Categories
мэдээ цаг-үе

Аглагхан талын өвс болоод алтан өндгийг үзээд…

“Өдөр болгон би

Өвсөн дээр гишгэнэ билээ

Өнө хожмоо тэд

Над дээр ургана билээ” гэсэн шүлгийг нь уншсаар бид Д.Нямсүрэнгийн Эрээнцав руу давхиж явлаа. Энэ алдартай дөрвөн мөрт Монголын зохиолчдын хорооны ханан дээр, тэр бидний дунд үргэлж “хамт” байдаг. Зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал М.Саруулдалай тэргүүтэй бид “саа мөнгөн” Хэрлэн голын гүүр, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн бичсэн

Гал усанд элэгдсэн буурал замбуу тивийн магнайд

Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм

Чингис-сумын зэвнээс гараагүй юм

гээд л бидний уншдаг “Чингис” хааны нэрээр нэрлэх болсон Хэнтийн төвийг өнгөрөөд давхиж яваа нь энэ. Саруулдалай найрагч дорнод амьтай хүн.

Дотносож би, дорно зүгт харцаа илгээдэг

Дэндүү нам гүм Эрээнцав нүдэнд харагддаг

Дээлтэй хүн шүлэг бичиж суугаа нь

Дэрсний гэрэлд тодоос тод үзэгддэг… гэж ирээд л дорнотой дотносдог хүн дээ. Тэрбээр Дорнодын найрагчдын төлөө мөн ч их буян үйлдсэн. Тэнгэрийн оронд одсон тэдний номыг өөрөө гаргаад л Эрээнцавын эвдрээгүй найрагч алдартай Нямсүрэнгийн 60 насны ойг хүртэл зохион байгуулалцсан. Энэ жил Д.Нацагдоржийн шагналт Нямсүрэнгийн мэндэлсний 70 нас тохиож буй… Өглөө түгжрээн дунд явж явж, монголын зохиолчдын эвлэлийн ордонд хүрэхэд найрагчид аль хэдийн “Аси” автобусыг дүүргээд хүлээж байв. Хотод хаа нэгтээ ирэхдээ Нямсүрэнгийн бичсэн

Аглагхан талаасаа хотод ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Хэн хэнийгээ танихгүй олон

Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа

Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч

Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ.. гэж магтсан хотоос гарч яваа нь энэ. Замд хоёр залуу яруу найрагч бүсгүй орж ирснээр найрагчдын аялал “жинхэнэ”-ээрээ эхэллээ. Тэд хойноос, өмнө суусан хүүхнүүд рүү үг шидэж, арын суудлын “хөнгөлөлт” нэхэж эхлэв. Урд талд манай хорооны даргын туслах, залуу зохиолчдын Сэлэнгэ “ээж”, Нямсүрэнгийн тухай телевизийн нэвтрүүлэг, сонины ярилцлага хийснээрээ ихэд “үнэд” орж яваа, “Хойд шугуйн жимс” номоороо хорооны хаалгыг тогшилгүй орж ирсэн яруу найрагч Ж.Батцэцэг, архан талд минь нэртэй зураач бүсгүй, урчуудын эвлэлийн салбар дахь утга зохиол сонины “тусгай сурвалжлагч” гэж би дууддаг С.Төгс-Оюун, сүүлд орж ирсэн “цагдаагийн” овогтой Сүхбаатарын харьяат Б.Төгсжаргал гээд бүсгүйчүүдээр гоёсон баг байлаа. Болсон явдал, цээртэй, цээргүй онигоо ч зэрэгцээд сонсогдож, автобус инээд хөгжөөн дунд “нисч” явсансан. Жолооч залуухан, автобус шинэхэн…

Цэцэн цэлмэгээрээ алдартай Дарьгангын хүү Ай Төмөр-Очир гавьяат, домогт Дорнодын гэж би бодоод сурчихсан, Хэнтийн Норовлингийн хүү, орчуулагч, гавьяат Ж.Нэргүй, отгон гавьяат Арлааны Эрдэнэ-Очир, Нямсүрэнгийн тухай хамгийн олон шүлэг бичсэн, Д.Нацагдоржийн шагналт Д.Баянтунгалаг, зохиолчдын эвлэлийн шагналтангууд болох А.Лхагва, Д.Мөнхтөр, Намбарын Пүрэв, Б.Хүрэлтогоо, яруу найрагч, ламтан Эрдэнэбаатар, Өвөрмонголын яруу найрагч Бадрангуй нар явсан юм. Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Ц.Жамбалгарав, “Наран ургах зүгт нутаг минь байдаг” дуу зохиосон С.Амартайван, яруу найрагч Ц.Төртайван, Н.Мөнхсайхан, Бямбасүрэн болон Хэнтийнхэн Харнууд овогт Гансүрэнгээрээ түүчээлээд Б.Энхжаргал, Т.Баавай, А.Түмэнбаяр, Эрээнцавын хилийн цэргийн офицер, дэд хурандаа, яруу найрагч Д.Батжаргал гэсэн найрагчид Нямсүрэнгийн ойд очсон билээ. Хэн нэгнийг мартсан бол өршөөгөөрэй. Дорны суу билигт найрагчийн шүтэн бишрэгч Дарханаас ирсэн байлаа.

Харин одоо тэд маань ядарч, автобусны мотор л жигдхэн хүнгэнэнэ. Энэ хүртэл хоёр удаа хорио цээрийн бүсэд орсны учир автобусыг маань ариутгалаа. Мөн ч олон жил хөдөө гадаа уулзалт, сурвалжлагад явсансан. Ингэж унаа хөсгөө ариутгуулан явж үзсэнгүй. Тэр цагт улс орны маань хөгжил өнөөгийнх шиг байсан биш, хоцрогдсон л гэгддэг байсан. Энэ шүлхий хөгжил дагадаг гай юмуу хайшаа юм…

Бид оройн 10 цаг гэхэд “тусгай эрх” эдлээд тусгай галт тэргэнд суулаа. Тусгай галт тэрэг гэдэг нь Баянтүмэн өртөөний даргын галт тэрэг юм.Галт тэрэг маань Д.Нямсүрэнгийн хөрөгтэй том плакатаар гоёсон байсныг үдэш орой суусан бид сүүлд мэдсэн л дээ.Ер нь ийм хүндэтгэл онцгой хүндэтгэл юм. Монгол Улс анх удаа галт тэрэгтэй болж байсан түүхийн тэртээх үед вагон агуу Сталины хөрөгтэй ирж байсан гэдэг. Түүнээс хойшхи нь Эрээнцавын эвдрээгүй найрагч Нямсүрэнд зориулсан энэхүү хүндэтгэл аж. Баянтүмэн өртөөнийхөнд баярлалаа. Шөнө таараагүйсэн бол

Үзэсгэлэнт Дагуурын нутаг нь нулимстай бүрэлзээд

Үүлэн, Хайлан уул ар дээр өндөлзөж торолзоод

Өөрөөс минь намхан Хөх нуур өвөр дээр мэлмэрээд

Үймэн уйман сэтгэл хургавч, би явлаа… хэмээн найрагчийн шүлгэнд мөнхөрсөн дагуурын талыг сайхан үзэх байв. Өглөө сэрэхэд галт тэрэг Хөх нуурын баруун эргээр монголын зүүн хойт хилийг зүглэн явж байв. Нямсүрэнгийн шүлгийн хөл л хүрсэн болов уу гэмээр аглагхан талын Хөх нуур…

Эрээнцавын төмөр замын өртөөнд ирлээ. Галт тэрэгний хаалга тосоод сургуулийн хүүхдүүд жагсчээ. Хаа билээ, хэзээ билээ мартсан, сургуулийн хүүхдүүдийн жагсаал… нулимс ч мэлтэрч байх шиг. Ямар халуун дулаан хүндэтгэл биднийг угтав аа. Угтагсад дунд яруу найрагч Дарь.Сүхбаатар ирчихсэн зогсож байна.

Тэсгим жавар сэнгэнэх

Тэнд үнээд мөөрөх жихүүн

Суурины маань ганц худаг

Шувууны нүд шиг анисан байдаг… гэх хязгаарын бяцхан тосгонд л ийм халуун дулаан сэтгэл угтсан нь Нямсүрэнгийн шүлгийн буян байлаа. Улз гол ширгэж, модон гүүрний нь бие хоосон сайран дээр хэрзийн сэрийж дээгүүр нь ганц нэг хүн явах нь харагдана. Бяцхан суурин төмөр замын өртөө, Чулуунхороот сумын төв гэсэн зүүн баруун хоёр хэсгээс бүтнэ. Зүүн Эрээнцавд Нямсүрэн насаараа амьдарч,

Зүүн Эрээнцаваар бороо шиврээд

Зөөлөн цагаан манан голоос дэгдээд…

Зөндөө сууж, уйлмаар… байх гэж бичсэн юм. Түүний нэрэмжит сургуулийн хаалгыг үзэмжит бөмбөлгүүдээр чимсэн нь бидний сэтгэлийг ч бөмбөлзүүлж байв. Зүүн урдхан нь Нямсүрэнгийн хөшөө, бага зэрэг тонгойсхийн, гурван алтан өндөг харсхийн байна. Хөшөөг шинэтгэсэн зураач, барималч Ж.Дүүрэнтөгс, Нямсүрэнгийн алдартай шүлгүүдээр сиди гаргах ажлыг санаачилсан жүжигчин О.Оюун нартай энд тааралдав. Сидиний нээлт баяртай давхацсан билээ. Сургуулийн хүүхдүүд зохиолчийн “Дөрвөн цаг” шүлгийг улирал улирлаар нь дагнан, нэг ч удаа алдалгүй цээжээр уншиж, бид байтугай манай урдаа барьдаг уран өгүүлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан хүртэл гайхан бишрэв. Эрээнцавын энгүй талын эгэлхэн энгэрт байх найрагчийг онголсон газрын “Үргэлж залуу, үргэлж мөнх өдрийг үзье” бичигтэй хөшөөний дэргэд зургаа татуулцгаасан юм. Түүний нэрэмжит сургуулийн хүүхдүүдийн тоглолтыг үзсэнээр барахгүй мэндэлсний 70 жилийн ойн ажлыг зохион байгуулагч Саруулдалайн “Цас навчны шүлгүүд”, “Дорно зүгт” номын нээлт баяр дээр баяр нэмэв. Энэ сургуулийн захирал Мөнхцэцэг, Нямсүрэнгийн танхимын эрхлэгч багш, найрагчийн гэр бүл, үр хүүхэд, садан төрөл, Дорнод аймгийн болон Чулуун хороот сум, хаа хол Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас ирсэн сумын дарга гээд ойн баярт сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд бид талархаж явлаа.

Дагуурын тал эргэн тойронд хязгаар хярхаггүй цэлийж, шарлаж гандсан их өвс халиуран харагдана. Ийм их тал, их өвсөн дунд Нямсүрэн маань

Өвснөө өөрийгөө үзэхүй

Өчигдөр биш өнөөдөр хугарсан

Өнийн хөх өвс

Өөрөө би мөөн гэх буюу

Өвс адил норсон би

Өвс адил ноцсон би

Өвс адил согтсон би

Өвс адил, одоо дуугүй…гэж бичжээ. Түүний дэргэд өвс байж, түүний ганихралыг өвс хуваалцаж, түүний “агсам”-нахыг өвс сонсчээ.

Өтлөхүйн цаг дор шүлэг минь

Хувилгаан чанарт шилжиж

Өнгө өнгийн цэцгэс болон дэлгэрээд

Өвсний шүүдрээр хөл нүцгэн явах бүсгүйн

Өлмийд үнэрээ хадгалах болно

Тэр цагт манайхан

Тэмээний нулимсанд бийрээ дүрж

Тэлмэн давхих морины гүйдэл дунд

Тэнгэр дээр шүлгээ бичиж явсныг мэдэх болно гэснийг нь ухаарч, уярч явлаа. “…Өвснөө өөрийгөө үзэж буй найрагч, магадгүй байгаль дэлхийгээс, ганц ширхэг өвснөөс нь хүртэл онгодоо хөглөдөг мэт ээ. Өвсний тухай бичсэн шүлгүүд нь Д.Нямсүрэнгийн “оршихуйн мөн чанарын гүн утгыг агуулсан гэсэн ажиглалтад хүрлээ…” хэмээн утга зохиол судлаач П.Урнаа бичсэн байна.

Нямсүрэн “Болор цом”-д ороод,

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно… гэж уншаад хасагдаж, дуурийн театрын хор дууныхан зогсдог өгссөн шатны гишгүүр дээр тамхиа татаад сууж байснаар нь би түүнийг санадаг. Хажууд нь суугаад хэдхэн үг солиогүй л байгаа юм. Одоо дорнын суу билигт яруу найрагч маань өөрөө “Амитаба” нэртэй шагнал болж авьяаст найрагчид очих нь. Нямсүрэнгийн нэрэмжит гэр музейг энэ ойгоор нээж, Нямсүрэнгийн зурагтай, цул мөнгөн “Амитаба” медалоныг музейн эрхлэгч, найрагчийн насны хань Г.Хандмаад гардуулсан бөгөөд тэр шагнал найрагчийн гэрт хоёр жил аравнайлагдаад, хувилгаан чанарт шилжиж дараа нь хэн нэгэн авьяаст найрагчид очих нь ээ. Хоёр жилд нэг удаа өгөх юм билээ. Нямсүрэнгийн гэр музейд зохиолчдын хорооны өмнөөс Саруулдалай хөрөг зургийг нь, зурагтай анонсыг, бас найрагчийн ойд зориулсан “Цог” сэтгүүл, зохиолчдын ном, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн бэлгийг, Д.Ган-Очирын эрхлэн гаргадаг, мөн л түүний ойд зориулсан “Монголчууд” сэтгүүл, бид өөр өөрсдийн номоо гарын үсэг зуран үлдээлээ. Би дэлхийн яруу найргийн баярт зориулж бэлдсэн англи, хятад, германаар хөрвүүлэгдсэн бяцхан товхимлынхоо хуудсанд

Нямсүрэнгийн Эрээнцавд

Нямсүрэнг эзгүйд ирлээ

Шинэхэн гарсан номоороо

Ширээг нь мялаагаад буцлаа гэж бичээд үлдээлээ.

Энэ дашрамд дурдахад судлаач эмэгтэй, Нямсүрэнгийн шүлгүүдийг “Оршихуйн мөн чанар”-ын гүн утгат шүлгүүд, “Хоосон чанар”-ын гүн утгат шүлгүүд, “Цаг хугацаа”-ны гүн утгат шүлгүүд хэмээн ангилж үзсэн байна лээ.

Эртний Хүннүгийн хиргисүүр чулуун дээр ч бичигдээгүй шүлгийг

Эрээнцавын хөх хяруутай өвсний үзүүрээр цасан дээр зохиож

Эдэлбэр тариалан орны шүлэг Дү-Фүгийн Тянь шань уулнаас өндөрт

Энэ Монголын хамгийн нам дор хөх нуурын хөвөөнд мандуулав би… гээд Нямсүрэн маань явчихсан юм. Дорнод аймаг явах замдаа бие нь эвгүйрээд машинаасаа буун өвсөн дээр хэвтэж байхдаа нисэн өнгөрөх хоёр шувууг “миний унаа ирлээ” гээд бурхны оронд одсон гэдэг. Энэ тухай Г.Сонинбаяр “Дурсахуй, хайрлахуй” номондоо бичсэн байдаг. Аль нэг найрагчдын аялал онигоогүй буцна гэж үгүй. Манай багийнхан “ яаж би…” гэсэн бүлэг онигоотой ирлээ. Хаа ч явсан “жанжин” болчихдог Дарь.Сүхбаатарт зориулж “Яаж би, Дарь Сүхбаатар шиг хүний өөрийн хүнийг ялгалгүй жанжлаж сурах вэ” гэх зэрэг шүлгүүд зохиогдлоо. Бусад нь цээртэй юм л даа. Хөрөг таталбараа яруу найрагч Д.Баянтунгалагийн саяхны баярт оролцоод бичсэн шүлгээр төгсгөе.

Эрээнцавд таталсан цөөн мөртүүд

I. Хөх нуурын хяраар түжигнэх

Хөв хөх галт тэрэг Эрээнцав руу…

Эндээс бас л буцна даа гэж бодохоос

Энгэрийн товч нулимстай…

II. Аглагхан Эрээнцавд бороо шивэрнэ, бүр намуухан

Арлааны Эрдэнэ-очир, Дарь Сүхбаатар бид хэд

Шөнө дөлөөр гадаа сууж, хундага юм тогтооход

Шүлэг шиг бороо гэнэт зогсоно

Дээд сүмийн гэрэлт саран

Дэргэд ирээд суучихсан

Их л тухтай чагнаж байх нь

Их Нямсүрэн цуг суух шиг л санагдана

III. Улзын гүүрийн модон хашлага түшин

Урд зүгээс ирэх бух тэрэг тосон

Эрээнцавдаа гэгээнтэн мэт амьдарсан

Энэ Нямсүрэн одоо ч байгаа байх шүү

IV. Дан цагаан байшингийнхаа дэргэдээс

Хандмааг саравчилахад

Дагуурын тарни шиг салхи

Дан дан хийж

Хэц хэнгэргийн дуу гаргана

Хэл ул ирж байгаа нь тэр, Нямсүрэнгээс…

V. Хаяа дэрлэн орших оросын Соловьевск тосгон

Харах нүдэнд цагаан алчуур зангидсан мэт харагдана

Хэн нь хэндээ дурласан юм бол гэж бодогдохоор

Хээнцэр ганган энэ хоёр урд урдаасаа гүйгээстэй…

Санжаажавын ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *