Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжүүд инээмсэглэл эсвэл гахайны дүрс хүлээж авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр нар Баянгол дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад жил бүр явуулдаг аттестатчилалыг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Энэ жилийн хувьд аттестатчиллыг нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаантай хамтатган явуулахаар боллоо. Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь болзолт уралдааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд эрүүл ахуй, тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг хянан зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжинд хугацаатай үүрэг өгч биелэлтийг хянах юм. Товлосон хугацаанд зөрчлөө арилгасан бол инээмсэглэсэн дүрс бүхий /smile/ наалт өгнө. Удаа дараа зөрчлөө арилгаагүй бол /гахай/-ны дүрс бүхий наалт нааж, олон удаа давтан авсан бол хаах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулав.

Уралдаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хүүхдүүд гадаад оронд аялж ирээд манай хот хэзээ ийм гоё болох вэ гэж ээж ааваасаа асуудаг. Хот цэвэр цэмцгэр байх эсэх нь нийслэлд оршин сууж байгаа иргэд биднээс л шалтгаална. Төрийн байгууллага л хотын хог цэвэр цэмцгэр байдалд анхаарал хандуулахаас илүү хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран ажиллах нь илүү чухал байна. Нэг тэрбум төгрөгөөр гудамж талбай, хэсэг газрыг тохижуулахаас илүү аж ахуйн нэгжүүдээ урамшуулан хамтран хотоо хөгжүүлэх нь л чухал. Байгууллагынхаа орлогыг нэмэгдүүлье, үйлчлүүлэгчдээ татах маркетинг хэрэгжүүлье гэдэг аж ахуйн нэгжүүд орчноо маш сайхан тохижуулдаг. Тэр хэрээр хэрэглэгч, үйлчлүүлэгч нь нэмэгддэг. Эрүүл ахуй, орчны тохижилт муу газраар иргэд үйлчлүүлэх дургүй байх нь тодорхой. Тиймээс нийслэлээс сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлан энэ оны 09 сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж сайн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээ зарлах юм” гэв.

Болзолт уралдааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан жагсаалтын дагуу тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилал явуулна. Аттестатчиллыг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэж дүнг хавсралт хүснэгтээр Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст энэ оны 06 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. Үүнд:

  • Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилт
  • “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS5021:2007” стандартын шаардлагыг хангасан байдал
  • Тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын хэрэгжилт
  • Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан байдал
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад өөх тос баригчийг суурилуулсан байдал
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын болзолт уралдаанд оролцож буй идэвхи, бүтээн байгуулалт, тохижилт, цэвэрлэгээний ажлын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдал зэрэг үзүүлэлтийг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгахад харгалзаж үзэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *