Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэлийн удирдлагуудын семинар эхэллээ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар Төрийн ордонд эхэллээ. Сургалт семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, сургалт семинарын үйл ажиллагаанд Засаг дарга нарыг амжилттай оролцохыг хүслээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ газрын ажилтнууд нутгийн удирдлагын чиглэлээр бүхий л асуудлыг хариуцаж, орон нутгийн удирдлагуудтай байнга холбоотой ажиллана гэдгийг хэллээ.

Тус газраас зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцах юм. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл заана.

Маргааш буюу энэ сарын 23-ны 14 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурна. Энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжлах болно.

Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэхэд оролцож, саналаа хэлж, Монгол Улсын 2016 оны төсөвт хийх тодотголын талаар танилцуулга сонсч, улс орны төсөв, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл авна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *