Ажиа гэгээний санаачилгаар босгосон хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр удахгүй нээлтээ хийх шинэхэн хүүхдийн эмнэлгээ бахдалтайгаар танилцуулж билээ. Ажиа гэгээний санаачилгаар гадаадад амьдарч байгаа монголчуудын чин сэтгэл хандиваар босч байгаа уг эмнэлгийн шил хаалга, цонх хүртэл өнөөгийн эмнэлгүүдийнхээс огт өөр байлаа. Шалны хулдаас нь хүртэл дуу чимээ багасгадаг шидтэй байсан гээч. Хүүхдийн эмнэлэг төрөх газар, цэцэрлэг сургууль дутагдсан өнөө үед Ажиа гэгээн чухам л цагаа олж, хүүхдийн эмнэлэг босгохоор шийдэж, олон түмнийг хүмүүнлэгийн үйлст оройлон дуудсан юм. Түүнээс өөр хэн нэгэн бүхэл бүтэн эмнэлгийг ингэж хурдан босгож чадаа ч уу үгүй ч үү. Дэлхийн түвшинд хүрсэн хүүхдийн эмнэлгийн барилга Ажиа гэгээний буянаар ийнхүү сүндэрлэж байна. Хүүхдийн эмнэлэг босгох мөнгийг хандивлагчдын олонх нь гадаадад байгаа монголчууд байсан. Вашингтонд хандивын арга хэмжээ зохион байгуулах үеэр Ажиа гэгээний сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн үйл явдал болсон аж. Долоон настай хүү мөнгөний гахайтай зоосны цуглуулгаа хандивлажээ. “Миний мөнгийг эмнэлэг барихад явуулаарай” гэж жаалхүү захисан гэнэ. Тэр нь 47 доллар байж. Өөр нэг онцлох хандив нь шинэ хүүхдийн эмнэлгийг цаашид авч явах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний хандив билээ. Тус эмнэлгийн 1000 гаруй ажилтан нэг өдрийн цалингаа хандивласан нь 18 сая шахам төгрөг болж, хүүхдийн эмнэлгийн ажилд ихээхэн нэмэр болсон нь лавтай. Ажиа гэгээн 1998 онд өөрийн нутаг Хөх нуураас улс төрийн асуудлаар дүрвэж Америкт ирсэн гэдэг. “Тэгж зугтаж гарахдаа хоёр ачаанаас өөр юу ч аваагүй. Бид тавуулаа явсан. “Намайг барьчихвал яана, Хятадын Засгийн газар мэдчихвэл яах билээ” гэж санд мэнд л явсан даа. Америкт 15 дахь жилдээ амьдарч байна. Лам хүн болохоор элдэв ажил хийгээгүй ээ. Сүмдээ суугаад, ирсэн хүмүүст ном уншиж өгч, хурааж хуримтлуулсан мөнгөө буян хийхэд зориулж буй” гэж Ажиа гэгээн ярьжээ.
Ажиа гэгээн Хөх нуурын монгол. Эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн хүн. “Хоёр настай байхад нь хүүг Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар дүрээр залсан гэдэг. Ажиа гэдэг нэрийн тухайд ийм. “Манай баруун монголчууд аавыгаа ажиа гэдэг шүү дээ. Аав гэсэн утгатай нэр. Зонхов богдын аавын хойд дүр гэсэн үг” хэмээн гэгээнтэн өөрөө тайлбарлажээ. Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суужээ. “Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан. 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн. Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Аав маань шоронд өөд болсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа” хэмээн хуучилжээ.
1966 онд Соёлын хувьсгал эхэлж хэцүүхэн өдрүүд нүүрлэжээ. “Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Багш нар маань тэр үед надад бурхны ном нууцаар зааж байлаа. Ном үзэж байна гэж мэдвэл шоронд хийнэ шүү дээ. Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. Тэр үед бурхны шашны нэг холбоонд намайг даргаар томилдог юм. Засгийн газраас нь тавьдаг байлаа. Хэдэн жил тэнд суугаад, 1990 оноос Гүмбүм хийдийг дахиад сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. Төвд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд Өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой. Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тянь Аньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, олон дарга нарыг хальж сольж, шоронд заримыг нь хорьсон.
Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж болохгүй гээд бүр хорьчихлоо. Тэр үед Банчин богдын хойд дүр хоёр болсон. Нэгийг нь Хятадын Засгийн газраас, нөгөөг нь Далай богдоос тэмдэглэсэн. Далай богдын тодруулсан хүнийг мэдээж олон нийт шүтнэ шүү дээ. Хятадын Засгийн газраас Далай богдын тэмдэглэсэн хүнийг ээж, аавтай нь сураггүй алга болгосон доо. Тэгээд намайг Банчин богдоор тодруулсан тэр хүүхдийн багш бол гэж тулгасан. Би багш болохгүй гээд нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учир ийм” хэмээн Ажиа гэгээн хэвлэлд ярьжээ. Түүний туулсан хэцүү бэрх амьдралын түүхийг өгүүлсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном монгол хэлээр хэвлэгдэн гарсан буй. Ээж нь бие шалтгаантай болсныхоо дараа зөнтэй зүүд зүүдэлснээ хэнд ч хэлэлгүй хав дарж, хожим хүүдээ ярьсан гэнэ. Зүүдэнд нь зуны дэлгэр цагт гэр бүлээрээ байж. Аадар борооны үүл хуралдаж, тэнгэр харанхуйлав гэнэ. Цахилгаан цахиж, тэнгэр их дуугаар нүргэлэн дуугарахад түүний өмнө тэнгэрийн луу үзэгдэж, хар дарсан зүүднээс сэрээжээ. Тэгэхэд бие давхар эмэгтэй “Надад маш чухал хүн заяах нь” гэж зүүдээ өөрөө тайлжээ. Хойд дүрийг тодруулах эрлийнхэн манай үүдийг татахад тэр зүүднээс үүссэн баяр баясгалан дахин надад төрсөн” гэж ижий нь хэлсэн юм байж.
Б.Эгшиглэн