Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Аймгийн харцага Баяраагийн Төрмагнай: Сар шинийн барилдааны үеэр аавынхаа дээлийн захыг гараа цуцтал мушгидаг байж билээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат удамт бөх аймгийн харцага Баяраагийн Төрмагнайтай ярилцлаа. Түүний хувьд улсын наадамд завсаргүй тав түрүүлсэн дархан аварга Дамдины ач хүү юм.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү та. Баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Сайхан шинэлж байна уу. Баярын өдрүүдэд халуун ам бүлээрээ бужигнаад, дулаан уур амьсгал дунд л өнгөрүүлж байна. Өмнө нь бэлтгэл сургуулилт гэж яваад гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулж амждаггүй байж дээ. Хөл хорио тогтоосон өдрүүдэд өөрийгөө чөлөөлөөд хүүхдүүдтэйгээ шуугилдаад сайхан байна.

Хүүхэд байхад битүүний өдөр өглөө эртлэн босоод аавынхаа зодог шуудгийг арцаар ариулж сайхан эвхэж цүнхлээд ээжийнхээ хийсэн хоол цайг идчихээд аавтайгаа хамт Спортын төв ордон руу цүнхийг нь үүрээд гардаг байлаа. Аавын минь цүнх хүнд гэж жигтэйхэн. Өдөржин л бөхийн барилдаан дээр аавыгаа үзээд л тэрүүгээр тоглож гүйдэг байж. Аавыгаа барилдахаар гарахад дээлнийх нь захыг гараа цуцтал зангидаж эргүүлдэг байлаа. Бөх тараад л хоёулаа Спортын төв ордноос хойшоо гэр лүүгээ явна. Явах замдаа өнөөдрийн бөхийн талаар ярьж хөөрөлдсөөр гэртээ ирэхэд ээж, эгч нар минь идээ будаагаа засчихсан нэг л дулаахан сайхан гэр минь угтдаг байж билээ. Би ч ороод аавынхаа зодог шуудгийг гаргаж хатаагаад байны мөнгөө бурхан дээрээ өөрөө даваад мөнгө авчихсан хүн аятай л тавьдагсан. Өдөржин халуун зааланд ядарсан намайг унтаж байхад аав маань сэрээгээд гэрийн хоёр эр хүн гарч мөрөө гаргана гээд дууддагсан. Хоёулаа гарч мөр зүгээ гаргачихаад гэртээ ээж, эгч нартайгаа шинэлээд бүгдээрээ нар мандахтай зэрэгцээд өвөөгийндөө очно.

-Сар шинийн барилдаан зохион байгуулах тухай яриа хүчтэй гараад намжлаа. Барилдаан болох нь гэсэн хүлээлт байв уу, танд?

-Сар шинийн баярт зориулсан барилдааныг зохион байгуулагдах сургаар өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базаагаад догдолж л суусан. Харамсалтай нь, цуцлагдчихлаа. Жаахан эрт барилдах цөөхөн бөхөө шинжилгээнд хамруулж тусгаарлаад зохион байгуулчихсан бол гэж санах юм. Хатуу өвлийг өнтэй давснаа тэмдэглэдэг уламжлалт баяраар бөхөө барилдуулж цэнгэдэг энэ сайхан уламжлалыг тасалдуулалгүй зохион байгуулаад явчихсан бол хэрэгтэй байсан юм болов уу.

-Та аавынхаа улсын заан болдог өглөө нь мэндэлсэн гэдэг бил үү?

-Би Улаанбаатарт төрж өссөн. Манайх Бага тойрууд Монгол гуравдугаар сургуулийн хойно амьдардаг байлаа. Тэр хавьд л хүүхэд нас минь өнгөрсөн. Миний аав 1957 оны долдугаар сарын 13-нд төрсөн. Тэр жил нь дархан аварга Д.Дамдин миний өвөө улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм билээ. Улсын баяр наадмаар төрсөн учраас аавд минь Баяраа гэх нэр хайрласан гэдэг. Миний тухайд 1988 оны долдугаар сарын 12-ны өглөө үүрээр 05:00 цагийн алдад төрж байсан гэдэг. Тэр өдөр нь миний аав улсын заан цол хүртэж байсан юм билээ. Аав минь улсын наадамдаа хоёр давчихаад гэртээ ирэхэд нь л ээж минь өвдөж эхэлсэн гэдэг. Маргааш өглөө нь нар мандаж байхад хүүтэй болсон баярт мэдээг дуулаад л аав минь Төв цэнгэлдэх рүү гарч байсан тухайгаа сүүлд хэлж байсан. Сонин түүх шүү.

-Сар шинийн баяраар өвөөгийнд тань дүүрэн хүн цуглана биз. Өвөөгийн өвөр дээрээс буудаггүй хүүхэд байв уу?

-Баяр жаргал бялхсан өдрүүд болдог байж. Шинийн нэгний өглөө бид аав, ээжтэйгээ золгоод л өвөөгийнх рүү очно. Өвөөгийнх Сансарын колонкийн урд талд 25 дугаар байранд амьдардаг байлаа. Тэнд л жинхэнэ Цагаан сар болно шүү дээ. Өвөөтэй золгохоор ирэх ах дүү нар нь олуулаа. Нутгийнхан нь, бөхчүүдийн төлөөлөл гээд л орцонд багтахгүй л шахцалдаж байдаг сан. Өвөө минь намайг дуудаад л өвөр дээрээ суулгана. Надаас өөр хүн тэнд суухгүй. Хүмүүс ч зай завсаргүй золгоно. Өвөөгийн өвөр дээр суувал л мөнгөтэй болно гэсэн ойлголттой хүүхэд байж билээ (инээв). Хүүхэд насны Сар шинийн өдрүүд иймэрхүү өнгөрдөг байсан даа.

-Аавыгаа дагаж наадмын бэлтгэлд гардаг байсан биз. Аварга Батсуурь та хоёр хамт явдаг байсан байх?

-Мэдээ орсон цагаасаа л аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гардаг байлаа. Бөхийн гал дээр мөн ч гоё өдрүүд үлдэж дээ. Бөхийн бэлтгэлд гарахыг их хүлээнэ. Аав минь намайг дагуулж бэлтгэлд гарах их дуртай. Нэг зун аав наадмын бэлтгэлд гарахаар шигшээ багийн цугларалтаас ирсэн юм. Би унтаж байж таарч л дээ. “Хүүгээ сэрээгээд яах вэ, энэ удаа үлдэг” гээд гарахад нь би сонсчихсон. Хувцсаа ч гүйцэд өмсөлгүй харайгаад аавынхаа машинд сууж байсан тухай манай гэрийнхэн хэлдэг юм. Аав минь монгол бөх гэх энэ их өв соёлын тухай ойлголт өгөх гэсэндээ л намайг дагуулж бэлтгэлд гардаг байсан юм болов уу даа.

Тэр үед улсын харцага Г.Намсрайжавын хүү аварга Батсуурь, Ч.Бямбадорж зааны хүү улсын начин Заяамандах, Ганболд зааны хүү аймгийн хурц арслан Ганням бид бөхийн гал дээр таарна. Өдөржингөө л хөөцөлдөж тоглодог байж дээ. Бага байхаас нь мэдэх найзуудыгаа сайн сайхан явааг нь хараад баярладаг юм. Батсуурийгаа аварга болоход нь жигтэйхэн их баярласан даа. Ямар хэцүү бэрхийг туулсныг нь эрт үеэс л мэдэх хүний хувьд огшоод л ирсэн. Бусдын сайн сайханд баярлах чанарыг аав минь надад сургасан юм болов уу гэж боддог юм. Өөрөө аливаа зүйлд тууштай, ноён нуруутай яваарай гэж хэлдэг байсан.

-Таны өвөө Дарийн Дамдин аварга Уйлган голын хүн. Гурван дархан аварга төрсөн монгол бөхийн голомт нутаг шүү дээ. Өвөө, аавынхаа нутгийн талаар ярихгүй юу. Зун болгон л очдог байв уу?

-Жил бүрийн наадмын дараа л гэр бүлээрээ Уйлган голдоо очдог байлаа. Хөвсгөлийн Цагаан-Үүр сум битүү модоор хүрээлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Тэр дундаа Уйлган голын хөндий онцгой сайхан газар. Тэнд одоо ч гэр бүлээрээ очдог. Аав, өвөөгийнхөө өссөн газраас амар амгаланг мэдэрдэг дээ. Аавын минь талын ах дүү нар Уйлган голын хөндийдөө л мал аж ахуйгаа эрхлээд аж төрдөг юм. Нутгийн зон олон минь намайг аваргын ач хүү гэж их хүндэлдэг нь үнэхээр сайхан.

-Та Хөвсгөл аймгийнхаа наадмаар харцага цол хүртсэн байх аа. Цол хүртсэн наадмынхаа талаар дурсвал…

-Хөвсгөл аймгийнхаа 80 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цол хүртэж байлаа. Тэр баяр наадмын зургаагийн даваанд улсын начин цол хүртээд удаагүй байсан М.Эрдэнэбат ах маань намайг амлаж барилдаад элэг бүсээ тайлж билээ. Их аваргын удмыг дуурсгаж сайн барилдаасай гэсэндээ намайг дэмжсэн юм билээ. Тухайн барилдааны өмнө надад юу ч хэлээгүй байж байгаад амлаж барилдаад даваа өгсөн. Их л сайхан санагдаж байсан даа.

-Наадмын өглөө аавыгаа болон өвөөгөө дурсана биз?

-Аймгийн харцага цол хүртсэнээс хойш 10 орчим жил өнгөрчээ. Наадмаар миний төрсөн өдөр тохионо. Аймгийн наадмуудад л зодоглож таарна. Наадмын нээлтээр баярын жагсаал болж байхад өвөө минь, аав минь нүдэнд харагдаад л үнэхээр сайхан санагддаг. Хүүхэд байхад гараас нь хөтлөөд л Төв цэнгэлдэх рүү орж байсан үе санаанд буудаг юм. Одоогоор би цолоо ахиулж хараахан амжаагүй л явна. Гол төлөв дөрвийн даваанд л тахим буулгана. Сэтгэл дундуур үлдсэн наадмаас буцаж явахдаа “Өвөө минь, аав минь байсан бол хариуцлагатай давааны өмнө надад юу зөвлөх байсан бол” гэж их эргэцүүлдэг юм. Их л нөмөр нөөлөг болох байж дээ. Гэлээ гээд мөнх бусын хорвоог яалтай билээ. Тэр бүрийг бодоод биеэ бариад байвал өөрийгөө дайчилж барилдаж чадахгүй. Анхандаа ч аваргын ач хүү гээд л хүмүүс их анзаарна. Тэр нь сайхан ч барилдааны үеийн сэтгэл зүйд их нөлөөлдөг байлаа. Одоо ч сэтгэл зүйгээ бэлтгээд сурсан байна. Гэхдээ л наадмын дэнж рүү зүглэхэд аавыгаа, өвөөгөө дурсаж өөрийн мэдэлгүй л огшдог юм.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний эхнэр Эрдэнэчимэг Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Бид хүү, охин хоёртой. Миний хадам аав түрүүлж байсан Галхүү гэж бөх хүн. Хүүгээ дагуулаад наадмын бэлтгэлд гарах юм сан гэж хүсдэг. Хүү минь гурван ой гарантай. Ирэх зун дагуулаад гарах бодолтой л байна. Өөрөө бөхийн орчны гоё сайхныг дэндүү сайн мэдэх болохоор хүү минь барилдаасай гэж хүсэх л юм. Гэхдээ хүү минь юу сонирхох нь уу, анзаарч л байна.

-Та барилдахын хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?

-Спорт залуу насны л ажил. Бөхийн замнал өндөрлөхөд дахиад олон жилийн амьдрал ард нь бий. Миний тухайд их сургуулиа аялал жуулчлалын мэргэжлээр дүүргэсэн. Би 032 дугаар ангийн тамирчин хүн. Бэлтгэлийнхээ зай завсраар өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд л явж байна.

-Дамдин аваргын удмын өөр ямар бөх барилдаж байна вэ?

-Өвөөгийн төрсөн ах Жамсран гэж хүн бий. Түүний охиных нь хүүхэд Нармандахын Жаргалбат гэж аймгийн арслан цолтой залуу бий, цэргийн ангид ажилладаг. Бид хамтдаа бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *