Categories
мэдээ цаг-үе

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, ерөнхий захирал Б.Лакшми, судлаач Э.Тунгалаг нар “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” танилцууллаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж эхэлсэн бөгөөд энэ жил 10 дахь жилдээ хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 175 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн бөгөөд аймгуудын өрсөлдөх чадвар сайжирсан хэмээн дүгнэж буй юм. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021”-д дурдсанаар аймгуудын эдийн засаг, засаглалын хувьд сайжирсан ч дэд бүтцийн хувьд сайжирсан зүйлгүй, бизнесийн орчны үнэлгээ буурсан байна. Өрсөлдөх чадварын индексээр байр эзлүүлэхэд Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь удаалжээ. Харин Булган аймаг хамгийн бага оноо авсан байна.

Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд тэргүүлсэн бол Завхан, Дундговь, Баян-Өлгий аймгууд сүүлийн байр эзэлжээ. Бизнесийн орчин, үр ашиг Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад өндөр байгаа бол Завхан, Говь-Алтай, Булган аймгийн хувьд бизнесийн орчин сул идэвхгүй байна. Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Говьсүмбэр Сэлэнгэ аймаг тэргүүлсэн бол Баян-Өлгий, Завхан, Ховд сүүл мушгижээ. Харин Дорноговь, Дархан-Уул, Ховд, Орхон аймгууд дэд бүтцийн хөгжлөөрөө тэргүүлсэн бол Төв, Булган, Баянхонгор аймгууд энэ бүлгийн үзүүлэлтээр хамгийн бага үнэлгээ авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *