Categories
мэдээ нийгэм

Аймгийн хэмжээнд “өвсгүйн зуд” нүүрлэж байгааг онцлов

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай
бүлэг баруун бүсийн төв Ховд аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг аймгийн
Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдууллаа. Аймгийн Засаг дарга
Д.Галсандондог болон баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын
газрын дарга, хошууч Б.Алтанбадралт нар өвөлжилтийн нөхцөл байдлын
талаар танилцууллаа.

Ховд аймгийн 17 сум, 91 багт 2016-2017 оны өвөл 8295 малчин өрх
өвөлжсөн, 2017-2018 онд урьдчилсан дүнгээр 6863 малчин өрх өвөлжиж
байна.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах Засгийн газрын 186 тогтоол,
аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгаврын хүрээнд хадлан 64,5
мянган тн, сүрэл 304 тн, ногоон тэжээл 143 тн, үйлдвэрийн тэжээл 358 тн,
гар тэжээл 2,4 мянган тн-ыг тус тус бэлтгэж дотоодын хэрэгцээг хангасан
бол малчин өрх өвөлжилтийн хувийн бэлтгэлийг 90,7 хувиар, аймгийн мал
аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 77,4 хувиар хангасан байна.

Аймгийн сумдаар 5-10 см цасан бүрхүүл тогтож, хунгарласан газраа
10-30 см-т хүрч, мал бэлчээрлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсчээ.

Аймгийн нийт нутгийн 94 орчим хувь нь цасан бүрхүүлтэй болж, шөнөдөө
29-42 хэм, өдөртөө 22-30 хэм хүрч хүйтэрч байна. 2018 оны 01 дүгээр
сарын 25-ны байдлаар 27740 мал хорогдож (үүнээс тэмээ 157, адуу 840,
үхэр 1365, хонь 8364, ямаа 17014), 3585 мал хээл хаясан мэдээтэй байна.

Чандмань, Манхан, Дарви, Дөргөн, Мөнххайрхан, Мянгад сумдад малын
хорогдлын ихэнх хувийг эзэлж байгаа аж. Алтай, Үенч, Булган сумдын
нутгаар ургац 1.0-3.0 ц/га ургацтай, Алтай салбар уулсаар 0.5-1.0 ц/га,
ихэнх сумдын нутгаар ургац маш бага 0.0-0.5 ц/га ургацтай гарсан нь ирэх
2017-2018 оны бэлчээрийн даац, багтаамжийн хэмжээг тодорхойлсон
байдлаар гаргахад 5% нь бэлчээрийн нөөцтэй, 5% нь бэлчээр хүрэлцээтэй,
17% нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10% нь даац 3-5 дахин хэтэрсэн, 63% нь
даац олон дахин хэтэрсэн судалгаа гарчээ.

Малчид, ард иргэдээс гарч байгаа санал, асуултуудад дурдагдаж байсан
анхаарал татсан асуудлуудын нэг нь энэ жил “өвсгүйн зуд” болж байгааг
онцолж байсан байна. Тухайлбал иргэд, олон жилийн зудыг үзэж байсан.
Гэхдээ энэ жилийнх шиг газарт ганц ч өвсгүй зуд харж байгаагүй гэдгийг
хэлж байгаа нь хавар нэлээд хүндрэх төлөвтэй байгааг харуулж байна гэж
Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт ярьлаа.

Аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Дөргөн,
Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд,
Эрдэнэбүрэн, Мянгад нийт 12 суманд 6000 боодол өвс, 2400 уут тэжээлийг
малчдад хүргэжээ.

Мөн өвөлжилт хүндэрсэн Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг,
Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад нийт 12 сумдын Засаг
даргын Тамгын газарт шатахууны дэмжлэг болгож сум тус бүрт 500,0 мянган
төгрөг нийт 6,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид, ард иргэдэд эрүүл мэндийн
үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар,
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын
хэсэг сумдад ажиллажээ.

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумдад 472 сая төгрөгийн үнэ
бүхий өвс, тэжээл, шатахуун, гурил будаа, бусад эд материалын тусламжийг
орон нутгаас үзүүлсэн байна.

Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт хэд хэдэн санал, хүсэлтийг тавьлаа.

Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Зэрэг, Дуут сумдын
эрүүл мэндийн төвийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг автомашинуудын гүйлт,
километр дууссан, эвдрэл, гэмтэл тогтмол гарч эрүүл мэндийн үйлчилгээ
явах боломжгүй болсон тул гурван автомашин, Онцгой байдлын газрын Улсын
нөөцийн салбарт 1000 тн өвс, 250 тн тэжээлийн тусламж, Мөст сум дахь
шатахууны цэгээс 100 тн түлш хөнгөлөлттэй үнээр гаргах, бог малын
мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2018 онд төллөх төл малд 5-7
дугаар сард хийх вакциныг шийдвэрлүүлэх зэрэг саналыг Улсын Онцгой
комиссын шуурхай бүлэгт уламжиллаа.

Аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас тавьсан
саналыг үндэслэн Ховд аймагт улсын нөөцөөс 400 тонн өвсийг үнэгүйгээр,
250 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн
эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *