Өнгөрсөн амралтын өдрийн түр зуурын борооноор Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дахь “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрч, засварынхан тав хоног ноцолдлоо. Шугамын бөглөрлийг гаргахын тулд “Хилчин” хотхоны цэвэр, бохир усыг хааж, 700 гаруй айл уух усгүй хэд хоног зутрав. Гараашиндаа тунасан бохир усаар ариун цэврийн асуудлаа шийдэж, хагас км-ын цаадах худаг руу хувин бариад гүйж байгаа зовлонгоо оршин суугчид ярьсан. “Хилчин” хотхоны 1500 метр урт бохирын шугам хэд, хэдэн хэсэгтээ таг бөглөрсний буруутан нь бороо биш. Ойр орчмынх нь хүмүүс бөглөчихжээ. Тодруулбал, бохирын шугам гэр хорооллын дунд байдаг. Гэр хорооллынхон шугам хоолойн тагийг хулгайлаад авчихдаг. Эсвэл онгойлгож байгаад хог, хаягдлаа асгачихдаг. Өнгөрсөн бямба гаригт орсон борооноор тэндхийн айлууд шуудуу гаргаж байгаад хашаандаа тунасан усыг бохирын шугам руу урсгачихаж. Дөрөв, таван худаг руу урсгасан хайрга, шороотой ус шугам хоолойг бөглөчихсөн хэрэг. Энэ талаар Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Лхагвасүрэн “Манай цэргийн анги 2010 онд энэ хотхоны барилгыг ашиглалтад оруулснаас хойш хэд, хэдэн удаа ийм тохиолдол гарч байна. 2012, 2013 оны зун орсон борооноор гэр хорооллынхон хашаанаасаа шуудуу гаргаж үерийн ус урсгаснаас болж шугам бөглөрч, хотхоны усыг хэд хоногоор хааж байсан. Бороо ороогүй үед ч худгийн таг онгойлгоод хогоо хийчихдэг. Бүр тагийг нь хулгайлаад явчихдаг. Эргээд бөглөрлийг нь гаргах, засч янзлах болохоор хэргийн эзэд хашаанаасаа ч цухуйдаггүй. “Хилчин” хотхоны оршин суугчид ч бөглөрч, тагларсны дараа хэл ам хийдэг болохоос “Энэ тагийг хулгай авчихаж” гээд ганц мэдээлэл өгчихдөггүй. Бид арга ядаад бороо орохоор худгийн тагуудаа манадаг болсон. Манаад байхад л сиймхийгээр нь хог новш, бохироо хийчихээд байна. Шөнө эргүүл хүртэл хийхээс аргагүй байна. Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдын хийж бүтээснийг сүйтгэдэг, үгүйсгэдэг хогийн гэмээр сэтгэхүйтэй нөхдүүдэд хариуцлага тооцож өгөөч гэж цагдаагийн байгууллагад хүртэл хандсан” гэж манай сонинд ярьсан.
Амин хувиа хичээх, өөрийнхөө тохь тухыг хангахын тулд өөр нэгнийг золих нь хүний төрөлх араншин. Тэр тусмаа буусан газраа тамтаг болтол ашиглачихаад дараагийнхаа нүүдлийг хийдэг нүүдэлчин монголчуудад бусдын өмчид зөвшөөрөлгүй халдаж болохгүй гэдэг ойлголт нэг их тусахгүй. Хэн нэгэн сануулж, удирдаж, захиргаадаж байж л сая дэгтэй, журамтай болдог. Нүүдэлчдийн хот айлд ч удирддаг, захиргааддаг нэг хүн байдаг даа. Хот айл болж буусан тав, зургаан айл дунд заавал нэг сэнтэг өвгөн байж л байдаг. Өглөө жаахан унтах гэвэл цэлийтэл өрх татчихаад, чанга дуугаар ханиачихаад явчихна. Эрт бос гэж удирдаж байгаа нь тэр. Өөр нэг айлд хэрүүл маргаан гарвал өнөөх өвгөн ороод галынх нь дээд талд завилаад суучихна. Хүний хажууд хэр удаан маргалдав гэж дээ, тэгэсхийгээд намжина. Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа нь тэр. Өтөг бууц цэвэрлэх, худаг лайдах гээд бүх ажил өнөөх сэнтэг өвгөний санаачилгаар эхэлдэг номтой. Энэ бол хот айл удирдлагатай байгаагийн илрэл. Өвгөн хэд хоногоор төв явчихвал хашаа, хороо ноос үсэндээ дарагдаад л назгайрчихдаг. Тиймээс л өнөөх сэнтэг өвгөнийг түвэгшээдэг ч, цаанаа хүндэтгээд байгаа биз.
Хотод, гэр хороолол дунд яг ийм үүрэгтэй хүн хэрэгтэй байна. Х.Лхагвасүрэн хурандаагийн ярьсан эргүүл ажиллуулах санаа зөв. Гэхдээ барилгын компанийнхан энэ ажлыг хийж дийлэхгүй. Сүхбаатар дүүргийн XI хороонд орон сууцны барилга барихаар чөлөөлүүлсэн газар дээр тэр хавийнхан хамаг хогоо овоолчихсон байгаа. Барилгын компанийнхан манаад, хориод дийлэхгүй байгаагаа учирладаг. Тиймээс төр нэгж бүрт үйлчилгээгээ үзүүлдэг болмоор байна. Одоо гэр хорооллынхонд хог ачих, цахилгааны тоолуурын заалт бичихээс өөр төрийн үйлчилгээ байдаггүй. Хог ачиж, цахилгааныг нь бичих л гэж төрийн үйлчилгээг сардаа нэг үзүүлж, загнадаг. Бусдаар гэр хорооллынхон эзэнгүй байгаа. Тиймээс тэд дураараа аашилж, хог новшоороо шугам сүлжээ бөглөж, бусдад “дайсагнаад” байгаа юм. Нэг нь нөгөөгөө удирддаг нь хүний амьдралын жам. Тийм ч учраас төр гэж байдаг. Төрийн үүрэг нь иргэнд үйлчилгээ үзүүлэх, дэг журам сахиулах. Энэ үүргээ гүйцэтгэж гудамж бүрт цэвэрлэгч, гурван гудамжны дунд дарга, таван гудамжийг хариуцсан цагдаа ажиллуулмаар байна. Тэд айл бүрт шаардлага тавьж, хүрч ажилладаг. Улаанбаатарыг хот төрхөнд нь оруулахын тулд дээр өгүүлсэн нэгж бүрт төрийн үйлчилгээ үзүүлэхэд төсөв хөрөнгө зориулах хэрэгтэй. Цэвэрлэгч гудамжаа цэвэрлээд, дарга шаардлага тавиад, цагдаа хэв журам сахиулаад байвал иргэд аяндаа хогоо хамаагүй хаяхгүй, төрөөс айж цэрвээд эхнэрээ бариад зодоод байхгүй. Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүн хүнтэйгээ харьцах харьцаа суурин газарт хамгийн их илэрдэг. Хажуунаас албан тушаал эрхэлдэг нөхөр алхам тутамд суурин газар ингэ, тэг гээд шаардлага тавиад байхаар аяндаа ном журмандаа орно. Ингэсэн цагт хот хогноосоо ангижирч, хэрэг түвэггүй тайван амьдрах нөхцөл бүрдэнэ. Эцсийн цэгт, өөрөөр хэлбэл хүн бүрт хүрэх төрийн үйлчилгээ, удирдлага байхгүй нь одоогийн шугам хоолой нь бөглөрсөн, орон сууцныхан нь бохир дундаа байж байдаг замбараагүй орчинг бүрдүүлээд байгаа юм. Хороонд хэсгийн ахлагч гэж албан тушаал бий. Тэтгэвэрт гарсан, айл хэсэх боломжгүй өвгөн, эмгэн энэ ажлыг хийсэн болж цалин авдаг. Тэдний шаардлагыг тоодог ч хүн байхгүй. Орон сууцанд ч ялгаагүй. Боловсрол муутай, хэл ам хийдэггүй нөхдүүдээр үүдний жижүүр хийлгэчихдэг. Өнөөх нь ямар ч шаардлага тавих эрхгүй. Тэдэн тоотын залуу гэртээ агсам тавилаа гэж хов жив ярихаас хэтрэхгүй ажилладаг. Зүй нь нэг гудамж, нэг байранд дээр жишээ болгосон хот айлын сэнтэг өвгөн шиг нөхдүүд байдаг. Тэднийгээ урамшуулдаг байвал зах замбараагүй явдал багасаад ирнэ. Үүний тулд хотын иргэдийг ЗИП кодтой болгомоор байна. Америкт ийм тогтолцоотой. Хүн бүрийн мэдээллийн санд хийсэн сайн үйл, муу үйлдэл нь бүртгэгдээд явна. Хашааныхаа хажуу талын худгийн тагийг авч шидээд хогоо хийчихвэл хар дансанд орно гэсэн үг. Харин тийм бүтэхгүй нөхөрт шаардлага тавиад, хариуцлага тооцуулбал сайн үйлс хийсэнд тооцогдоно. Тэр бүү хэл өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө, орчиндоо хэр анхаарал тавьж байгаа нт ч бүртгэлтэй. Ажилд орох, халамж авахаар бичиг баримт бүрдүүлбэл өнөөх сайн, муу үйлсийн жагсаалтыг гаргаад харчихна. Сайн үйлс олныг хийсэн хүний ажил аяндаа бүтээд явчихна. Хар дансанд орсон нөхөр халамж хүртэнэ гэж байхгүй, ажилд ороход ч хэцүү болно. Ийм шударга тогтолцоог бүрдүүлбэл хүн бүр үйлдлээ хянадаг, бусдын үйлдлийг анзаардаг болох юм. Үүний дүнд зохион байгуулалттай, яг таг хийсэн орчин үүснэ.