“Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс санаачлан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаан амжилттай боллоо. Аймгийн хурц арслан долоо, аймгийн арслан 42, аймгийн заан 15, аймгийн харцага 26, аймгийн начин 64, сумын заан 102 зодоглосон тус барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав тодров.
Тэрээр энэ жил Хөвсгөл аймгийнхаа наадамд найм даван түрүүлсэн бөгөөд шуудагдсан барьцнаас түлхүү барилддаг, бяртай бөх юм. Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлэсэн байна. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нар шалгарлаа. Үзэгч олны талархлыг хүлээдэг бөхчүүдийн нэг Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол Завханы М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн хүнд жинд амжилттай барилдаж байгаа бөх юм.