Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулах үүрэг өгчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Сарын хугацаанд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 252 иргэн, 741 аж ахуй нэгжид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 150 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллаж, нийт 368 зөрчил илрүүлснээс 297 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлагыг хангаж байна. Төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 39 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх шаардлагатай байна” гээд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж, Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, машрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтар хийж ажиллах, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй байгаа болон баригдаагүй зогссон барилгын нарийвчилсан судалгааг гаргаж нийслэлийн удирдлагуудад танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *