Categories
мэдээ нийгэм

Аймгуудын баяр наадам хэдийн эхэлжээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан зарим аймаг, сумдын наадам товлосон хугацаанаасаа хойшлогдоод байгаа юм. Наадамчин олон та бүхэн нутаг, нутгийн наадам хэдэнд болохыг үзнэ үү.

Булган

Булган аймгийнхан долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд наадамлана. Харин тус аймгийн сумдын наадам долоодугаар сарын 09-10-ны өдрүүдэд болно.

Говь-Алтай

Баруун хязгаарын цэнхэрхэн нутаг Говь-Алтай аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 8-9-нд болох аж. Өнөө жил Хантайшир дэвжээнийхэн их өнгөтэй байгаа сурагтай шүү.

Архангай

Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болохоор товлогдсон байна. Харин бүх сумдын наадам нь долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж. Өнөө жилийн улсын баяр наадмын түрүү бөх энэ нутгаас тодорч магадгүй. Тэр нь улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Идэрхэн аваргаа Архангайчууд итгэл хүлээлгэж л байгаа байх.

Баян-Өлгий

Казах ястан аж төрөн буй Өлгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж болно.

Баянхонгор

Хонгор нутгийнхан өнөө жил нийслэлийнхээ ойн баярыг наадамтайгаа хослон тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийхээр болжээ.

Говь-Сүмбэр

Манай улсын хамгийн жижиг аймгуудын нэг Говь-Сүмбэр аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.

Дархан-Уул

Дархан хотынхон аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ. Орхон сумын наадам өнөөдөр эхэлжээ. Мөн Шарын гол, Хонгор сумын наадам маргаааш болно.

Дорноговь

Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 11-12-нд болох юм байна.

Дорнод

Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Харин сумдын баяр наадмын товыг дараах хуваарийн дагуу баталжээ.

Завхан

Завхан аймаг Үндэсний их баяр наадмаа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин бүх сумдын наадмыг долоодугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон

2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхончууд долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд наадна. Харин Жаргалант сумын наадам долоодугаар сарын 09-10-нд болно.

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно. Харин Хархорин сумын наадам долдугаар сарын 8-9-нд болохоор товлогджээ.

Өмнөговь

Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

Сүхбаатар

“Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Сэлэнгэ

Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар эхэллээ. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой.

Төв

Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 13-15 өдрүүдэд болно.

Увс

Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ховд

Олон ястны өлгий Ховд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно. Харин сумдын наадам долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Хөвсгөл

Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа хийхээр болжээ.

Хэнтий

Хан Хэнтийхэн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол Улсын дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнийг залган гарч ирж буй улсын залуу арслан Энхтөгсийн Оюунболдыг өнөө жил нутгийн түмэн нь аварга болно хэмээн итгэл хүлээлгэж суугаа нь тодорхой биз.

Ерөнхийдөө аймаг, сумдын баяр наадам энэ сарын 10-аас эхэлж, сүүлийн наадам нь 29-нд өндөрлөх аж.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *