Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн бодлогоор эрдэмтдийн саналыг сонсов

Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт салбар бүрийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан тусгах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Өмнө нь ийм уулзалтыг мэргэжлийн салбарын холбоодын гишүүдтэй хийж байсан юм.

Салбарын сайдын онцолсноор Аж үйлдвэрийн салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичиг үндсэндээ боловсруулагдаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа оржээ. Бодлогод нэгдүгээрт, Аж үйлдвэрийн салбар нь төр-шинжлэх ухаан, хувийн хэвшилд түшиглэсэн экспортын чиг баримжаатай, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх Монгол Улсын тэргүүлэх салбар чиглэл байна гэж тодорхойлсон аж. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого тусч, түүнийг хөгжүүлэхэд худалдааны зохицуулалт шаардлагатай хэмээн үзжээ. Бодлогод үйлдвэрлэлийг гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгасан юм байна. Тодруулбал, 2015-2020 он, 2020-2025 он, 2025-2030 он гэж тодорхойлжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх тухай олонтаа ярьсан ч бэрхшээлтэй тулж ирсэн нь яаж ажлыг эхлүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байсантай холбоотой гэнэ. Нөгөө талдаа геофолитик, эдийн засгийн гаргалгааг зөв гаргаж өгөх нь хамгийн чухал тул эрдэмтэн, судлаачдын зөвлөгөө чухал байна гэдгийг энэ үеэр сайд Д.Эрдэнэбат онцлов.

Эрдэмтэн судлаачид “Аж үйлдвэрийн бодлого нь бие даасан хэлбэрээр төрийн бодлого болж батлагдаж байгаагүй, үндсэндээ шоовдорлогдсон байсан. Бие даасан яам байгуулагдсанаар бодлоготой болж, дунд, урт хугацаанд хийгдэх ажлууд тодорхой болсноор их өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ. Бодлогын баримт бичигтэй танилцахад дүн нуруу нь сайн гарсан байна. Бодлогод аж үйлдвэрийн салбараа сайн дэмжихээр тусгасан шигээ хамгаалах бодлого мөн цуг тусах ёстой. Ингэхдээ одоо байгаа үйлдвэр, шинээр байгуулагдах үйлдвэрүүд нь дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах боломжтой вэ гэдгийг илүү нарийвчлах. Аж үйлдвэрийн хөгжил, технологийн хөгжил хоёрыг хамтад нь авч үзэх. Шууд хамааралтай асуудлыг салангид авч үздэг байснаас олон төсөл хэрэгжих шатандаа мухардалд орж байсныг сануулав. Тухайлбал, Дулааны цахилгаан станцыг түшиглэн хагас коксжсон түлшний үйлдвэртэй болно гэж төрөөс тэрбумаар нь хөрөнгө хаясан. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нэгж нь үйлдвэрлэлд нэвтрээгүй технологийг ашиглан үйлдвэр байгуулах гэснээс энэ бүхэн бэрхшээлтэй тулж, эргээд мөнгө угаах хэрэгсэл болон хувирч болзошгүй зүйл рүү орж байгаа тул үүнд анхаарах.

Нөгөө талдаа боловсон хүчнийг бэлтгэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах. Чадвартай мэргэжлийн боловсон хүчинтэй байж аж үйлдвэрийн салбар хөгжинө. Өнөөдөр аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болсон юм байна. Тиймээс бодлогоор хүний нөөцөө бэлтгэхэд анхаарч энэ асуудлыг Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгах. Нэгдсэн судалгааны төвтэй болох. Ой модны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах. Энэ хүрээнд ойн хоёрдогч түүхий эдийг боловсруулдаг болох зэрэг олон чухал саналыг дэвшүүлсэн юм.

Салбарын сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн түшиг тулгуур нь болох ёстой хүмүүс нь эрдэмтэн судлаачид та бүхэн. Бодлогын баримт бичигт та бүхний санал туссанаар үндсэндээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, УИХ-д өргөн баригдах боломжтой болно” гэж уулзалтын төгсгөлд онцлон хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *