Categories
мэдээ нийгэм

Айраг сумын засаг дарга Л.Мөнхжаргал: Үерт өртсөн иргэд аав, ээж, ах, дүүгийндээ амьдарч байна

Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлууд усанд автсан юм. Нөхцөл байдал ямар байгаа талаар Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалаас тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ “Өглөөний 09.40 цагийн орчимд аадар бороо орж эхлээд 10.00 цаг хүртэл үргэлжилсэн. Маш их устай бороо орсон. 30-аад минут хэртэй зогссон ч 10.30 цагаас дахин орж 16.00 цаг хүртэл үргэлжилсэн. Үерт 11 айлын гэр, байшин өртөж, усанд автсан. Долоо нь гэр, дөрөв нь байшин. Цэцэрлэг, эмнэлгийн хувьд гайгүй, сургуулийн дээврээс дусаал гоожсон. Хүн үер усанд өртөөгүй. 11 айлын 33 ам бүл орох оронгүй болоод байна. Тэдний 16 нь том хүн бол 17 нь хүүхэд. Иргэд маань аав, ээж, ах дүүгийндээ байна. Аймгийн Онцгой байдлын комисс хуралдаад үерт өртсөн айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн. Гэр, байшин доторх эд хогшлыг гаргаж аваад байна. Сумын төв тойромтой, ус тогтдог хонхор газар байрладаг. Сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй их үер манай суманд өчигдөр буулаа. Сумын хувьд энэ зун ер нь гандуу байсан. Наадмын дараахан бороо орж, газрын өнгө зассан. Гэтэл өчигдөр гэнэт аадар бороо орж, их гамшиг нүүрлэлээ. Үерийн гамшгийг арилгахаар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд гээд бүгд ажиллаж байна. Танай сумын ойролцоо галт тэрэг осолдсоноос бэртэж гэмтсэн хүмүүсийг сумын эмнэлэгт осол болсон даруйд 11 хүнийг зөөвөрлөж авчирсан. Сумын цэцэрлэг, сургууль, захиргааныхан бүгд ажиллаж байгаа. Сэргээн засварлах ажил хийж байгаа хүмүүст хоол унд хийхээс эхлүүлээд нэлээд ажил байна. ОХУ-аас төмөр замыг засах сэргээн босголтын галт тэрэгний цуваа урьд шөнө буюу 02.00 цагийн орчимд ирсэн. Төмөр замын зөрлөгүүдээс бас хүмүүс ирсэн ажиллаж байна. Нийтдээ 200 гаруй хүн ажиллаж байна” гэв.

Дашрамд дурдахад Айраг сум хандивийн данс нээсэн байна. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд дараах дансаар хандив өргөх боломжтой юм. /Хаанбанк 5361184739 Айраг сумын ЗДТГ/



Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *