Хөлбөмбөгт одоо үйлчилж байгаа дүрмээр “Айлын талбайд оруулсан гоол” чухал ач холбогдолтой байдаг билээ. Тийм ч учраас “Айлын талбайд оруулсан гоол хоёр гоолтой тэнцэнэ” гэсэн хэлц үг гарсан байдаг. Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбоо энэ дүрмийг цуцалжээ. ЕХХ энэ талаар албан ёсны шийдвэрээ хэдийнэ гаргасан ч “Евро 2020” завсарлахыг хүлээж байсан аж. Шинэ дүрэм 2021-2022 онд ЕХХ-ноос зохион байгуулагддаг бүх тэмцээнд хэрэгжинэ.
Айлын талбайд оруулсан гоолд ач холбогдол өгдөг дүрэм ийнхүү 45 жил хэрэгжээд хүчингүй болж байна. Хоёр тоглолтын нийлбэрээр тэнцсэн багууд нэмэлт тоглолт хийх нь зохион байгуулагчдын хувьд хүндрэлтэй байсан тул ЕХХ 1965 оноос эхлэн айлын талбайд оруулсан гоол илүү ач холбогдолтой одоогийн дүрмийг хэрэглэж байгаа юм. Мөн тухайн үед зочлон тоглох нь багуудад маш хүнд тусдаг байсан тул зочдын 16 хувь нь л хождог бодит статистик байсан нь дүрмийг хэрэглэхэд түлхэц өгч байж. Харин одоо хэрэгжих гэж байгаа дүрмээр бол багууд нэмэлт тоглолт хийхгүй. Хоёр тоглолтын нийлбэрээр тэнцвэл 15, 15 минутаар хоёр үе нэмж тоглоод 11 метрийн цуврал цохилтоор ялагчаа тодруулах юм байна.