Аймгийн
удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт
болсон Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн
Жаргалант, Архангайн Эрдэнэмандал, Ховдын Үенч сумыг улсын тэргүүний сумдаар
шалгаруулсан гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Сайханбилэг хэллээ.
Дорноговь
аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын дэд бүтцийн барилгын ажлын хэрэгжилт сайн
байна. Энэ төсөл хэрэгжсэнээр тус аймгийн 60 мянган хүн амын 50 хувь нь оршин
суудаг энэ хоёр сумын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ бүрэн шинэчлэгдэж,
иргэдийн ая тухай амьдрах боломж бүрдэнэ. Тус аймаг архи үйлдвэрлэдэггүй аймаг
болсноо зарласан.
Орхон аймагт
“Өлзий хутгийн наран” ХХК асфальт, бетоны үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа
эхлүүллээ.
Өвөрхангайд
бетон зуурмагийн “Зул баян ундрах”
үйлдвэр байгуулагдаж, 20 гаруй хүн ажилтай боллоо. Энэчлэн өнгөрсөн сард
аймгуудад зохион байгуулсан сайн ажил олон байна гэж Засгийн газрын ХЭГ-ын
дарга Ч.Сайханбилэг онцоллоо.
Энэ онд 6
аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно, 9 аймагт
дулааны станц барина. Мөн аймгуудад 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн
зэрэг аймаг бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд олон ажил
хийгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд
аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж, хяналт тавьж, ажлын явцын
талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.
11 аймгийн төвд иж бүрэн Оношилгооны төв байгуулсан. Энэ
төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, чадавхижуулах,
иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарч
ажиллах ёстой гэж тэрээр хэллээ.
Хуралд оролцсон Барилга, хот байгуулалтын сайд
Ц.Баярсайхан,
-Өнгөрсөн онд улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум”
төсөл хэрэгжсэн, энэ онд 16 суманд Засгийн газрын энэ төсөл хэрэгжинэ, мөн НҮБ,
Азийн хөгжлийн банкнаас 12 суманд шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эдгээр
сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гарсан гэлээ. Мөн тэрээр “Аймгийн төвүүдэд
1000 айлын орон сууц барих ажил эхэлсэн.
Энэ хүрээнд аймгийн төвд баригдсан орон сууц болон амины орон сууц худалдаж
авсан иргэдийг 8 хувь, үүнээс бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа ид
хийгдэж байна” гэлээ.
Хурлын төгсгөлд Сангийн яам, Барилга, хот байгуулалт,
Эдийн засгийн хөгжил, Уул уурхай, Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэнд зэрэг
яам, агентлагийн удирдлагууд аймгийн
Засаг дарга нарын асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ.