энэ хоёр утгыг сайн ойлговол ямар ч хүн сайн, сайхан амьдарна.
–Монгол хүнд дээрх хоёр чадвар бүрэн бий болов уу?
-Байлгүй яахав. Монгол хүн дэлхийн хаана ч гэсэн монгол хүнтэйгээ таарахад ах, эгч хэмээн хүндэлж уулздаг. Энэ бол манай дээд үеэс үлдээсэн сайхан уламжлал. Үүнийгээ ч цаашид авч явах нь чухал.
–Шашны талаарх яриагаа энэ удаа өндөрлүүлж, таны монгол найз нарын тухай асуумаар байна. Зохиолч Г.Аюурзана танд зориулж “Шүгдэн” романаа бичсэн гэдэг. Та хоёр сайн найзууд уу?
-Тийм роман бичсэн байна лээ. Г.Аюурзаныг бол сайн танина аа. Гэхдээ номынх нь талаар сайн мэдэхгүй байна. Зохиолч хүн өөрөө сэдвээ олдог шүү дээ.
–УИХ–ын гишүүн асан Батж.Батбаяр тантай нэлээд ойр байдаг гэсэн?
-Сайн танина. Б.Батбаяр гишүүн, Б.Баатарзориг зэрэг ноён, дарга хийж байсан олон хүмүүсийг танина. Тэд ирээд ямар нэг зүйл дээр тус болох уу гэдэг. Нөгөө талаас ажил үйлсийн ноён нуруу, мэргэ төлгө үзүүлэх нь ч бий. Би ном уншдаг. Гэхдээ ганц миний найзууд, ноёдууд сайхан болчихоосой гэж уншдаггүй л дээ. Олон нийт ард түмэн, амьдрал нь жаахан гундуу яваа нэгэнд тус болоосой гэж боддог юм. Ерөөс миний дотор бүх хүн нэгэн ижил бодол төрүүлдэг. Ер нь улс төрийн төлөө яваа найз нартаа би хэлдэг юм, та нар сайн сайхан зүйл хийхдээ олон нийтэд тус хүргэх зүйл хийгээрэй л гэж захидаг даа.
Т.ГЭРЭЛМАА
One reply on “Ажиа гэгээн: Монголчууд та минь юу ч байсан хүн бэлдээд өгчихнө гэж хараад сууж болохгүй”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru