Categories
мэдээ улс-төр

АЙЛЧЛАЛ: АНУ-ын конгресс дахь Монголын бүлгийн даргатай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна.

Тэрээр 2004 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулж 2010 оноос Жим Макдермотын хамт АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийг хамтран тэргүүлж байна. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих бүлгийн дарга Жим Макдермотт нь Конгрессын Хүн амын орлогын аюулгүй байдлын хороо, гэр бүлийг дэмжих дэд хорооны даргаар ажилладаг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хугацаанд байнга дэмжиж ирсэн Конгрессийн гишүүдэд гүн талархал илэрхийлээд цаашид Монгол Америкийн харилцаанд илүү шат ахина гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Конгрессын 828 дугаар тогтоолыг санаачлан батлуулсан ба Конгрессын нийт 27 гишүүн хамтран санаачилсан уг тогтоолд хоёр улсын хооронд стратеги, улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон талт болон хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх, Монгол Улсыг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг дэмжихийг уриалжээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШРИ МУЛЯНИ ИНДРАВАТИТАЙ УУЛЗЛАА

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөлөө.

Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.

Тус банк нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн захиргаа, дэд бүтэц, санхүүгийн болон хувийн салбарын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн удирдлага зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүүгүй болон бага хүүтэй зээл олгодог юм.

Мөн хөгжиж буй улс оронд бодлогын зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, техникийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2030 он хүртэлх зорилтдоо өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой иргэдийг 3 хувиас ихгүй байлгах замаар нэн ядуурлыг бууруулах, улс орнуудын орлогын өсөлтийн доод түвшинг 40 хувьд хүргэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *