Categories
мэдээ цаг-үе

Ай.Төмөр-Очир: Намайг чинь “Алтан-Овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэдэг дээ

Хөдөө орон нутагт бүтээлээ туурвиж буй зохиолч найрагчдын дурсамж, дурдатгал яриа хөөрөөг манай сонин цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаа наран ургах зүг Сүхбаатарын Баруун-Уртад сууж шүлэг найргаа туурвин байгаа Дарьгангын хийморь лундаатай найрагч АйлтгүйнТөмөр-Очиртой ярилцсан юм.

-Та Алтан-Овоо, Дарьганга, Баруун-Уртаасаа Улаанбаатарт үе үехэн ирдэг дээ. Хулан найрагчийн хэлснээр хөлөрчихсөн борлог морь шиг хүрээд ирэх нь бий. Он он жилд хөдөөдөө сууж салхи савир ханхлуулсан найрагчаас хөдөөгийнх нь тухай л яриа дэлгэе дээ?

-Наран ургах зүгийг монголчууд билгэшээдэг. Тэр дундаа Монголын оюуны том ертөнц “Өдрийн сонин” наран зүгийн найрагчийг онцолж яриа хөөрөө дэлгэж буйд талархаж байна. Монголчууд малгай тавибал манайх гэдэг. Би бол малгай тавибал манайхаас гадна толгой тайрсан ч танайх гэж өөрийгөө боддог юм. Миний бие “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллаж байлаа.

Ерэн онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад нь оных нь шагналыг Пүрэвбаатар доктор, Их сургуулийн багш Хатантөмөр нартай хамт хүртэж мандаж байлаа. 2000 онд “Хилийн уул Шилийн Богд минь түймэрт идүүлчихлээ” зэрэг олон нийтлэл хэвлүүлж “Өдрийн сонин”-ы шагналыг хоёр дахиа хүртэж байв.

Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн байдаг. Дарьгангын найрагч би танай сонины шагналыг арван жилийн зайтай хоёр хүртсэн түүхтэй. Тэгэхээр би өөрийгөө “Өдрийн сонин”-ы бүтээгдэхүүн гэж боддог, ингэж халуун сэтгэлээр хандаж явдгийн хувьд яриа хөөрөө дэлгэе гэхээр чинь хөөрч даргиад л ирлээ.

Пунсалмаагийн Очирбат гуай төрийн тэргүүнээр сонгогдчихоод хөдөө орон нутагт хийсэн анхны томилолтоо манай нутгаас эхэлсэн. Тэгэхэд миний бие залуухан дарга Наран сумаас хөтөлгөө морьтой давхиад Дарьгангад очиж уулзаж байлаа. Очирбат гуай наран зүгээс анхны томилолтоо эхэлсэн нь надад утга төгөлдөр санагдаж билээ. Аугаа их Дарьгангаас тодорсон авьяас билэгтнүүдийн хажуу хавирганд, салхин дор нь явжээ. Утгын их мэргэдийн гал голомтыг сахиж, үгээ хэлж үзгээ хурцалж суугаадаа баярладаг. Дарьгангын дэг сургууль гэж Доржийн Гомбожаваас улбаалсан их айлын гал голомтыг найрагч Амартайван бид хоёр сахиад үлдлээ дээ. Шинэ сайхан авьяастнууд олныг төрүүлж, дараа дараагийн үедээ өвлүүлж өгөх том үүрэг хүлээсэн байна.

-Дарьгангаас олон авьяас билэгтнүүд тодорсон. Тэр бүгдтэй та ах дүү, анд нөхөд, багш шавь явсан нь мэдээж?

-Дарьгангын найман жилийн дунд сургууль гэж байлаа. Жижигхэн шоо дөрвөлжин ёотон цагаан байшин одоо ч бий. Тэр навтгар цагаан байшингаас л суу билгийн аваргууд төрсөн юм. Би гэдэг хүн тэднийгээ бодоод, Алтан-Овооныхооо бэлд шүлэг найргаа дуудан, Дарьгангын шар торго шиг талаар хамтдаа галигуулж явснаа бодоод онгирдог, омогшдог.

“Догшин Балбарын баруун суганд

Дорнын Нямсүрэнгийн зүүн суганд

Дэлхийд данстай Мэнд-Ооёогийн

Дээлний нөмөрт багтаж

Их бичээч Ишийн Батсүхийн

Идүүрийг нь долоож

Барсын хэвнэгт баатар Доржийн Гомбожавын

Бар мөр дээр гишгэж ирсэн юм аа” гэж шүлэглэдэг. Тэгснээ

“Дүүлж цамнаж явсан залуу насандаа

Дүгэржавын Маамын архинд нь гүйж

Дүүгүүрийн чулуу шиг явлаа” гээд цааш нь урсгана. Залуу халуун үедээ онгирч сагаж явжээ. Уран бүтээлч хүн онгирох омогших, үүх түүхээ санаж явах учиртай. Сүүлийн үед бие чилээрхүүгээс болоод онгирч чадахаа больжээ. Ард олон минь намайг гадарлаж байгаа байх. Энэтхэгт очиж элгээ солиулаад ирсэн. Яагаав, Энэтхэг рүү морддогийн даваан дээр та хэддээ “Элгээ солиулахаас эх орноо солих гэж байгаа биш дээ” гэж хэлээд явсан. Дарьгангынхаа хэдийн тухай ярья. Жаран таван онд манайх шинэ гэр барьж найр наадам үүсгэсэн юм. Тэгэхэд би долоон настай байжээ. Доржийн Гомбожав багшийг ганцхан удаа буюу тэрхүү найрын хойморт халамцуухан суухад нь харсан. Олны дунд арай л өөр хүн байжээ гэж бодогддог. Тэр хүнийг олж харснаараа би бас өөр хүүхэд байж. Гомбожав бол “Барсын хэвнэгт баатар”-ыг орчуулсан тухайн цаг үедээ шуугиулж явсан эр. Тэртээ гучаад оны эхээр Алтан овооны ар шилэн дээр төрсөн хүн юм. Түүний тухай Монголын утга соёлын түүхэнд алтан үсгээр бичээд үлдээсэн байхад би юу хэлэх билээ. Уран бүтээлчийн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч түүний хажууд жижигдэнэ.

-Баруун-Уртын тэнгэр дор найраг шүлгэндээ асч бадарч явахад хотоос Ооёо чинь, Эрээнцаваас Нямсүрэн чинь ирнэ. Балбар гэж “улаан галзуу амьтан” очно. Тэрхүү дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ганц сайхан шүлэг биччихээд өнөө хэдийг чинь догдлон хүлээнэ. Гэхдээ энэ хэдтэйгээ би зиндаархаж явсангүй. Хөдөөдөө суугаа минь, Алтан-Овоонд Ай минь бий шүү гэх сэтгэл өвөрлөж өнөө хэд чинь очих нь мэдээж. Тэр жил Мэнд-Ооёогийн төрсөн нутаг Шар бүрдэнд яруу найргийн баяр хийхээр боллоо. Хотоос Мэнд-Ооёо, Дашбалбар, ардын жүжигчин Чимэдцэеэ нар очлоо. Эрээнцаваас Нямсүрэн ирлээ. Нөгөө хэдийг чинь “жаран ес”-ийнхээ бүхээгт суулгаж аваад Шар бүрдний уянгын тойром руу хөдөллөө. Тэгтэл манай хэд Баруун-Уртаас холгүйхэн очиж зогсоод жүнз харшуулж, шүлгээ дуудаад явдаггүй. Эхлээд яахав, би гэдэг хүн дунд нь орчихсон шүлэг найргаа дуудаад л сүйд байлаа. Гэвч жолоочийн хариуцлага гэдэг юм бодогдоно биз дээ.

Нөгөө хэддээ “Одоо та нар боль. Би таван тонн алт юм уу, нүүрс ачаад явж байсан бол санаа зовох юм алга. Энэ хавиар наргиж цэнгээд явж болно. Та тавыг аччихаад би яаж сэтгэл амар явах юм. Айж байна” гэж хэлээд Шар бүрд рүүгээ хөдөлж билээ. Надад бол Ооёо, Нямсүрэн, Балбар минь тийм л үнэ цэнэтэй, шүр сувд, шижир шиг хайрлагддаг байхгүй юу. Тэр сайхан амьтдын цүнхийг бариад, түнхийг налаад явжээ. Алганых нь хээг уншиж, авьяас билгийг нь биширч явж.

Энэ л надад онгод хийморийг хайрлаж дээ гэж бодогддог. “Авьяас эзнээ олдоггүй, эзэн нь авьяасаа голдоггүй” гэж би нэгэнтээ хэлсэн. Манай нутагт хараа муутай, шар сахалтай хань ижилгүй нэг хөгшин байлаа. Сайхан дуулна. Айлуудын үнсийг ачсан тэмээгээ хөтлөөд Дарьгангын шар талд “Жаахан шарга”-ыг дуулаад явж байдаг сан. Ёстой л нэг зүрх рүү ортол дуулна. Түүний дуулахыг сонсоод зарим нь шоолно, зарим нь уйлна. Одоо тийм хүн алга. Балбарыгаа, Нямсүрэнгээ дурсахад “Жаахан шарга”-ыг дуулдаг хөгшин гээд олон л хүмүүс санаа бодолд бууж байна.

-“Догшин Балбарын баруун суганд” гэдэг шиг түүнтэй ойр явсан хүмүүсийн нэг та…?

-Балбарыг зүрх зүсэгдэм иртэй шүлгүүдээ уншиж талын чоно мэт явахад нь дэргэд байжээ. Ерэн зургаан оны сонгуулиар Балбарын эрхэм дүү Л.Төрбаяр бид Сүхбаатарын арваад сумдаар хэрэн явж билээ. Ёстой л “ам ангаж, хэл хэвтэнэ” гэдэг шиг ядарч цуцталаа явсан. 1996 оны зургадугаар сарын 18-ны өдөр сонгууль дуусч Балбар бид Түмэнцогтын баруун урд талын Баян-Овоо гэж уулан дээр хамтдаа гарч талынхаа салхийг залгилж зогсчээ. Манай хүн нэг их том бөгжтэй гараараа намайг тэврээд зургаа татуулсан юм. “Эмнэг хар азарга” номынхоо эхний нүүрэн дээр би тэр зургийг хэвлэж байлаа. “Хар нохойгоо тавих уу, яах уу” гэж байгаа хүн шиг зогсч буй тэр зурганд хайртай. Би гэдэг хүн арзгар үстэй хар юм л байгаа. Сайн морь, сайн эр хоёр их том эрсдэл туулдаг юм байна гэдгийг би Балбараасаа ойлгосон.

-Дарьгангынхаа хэдтэй даргиж даргиж хот руу буцаагаад байж байтал зөрөөд л зохиолч нөхдөөс чинь ирнэ биз дээ?

-Түүнийг ярих юм биш. Баахан л туучиж туучиж, хэд хоног шүлэг зохиол, архи дарс, инээд наргиан болж нэг хэсгийг нь явуулаад дахиад л нэг хэсэг нь давхиад ирнэ. Бас л ерээд оны эхээр Ооёо, Нямсүрэн, Балбарыгаа гаргаж өгөөд байж байтал Бавуугийн Лхагвасүрэн найрагч зөрөөд очиж байгаа юм. Уран бүтээлийн тоглолт хийх гээд. Би мөн л морин жолооч нь бололгүй хаачихав. Өнөө муу ногоон “жаран ес”-тэйгээ хоёулаа Асгат сум руу гарлаа. Оройн зургаан цагт Лхагвасүрэн найрагчийн уран бүтээлийн үдэшлэг Асгатад болно гэж байгаа. Бид хоёр таван цаг гучин минутад Баруун-Уртаас хөдөлж байгаа. Тоглолт эхлэхэд ердөө 30 минут дутуу байдаг. Асгат сум 45 километрийн зайтай. Ингээд л санд мэндхэн хөдлөөд явж байтал Лхагвасүрэн найрагч яарч адгаад эхэлдэг юм. Намайг чинь дээд зэргийн хурдаар давхи гэж тэвдүүлээд. Гэзэг үсээ шидлээд сүйд боллоо. Би ч бас мөчөөгөө өгөлгүй “Та жаахан тайвшир, тайван бай. Би хамгийн хурдаараа л явж байна. Ингэж яарч яваад ямар нэгэн юм болбол яахын. Та бол агуу хүн дээ” гэсэн юм хэлээд хоёулаа бараг хэрэлдэх дээрээ тулдаг юм аа. Тэгэхэд Лхагвасүрэн багш их гоё үг хэлж билээ. “Төмөр-Очир оо, чи бид хоёрыг бурхан харж байгаа. Шүлэг найргийн буян гэж том юм байдаг. Би тайзаа, шүлгийг минь сонсох гэж яарч байгаа ард түмнээ хүндэтгэнэ” гэж билээ. Лхагвасүрэн багшийн тэр оройны үдэшлэг хачин сайхан болсон. Мань хүн “Боржгины бор тал”-аас аваад өнөө сайхан шүлгүүдээ дуудаад. “Алтан-Овооны бэлээр Ай.Төмөр-Очирыг хөлөглөж явах ч сайхан даа” гэж зам зуур намайгаа бас явуулаад.

-Хоёр мянгаад оны эхээр байна уу даа, Бавуудорж, Эрдэнэ-Очир, Чилаажав нарын найрагчид мөн л Амартайван ах та хоёрыг зорьж очиж танай нутгаар хэд хоног туучсаныг санаж байна?

-Бавуу, Эрдэнэ-Очир, Чилаа энэ хэд бас л очлоо. Өмнө нь Балбар, Бавуугийн Лхагвасүрэн гээд л сэгсийсэн үстэй “галзуу” амьтдыг очиход би гэдэг хүн бас л гэзэг үсээ намируулаад явж байсан. Тэгтэл Бавуу, Эрдэнэ-Очир гээд бас сэгсгэрүүд очиж байгаа юм. Чилаа Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байсан үе шүү дээ. Баруун-Уртад яруу найргийн үдэшлэг зохиож, хэзээнээсээ л шүлэг найрагт умбаж байдаг манайхан шавайгаа ханатал шүлэг сонсч, тэр үеэр надад нутгийн минь тэнгэр дор Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг хүртээж байлаа. Ингээд Шилийн Богд, Алтан-Овоо, Дарьганга, Зотол хаан уул, Ганга нуур, Дуут нуур, Хатгины шар талаар дуу шуутайхан явж тал нутгийнхны сэтгэлийн чавхадсыг хөдөлгөсөн дөө. Ооёогийнхоо уянгын тойром Шар бүрдэнд дэлхийн яруу найргийн баярыг тэмдэглэж байснаа мартдаггүй. Тэр тухай Бавуу “Дарьгангын тэмдэглэл” хэмээх гайхам бүтээл хэвлүүлж байсан. Ийн аяны дөрөө нийлэхэд уран бүтээлч нөхөд минь надад “Алтан овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэх алдрыг хүртээж билээ. Тэр багаас Бавуу төрийн соёрхол, Чилаа Соёлын гавьяат боллоо. Эрдэнэ-Очирын энгэрт удахгүй нэг “юм” ирэх биз. Хунгийн чуулган үзэх гэж бас л уран бүтээлч нөхөд намрын сард намайг амраана гэж байхгүй. Алтан-Овоо руу аваад л давхина. Ганга нуурандаа хөгжмийн зохиолчид дагуулж очоод симфони бичүүлэхсэн. Буцах шувууны ганганаа гэдэг элэг зүрх хөндүүрлүүлсэн их том уй.

-Хөдөө суугаа зохиолчид хоорондоо бас амь байдаг шиг. Ухаандаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч та хоёр их дотно санагдана?

-Би гэдэг хүн Тоорой бандийн садан болоод ч тэрүү хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явжээ. Эрдэнэбаатарыгаа дурсах дуртай. Урианхайн хөх уулс урагдах учиргүй гэж санадаг. Тэр хүн баруун Алтайн уулсаа манаж суугаа хувилгаан найрагч. Бид хоёр идэр есийн жавар тачигнасан цагаар их хотын үймээнт гудманд “Болор цом”-оор л таардаг. Зүүн баруун хоёр Монголын зүр гур байхгүй. Баруун зүүн хоёр Монголын бар арслан байх учиртай шүү гэж нэг нэгэндээ хэлнэ. Би наран дор, Хөөдөө минь саран дор сууж байна. Хан уулын ар, хатан Туулын хөвөөнд хамаг ухаантнууд цуглачихаагүй юм. Хөдөөд ч эрдэмтэн мэргэд байгаад л байгаа. Төмөр-Очирын ард төр олж хараагүй түмэн амьтад байна шүү дээ, цаана чинь. Зах газар суугаад найрагчид тэмцэгч байдаг юм уу даа. Түүнийг нь мэдээд тэр үү бурхан Хөшөөтийн уурхайг Хөөдөөд, Төмөртийн уурхайг Төмөр-Очирт хариуцуулаад хэрэлдүүлж байна. Яруу найрагчид эх орончид, тусгаар тогтнолчид байх ёстой гэж би боддог.

-Алтан-Овоо, Дарьгангаараа галигуулсаар байгаад хоёулаа ном бүтээлийн тань тухай бага ярилаа?

– Их утга зохиолын нөмөрт, билгүүн найрагчдын салхинд яваагийн хувьд айргийн таван морь шиг найргийн таван номтой. Анхны ном “Адууны нутаг Дарьганга”-ыг “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимэддорж минь оршоож үг бичиж байлаа. Дараагийн бүтээл “Эмнэг хар азарга”-ыг Дөнгөтийн Цоодол, “Азын дөрвөн морь”-ийг Тангадын Галсан, “Эмээлтэй мөндөр”-ийг Бавуугийн Лхагвасүрэн өмнөтгөл бичсэн. Энэ аваргуудыг би бүгдийг нь багшаа гэж боддог юм аа.

Надад Дарьгангын минь салхийг залгилж Алтан-Овооноос аршаалсан нь байтугай нутагт минь дөрөө мултлаагүй нь хүртэл баярладаг. Долгорын Нямаа гуай “Чи л тэнд байж очсон амьтдын нүд харааг тэлдэг байна. Бүгд л чам дээр очиж бужигналдгийг би мэднэ. Олон жил очоогүй хэрнээ надад нэг л сайхан санагдаж үсний минь буурал цөөрч, үгний минь аялгуу ярууслаа” гэж билээ. Ингэж л их утга зохиолын буурлууд, үе үеийнхэн намайг хайрладаг юм шүү. Хөдөөнөө сууж бүтээлээ туурвиж яваагийн минь буян биз ээ.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *