Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат С.Эрдэнэбалынх

Шинэ оны өмнөхөн шагналын хур бууж, олон шинэ гавьяат төрсөн билээ. Бид энэ удаа Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Эрдэнэбал гуайнд “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр зорьсон юм. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ.

С.Эрдэнэбал гуай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Эхээс наймуулаа. 1968 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд арван жилийн дунд сургуулиа төгсчээ. 1973 онд МУИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн байна. Их сургуулиа төгссөний дараа тэрээр Баруун-Уртынхаа Эрчим хүчний үйлдвэрт мэргэжлээрээ дөрвөн жил ажиллажээ. Тухайн үед Сүхбаатар аймагт ЗСБНХУ-ын тусламжаар Барилгын материалын үйлдвэрийн бааз /БМҮБ/ байгуулагдсанаар С.Эрдэнэбал гуай тэрхүү баазад цахилгааны инженерээр томилогдон очиж ажилласан байна. Түүнээс хойш 40 гаруй жил барилгын салбарт ажиллажээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэхэд “Манайд аж үйлдвэр муу хөгжиж байна. Социализмын үед үйлдвэрүүд их байлаа. Ардчилал гарч ихэнх үйлдвэрийг хувьчилж, авсан хүмүүс нь ажиллуулж чадалгүй хаагдсан. Би БМҮБ-ийн шинийг санаачлагчдын бригадад гар нийлэн ажиллаж байсан дөрвөн залуугийн хамтаар туршин нэвтрүүлэх “Эрдэнэмандал” гэж анхны хувийн компанийг Сүхбаатар аймагтаа байгуулж байлаа. 1990-2000 он хүртэл хучилтын хавтан, хүрэн блок үйлдвэрлэх, отвод матах, бутлан ангилах, арьс нэхий, сур элдэх, талх нарийн боовны шарах шүүгээ, савангийн үйлдвэр зэрэг нийт 35 жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Эдгээр үйлдвэр Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Улаанбаатар хотод эзэндээ хүрч, тухайн үедээ цөөнгүй айл өрхийг ажилтай, орлоготой болгож байлаа.

Тухайн үед хөдөө орон нутагт малын түүхий эдийг бүрэн боловсруулах, арьс шир элдэх үйлдвэр нэн хэрэгтэй байгааг олж харсан юм. Энэ бүхнийг минь үнэлж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол өгсөн байх.” хэмээн хуучлав.

ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ,
ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН

Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын тэргүүний барилгачин тэрээр Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагнал хүртэж байжээ. Эрчим хүчний салбарт дөрвөн жил, барилгын салбарт 40 гаруй жил ажиллахдаа 40 гаруй оновчтой санал, гурван шинэ бүтээл, зургаан бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээсэн байна. Одоогоор түүнд бэлэн гурван төсөл байгаа бөгөөд бүгд өөрийнх нь патенттай бүтээл аж. Тухайлбал, “Хураагуурт хийн цахилгаан станц” (патент №2504) гэсэн өөрийн бүтээлээр 20 мВт хүчин чадалтай, цахилгаан станц байгуулах төсөл боловсруулжээ. Мөн “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан иж бүрэн төхөөрөмж” /патент№2499/ бүтээлээрээ тал хээрийн бүсийн сумдад гал унтраах сайн дурын хэсэг байгуулах төсөл боловсруулаад байгаа аж. Тэрээр мэргэжилдээ үнэнч, тууштай ажиллахаас гадна спортын хорхойтон, шүлэг яруу найрагт дуртай нэгэн аж.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН АНХНЫ ДОЛООГИЙН НЭГ

С.Эрдэнэбал гуай багадаа цанаар гулгадаг байж. Сүүлдээ чөлөөт, самбо бөхөөр барилддаг болсон талаар хуучилсан юм. Их сургуулиа төгссөний дараа тэрээр самбо бөхөөр барилдаж байгаад, 30 гараад спортын замналаа орхисон гэнэ. Долдугаар ангид сурч байхдаа цанын бүсийн тэмцээнд хоёрдугаар байранд орж байж. Түүнийг бүсийн тэмцээнээс ирэх үед Спорт хорооны дарга нь чөлөөт бөхийн секц байгуулж байгаагаа дуулгахад нь ангийн найз Л.Нямжавыгаа “уруу татаж”, чөлөөтийн секцэнд хамтдаа явах болжээ. Ингээд Хэнтий аймгийн чөлөөт бөхийн анхны долоо гэх тодотгол тэдний нэрийн нэг хэсэг болж, сонин хэвлэлд ч гарч байсан удаатай. Тэрээр барилдааны үеэр Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовт цэвэр ялагдаагүй ганц бөхөөр тодорч байсан талаараа дурссан юм. Ойдов гуай энэ хоёр нэг жингийнх байж. “Ойдов бид хоёр найз. Олимпийн хорооны дэд дарга агсан Дамдин Биндэрийнх, бас найзууд” хэмээн хуучилсан юм.

Гэрийн эзэн ижий, аав талаасаа хоёулаа лам удамтай гэнэ. Аавыг нь Самдан гэдэг, Сүхбаатар аймгийн хүн аж. Тэрээр аавынхаа тухай дурсахдаа “Аав минь Эрдэнэмандал хийдийн гавж хүн байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж, зургаан жил хоригдон, цагаатгагдаж гарч ирсэн. Харин аавын ах лам нь цаазаар авахуулсан юм билээ. Ээжийн тал ч мөн адил үе дамжсан лам нар байсан гэдэг. Аавын минь тухай нэг хүн хуучилж байсан юм. Нэлээд хойно намайг Барилга угсралтын конторт ажиллаж байхад Улаанбаатараас ачаа тээш тээгээд харьж явтал замд нэг өвгөн машинд сууж, бид Хэнтийн гүүр гараад Галшарын замаар явахаар болсон юм. Хэдэн гүвээ даваад мань хүн дуран нүүлгээд байх юм. Тэгж тэгж нэг овоон дээр хүрч ирээд хүнгэнэтэл ном уншаад сүйд боллоо. Гэнэтхэн намайг угз татаад “чи энд бууж мөргө” гэдэг юм. Чи Наваансамдан гавжийн бага хүү Эрдэнэбал биз дээ гэнэ. Тийм л гэлээ. Аавыг маань Наваансамдан гэдэг байсан юм билээ. Танай аав энэ овоог босгосон. Тухайн үед Галшарын хараал гэж их байж л дээ. Тэндхийн хараалыг нутагтаа оруулахгүй гэж аав минь Галшарын хилийн заагт хаалтын овоо босгосон юм билээ. Тэр хүнийг хэлэхэд л би мэдсэн. Эрдэнэмандалын лам нар 1990 он гараад хийд байсан газрын овоог тахисан юм. Нутгийн улсууд цугласан үеэр би хаалтын овооны талаар асууж сураглалаа. Үнэхээр ч дээр үед хаалтын овоо гэж байсан талаар хөгшчүүл хүүрнэсэн. Тэр хаалтын овоог босгосны дараа тухайн үед зартай хараал хийдэг залуухан хархүү яасан дийлдэггүй газар вэ, би очно гээд Эрдэнэмандалын хийдийг зорьж гараад очиж чадалгүй буцсан талаар ярьдаг юм” хэмээн хуучиллаа.

Гэрийн эзэгтэйг М.Сэржмядаг гэдэг. С.Эрдэнэбал гуай гэргийтэйгээ 1973 онд Сүхбаатар аймагт гэр бүл болж өдгөө 47 жил ханилж байгаа аж. 1997 онд ганц охиноо их сургуулиа төгсөхөд Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Гэрийн эзэгтэй мал аж ахуйн мэргэжилтэй. Тэрээр аймгийн Хөдөө аж ахуйн салбарт салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Гавьяаныхаа амралтыг авснаас хойш сүүлийн арав гаруй жил бясалгал, иогийн багшаар ажиллаж байгаа аж.

Түүний ижий, аав нь хоёулаа Сүхбаатар аймгийн Асгат сумынх аж. М.Сэржмядаг гуай “Аав маань сумын багшаас сумын дарга хүртэл ажилласан. Ээж минь яахав ар гэрээ авч явдаг, маш ажилсаг хүн байсан даа. Хэлмэгдүүлэлтийн үеийг аав маань их хэцүү байсан хэмээн халширсан янзтай ярьж байсан. Түмэн олны шүтлэгтэй тэр сайхан өргөөг нурааж эвдэлж сүйтгэхэд оролцсондоо харамсдаг талаараа гунигтайхан дурсдаг байсан. Тухайн үеийн даалгавараар л тэгж ажиллаж таараа шүү дээ” хэмээн хуучлав.

М.Сэржмядаг гуай “Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. Улсаас хатуу даалгавар өгдөг. Ажлын хариуцлага, сахилга бат маш хатуу чанга байсан. Би хөдөө томилолтоор их явна. Малчид маань нэг хонь авахын тулд олон даргын царайг харна шүү дээ. Мал хариулж байгаа хүн ч ганц шөлний хонь гаргах эрхгүй байсан үе” хэмээн ярив.

Тэрээр цааш нь ярихдаа “Би ханиараа бахархдаг. Социализмын үед зүүн гурван аймгийг барилгын материалаар хангахаар байгуулагдсан үйлдвэрт цахилгааны инженер, ерөнхий энергетикээр ажиллаж байсан. Үйлдвэр нам зогслоо гэхэд Бал инженер байна уу гээд эрээд гүйчихнэ. Уг нь зөвхөн цахилгаанаа хариуцах ёстой хүн шүү дээ. Үйлдвэрийнхэн “Бал инженер байхгүй бол манайх ч бүтэхгүй ээ” гэдэг байсан юм даа. Эрчим хүчинд ажиллаж байхад дизель цахилгаан станц нь байсхийгээд л унтарчихдаг. Энэ үед команд авсан юм шиг гараад л гүйнэ. Хагас цэрэгжсэн маягтай ажилладаг байсан. Барилгын материалын үйлдвэрлэлийн баазад ажиллаж байхдаа хань маань Шинийг санаачлагчдын бригадыг ахалдаг байсан. Тэр үед Шинэ бүтээл, оновчтой саналын улсын уралдаан гэж болдог байлаа, энэ уралдаанаас манай хүн алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг нь авсан даа. Тэдний бригад өөрсдийнхөө гаргасан шинэ бүтээл, оновчтой саналуудаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, улс орондоо маш их эдийн засгийн хэмнэлт, үр ашиг авчирдаг байсан” хэмээн хуучиллаа.

С.Эрдэнбал гуай, М.Сэржмядаг гуай хоёр ганц охинтой. Охиныг нь Ирэхбаяр гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй, одоо хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй.

Аавынхаа тухай охин нь “Далан нас давсан аавын маань оюун санаа тэтгэвэрт ер гардаггүй. Нэг л мэдэхэд ямар нэг шинэ бүтээл сэдээд олчихсон, патентаа авчихсан, төсөл хөтөлбөр биччихсэн сууна. Гартаа ч шаггүй уртай, зурвал зурчихна, оёвол ч оёчихно. Аав маань залуу стилиэр хувцаслах дуртай, саяхан хуучин өмдөө янзалж трапец болгочихсон сууж байсан. Бас шинэ материал аваад өөрөө эсгэж, өмд оёчихдог” хэмээн хуучилсан юм.

ШҮЛЭГ
ЯРУУ НАЙРГИЙН ОНГОДТОЙ НЭГЭН

С.Эрдэнэбал гуай хааяа мөр холбох дуртай аж. Өөрийн ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Эрчим хүчний 65 жилийн ойд зориулж “Мөнхийн үйлстэн” хэмээх дуу зохиожээ. Уг дууны аяыг УГЗ Ч.Сангидорж хийж, СТА А.Мөнхбат дуулан амьдруулсан байна.

Гангын ус шиг дөлгөөн

Миний нөхдийн үйлс нь

Газраар хөтөлсөн галтай

Гэгээрэх бүхний ундаргатай хэмээх мөртүүдээр эхлэх аж. Тэрээр мөн Улсын барилгын 90 жилийн ой, Сүхбаатар аймгийн барилгын 50 жилийн ойгоор мэргэжил нэгт нөхдөдөө зориулж, Монгол Улсын тэргүүний барилгачин, найз С.Мөнхтөрийн хамт “Миний андын үйлс” дууны шүлгээ бичжээ.

Зэрэглээ наадсан талдаа

Зэндмэнэ хотынхоо шавыг тавьсан

Эгэл даруухан миний андууд

Эрин зууныхаа түүхийг бүтээлцсэн хэмээн

эхлэх энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Ш.Батсайхан ая хийж, “Жаахан шарга” театрын дуучин О.Батболд, О.Баясгалан нар дуулж, клип хүртэл хийгээд авчээ. “Хан хэнтийн салхи” хэмээх Хэнтий аймгийн зохиолч, найрагчдын бүтээлийн түүвэрт С.Эрдэнэбал гуайн шүлгүүд мөн орсон талаар ярив.

Нэг л биш ээ

Утаанд нь уушги хордоод

Урдах зам минь түгжирч бөглөрөөд

Уур буцалсан харцууд мөргөлдөөд

Улаанбаатар минь нэг л биш ээ.

Түмэн олон нь хоосорч ядуураад

Төв талбайдаа жагсаж цуглаад

Түшээд нь тэрбумаар хувааж идээд

Төрийн минь сүлд өршөө, нэг л биш ээ

хэмээн уншсан юм.

Гэрийн эзэгтэй ч бас шүлэг найраг сонирхдог, сонинд нийтлэл бичдэг, нийгмийн идэвхтэй нэгэн байсан бөгөөд “Сүхбаатарын зам” сонины оны тусгай шагналыг хүртэж байсан нэгэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *