-ЗОХИОЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ-
Хойт Америкийн хамгийн хөгжингүй орны нэг Канадад аялаад ирсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн манай сонины захиалгаар бичсэн нийтлэл тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна.
Номхон далайн түрлэг татлагын үеэр эрэгт нь удтал зогсов. Өчигдөрхөн миний хөл дор их далай долгилж, дээр нь суусан сүрэг бор галуу ар араасаа эрэг рүү түрэн ирж буй давалгааны аясаар дайвалзан хөвж байлаа. Түрлэг, татлага хоёр мөнхөд улирах цаг хугацаа ирж, буцаж байгаатай адил юм. Түрлэг эхлэх бүр хүн төрж, татлага болох бүр хүн нөгчдөг гэж Англи зохиолчийн бичсэнийг санаад өөрийгөө Номхон далайн хамгийн баруун эрэгт, ирэх, буцахын зааг дээр, орших, эс оршихуйн зааг дээр зогсож байгаагаа ухаарав. Энэ бол үлгэрийн сайхан Канад орон.
Хаалттай нийгмийн үед зөгнөлт зохиолч Жюль-Верний “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” алдарт романд гардаг гурван метр ган жад барьсан Канадын загасчин өвгөн Недлендээс өөр нэг ч танил Канад бидэнд байсангүй.
Ингэхэд үзэсгэлэнт агч модыг төрийнхөө сүлдэнд дээдлэн залсан Канад гэж ямар орон бэ, Канадчууд гэж хэн бэ?
Английн колони байсан баруун эргийн Бритиш Колумб мужийн аядуу зөөлөн, Номхон далайн талын канадчууд гэж байна. Францын колони байсан, Консерватив үзэлтэй, өөрсдийгөө “дээд арьстан” гэх үзэл давамгайлсан Монреалынхан (Кубек муж) буюу Атланта талын канадчууд, бас Альберто мужийн (уул уурхайн) хүн ам сийрэгдүү суудаг, манайхаар бол хөдөөгийн канадчуудаас тус тус бүрддэг.
Миний бие Номхон далайн хамгийн баруун эргийн канадчууд буюу Бритиш Колумбын нэлээд хотуудад очсон юм. Өвлийн олимпийн нийслэл Ванкуверт ирсэн хүн өөрийгөө Ази, Номхон далайн аль нэг орны хотод хөл тавьсан мэтээр төсөөлөхөөс аргагүй. XVIII зууны үед энэ бөглүү хязгаарт зам тавих нүсэр хүнд ажилд нухлагдаж байсан хятад ажилчдын үр удам мөн Хонгконг коммунист Хятадын мэдэлд шилжихээс өмнөхөн амжиж ирсэн баян хятад болон япон, тайландчууд бараг алхам бүрт тааралдана. Нэгэн дунд сургуулийн биеийн тамирын багш хөл бөмбөгийн тоглолтын дараа маргааш Францын далбаатай ирэхээ мартуузай хэмээн өсвөрийн тамирчдад сануулж байв. Торонто юм уу Монрель зэрэг томоохон хотуудыг бодвол арьсны үзэл энд байдаггүй, бараг мэддэггүй, олон үндэстний үр хүүхдүүд нэгэн халуун ам бүл шиг аж төрж байгааг харах болно. Ванкувер хотын дарга нь өнгөт арьстан байсан, бас дэлхийд алдартай Бритиш Колумбын их сургуулийн Ерөнхийлөгч энэтхэг гаралтай эрдэмтэн байх жишээтэй. Удирдах албыг заавал цагаан арьстан канад хүн хаших албагүй, арьсны өнгөнөөс үл шалтгаалан хэн, юу чадаж байна, тэр нийгэмд байр сууриа эзэлдэг байна. Харин мужийн төв Виктория хотод азийнхан байхгүйтэй адил, ялангуяа засаг захиргааны байгууллагуудад нь ажиллаж буй ази царайтай хүн өдрийн од шиг ховор.
Ванкувер бол амьжиргааны өртөг Нью-Йорк, Вашингтоноос ч илүү өндөр, тэгсэн атлаа газар газрын хүмүүсийг өөр рүүгээ даллан дуудах увдистай, цэвэр цэмцгэрээрээ дэлхийд эхний тавд ордог, Хойт Америкийн үзэсгэлэнт хот юм. Тэгвэл энэ хотын үнэ цэн нь чухам юундаа байгаа бол? Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал, Хавайн арлуудын зүгээс үлээх дулаан агаар, аварга мод битүү ургасан давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, хүн амьдрах таатай орчинд нь байдаг юм болов уу? Ялангуяа Хонгконгын баян хятадууд энд хэдэн зуу, мянгаараа ирж суурьшсан нь орлого олох гэсэндээ бус, насан туршид нь, бас үр удамд нь хэрэглэж хүрэлцэхүйц их мөнгөө энд үрэн таран хийж, санаснаараа жарган суухыг урьтал болгосон гэмээр. Тэд хотын үйлчилгээний бараг бүхий л газрыг эзэгнэн, үнэтэй машин хөлөглөж, өргөст тортой шоронгийн хананаас өндөр, сүрлэг, гоёмсог ургамлан ханаар тусгаарласан орд харшид сууцгаана.
Баян, хоосны хоёр туйлыг эндээс л харж болно. Үлгэрийн сайхан энэ хотын “өвгөнтийн хөндийд” хар тамхичид, гуйлгачид, нийгэмдээ шаарлагдсан хүмүүс хэдэн арав, зуугаараа хоног төөрүүлж, шар нар бор хоногийг өнгөрөөнө. Харахад хөдөлмөрийн чадвартай залуус хүртэл малгайгаа дээш харуулан тавьж, хөгжим тоглон, хэд гурван цент горилон хоёр гурваараа сууцгаах нь гол төлөвхар тамхи, мансууруулах бодист донтогсод гэнэ. Зовлонгийн зуун найман аялгуу, жаргалын жаран наймыгаа даран гунигтайяа эгшиглэхийг эндээс л харж болно. Харин илт гуйлга гуйж буй азичууд, ялангуяа хятадууд энд харагдахгүй, бараг байхгүйтэй адил. Олон зууны тэртээ энд анх хөл тавьсан алдарт жуулчид, бас далайн дээрэмчид, колоничлогчид, бидний ярьдгаар тэдгээр “сайн эрсийн” үр удмын хийморь нь эдүгээ арай харьчихаагүй баймаарсан.
“…хар үс, шаргал арьс, өргөн шанаа, монхордуу хамартай монголчууд надад Америкийн уугуул индианчуудыг санагдуулдаг” гэж дал гаруй жилийн тэртээ Монголд зочилсон Америкийн Дээд шүүхийн шүүгч, нийтлэлч Уильям Дуглас бичжээ. Би тэрхүү “монхордуу” хамартангуудын нэгийг “Өвгөнтийн хөндийд” харсан юм. Тэр хүн Азийн аль нэг орноос ирээгүй л юм бол эндхийн уугуул индиан байхаас зайлахгүй. Тэр бас л малгайгаа дээш харуулан тавиад хөгжим тоглон гуйлга гуйж байв. Хар тамхинд орсон байж таарна.
Канадчууд айх аюулгүй амгалан тайван орчинд аж төрж байгаагаа илт мэдэрдэг бололтой, олны нүднээс зайдуу битүү ширэнгэнд гаргасан замаар удтал зугаалахдаа өөрсдийгөө яг л гэртээ байгаа юм шиг төсөөлдөг болжээ.Хэрэв тэндхийн ойн жимээр хэн нэгэн зугаалж яваад халдлагад өртдөг юм гэлээ гэхэд хот даяар шуугиан дэгдэж, хууль хяналтынхан сонор сэрэмжээ дээшлүүлж, нийгмийн ажилтнууд болон хэв журам сахиулагчдын тоог нэмэгдүүлж, телевиз сонин хэвлэлээр сэрэмжлүүлэг байнга явуулдаг юм байна. Канад бол дэлхийн хамгийн аядуу тайван, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангасан орны тоонд зүй ёсоор ордог. Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталдаг оронд л бүх хууль дүрэм хэрэгждэг гэж үздэг нь хэтрүүлэг биш. Канадын аль ч хотод зам хөндлөн гарахдаа гарцны дэргэдэх шонд байрлуулсан товчлуурыг өөрсдөө эхэлж дарахад ногоон гэрэл асч, баруун зүүнээс ирж буй бүх машин зогсож хүмүүсээ өнгөрүүлнэ. Зарим зорчигч гэрлээр зохицуулдаггүй гарцанд тулж ирээд тээврийн хэрэгслийн замыг чөлөөлж эхлээд явна уу гэж дохисон ч тэд та нарыгаа эхэлж өнгөрүүлж байж явна даа гэсэн шиг байрандаа хүлээн зогсдог аж. Энд зам хөндлөн гарахад явган зорчигч хамгийн давуу эрх эдэлнэ. Дараа нь дугуйтай хүн, гуравт нийтийн тээврийн хэрэгсэл, бүр сүүлд нь хувийн тэрэг явах жишээтэй. Эмнэлэг, цагдаа, галын алба зэрэг тусгай үйлчилгээнийхэнд зориулсан хамгийн баруун талын зурвасаар хэн дуртай нь яваад байдаггүй, явахыг ч боддоггүй. Харин манайд бүр эсрэгээр, тэр ч бүү хэл томоохон албан тушаалтнууд тусгай гэрэл дохиог дураараа хэрэглэж байгаа нь хүн төвтэй нийгмийн шинж яавч биш. Хүнийг биш гаднын нэртэй фирмийн брэнд болсон машиныг илүү “хүндэтгэдэг” тогтолцоонд бид орчихсон юм биш үү? Дотор нь согтуу алуурчин юм уу, чөтгөр сууж явсан ч ялгаагүй. Гэтэл тиймгүй юм байна шүү, хүмүүс ээ! Эдүгээ мөрдөж эхэлж буй замын хөдөлгөөний хуулийг бид талархан хүлээн авч хэрэгжүүлэх ёстой. Дашрамд хэлэхэд, арай л хөнгөдсөн үү гэхээс биш нэг их чангатгасан зүйл бараг байхгүй дээ. Хэрэв гаднынхан энэ талаар зориуд ажил болгож судалгаа хийдэг юм гэлээ гэхэд нийгмийн тогтолцоо, хууль дүрэм нь чухам хэнд үйлчилж буйг төвөггүй мэдэх болно. Гэвч энэ бүгдийг “илрүүлэх” гэж явдаг завтай гаднын хүн хэн ч байх билээ, бид өөрсдөө хөдлөхгүй байгаа юм чинь.
Канад оронд бүхнээс илүү харж хамгаалдаг нэг л зүйл байдаг нь хэлсэн хэлээгүй нүдэнд харагдаж байдаг. Энэ бол хүний амь, амар амгалан байдал. Зан сайтад хүн бүхэн цугладаг гэж манайхан ярьдаг. Хүний сайн санаа, сайхан сэтгэл, хүнлэг харилцааны гайхамшгийг эндээс алхам бүрд харж болно.
Ойн жимээр явж байсан, нохой дагуулсан канад бүсгүй бидэнтэй хятадаар мэндлэхэд миний ач хүү Ананд “Бид Хятад биш Монгол” гэв. Канад бүсгүй “Аа, Монгол уу? ” гэж найрсгаар хэлээд манай энд коёоте чоно элбэгтэй. Хэрэв чонотой тааралдвал өөр зүг рүү анхаарал хандуулж болохгүй, зөвхөн чонын нүд рүү эгцлэн харж чанга дуугаар хашгиран мод, чулуу шидвэл явчихна гэж тэр бүсгүй хэллээ. Гартаа гишүү барьсан нөгөө бүсгүй цааш явснаа эргэж хараад “Чоно тааралдвал хоол битгий өгөөрэй. Тэгвэл ойр ойрхон эргэж ирээд байдаг юм шүү.” гэв. Тэр бүсгүй үл таних хүмүүст ийнхүү чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгаа нь нийт канадуудын найрсаг харилцаа, хүн хүндээ анд нөхөр байх эрхэм зарчмын хэм хэмжээ болсныг харуулна. Дараа нь тааралдсан дугуйтай өвгөн ой дахь горхи руу зааж “тэнд минж байгаа, оромжийг нь харж байна уу?” гэснээ “энд ямар нэг жимсний үнэр ханхлаад сайхан байна шүү” гэж сайн танилдаа хэлж байгаа юм шиг найрсгаар өгүүлэв. “Баавгайд ч хоол өгөөд хэрэггүй, дахин дахин идэх юм горилж ирнэ. Тэр нь байхгүй бол өөр рүү нь дайрч ч болзошгүй” гэж хэлэх хүн ч тааралдав. Үнэхээр ч энэ газар хойт Америкт байдаг коёоте чонын идээшсэн таатай орчин, хүнээс бараг айдаггүй, хүн ч түүнийг айлгаад байдаггүй, айлын үүд хавиар үе үе чоно эргэлдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Араатан амьтдын жинхэнэ амьд музейг эндээс л харж болно. Амралтын бүс нутаг Вестлер ууланд тарвага хошгирч, татлаган замаар уул өөд өгсөж явахад тэртээ дор баавгай харагдах бол энүүхэнд.
Канадын өргөн уудам нутгийн төв хэсэг нь цаг агаарын хувьд Монголтой төсөөтэй, үржил шимтэй болохоор хөрсөнднь юу ч хаясан ургадаг аж. Унагасан юм уу тайрсан модных нь хавтгай ёзоороос хүртэл зулзаган мод ургажээ. Хотын төвд ширэнгэ дундуур тал бүр тийш салаалсан жим гаргаагүй бол хүн бүү хэл, коёоте чоноос өөр амьтан нэвтрэх аргагүй. Жим бүхний эх бас уулзваруудад очих газрын чигийг заасан тэмдэг, чоноос болгоомжлохыг зөвлөсөн бичигт самбарууд байрлуулсныг хараад манайх ядаж автобусны буудлаа хаягжуулдаг ч болоосой гэсэн бодол төрнө. Харин жим дагуу салхинд унасан, эсвэл олон жил, бүр хэдэн ч зууны өмнө тайрч унагасан аварга модод баруун зүүнгүй хөглөрч зам хөндлөн унасан зарим модны дундуур хүн явахад зориулсан хөндлөн ховил гаргасныг харахад канадчууд манайхтай адил ойгоо цэвэрлэх гэж төдийлөн санаа тавьдаггүй юм болов уу гэмээр. Гэвч өөрсдийгөө хямд эрчим хүчээр бүрэн хангадаг орны ард түмний хувьд түлээ нүүрс түлнэ, шаглана бас модны хулгай гэсэн ойлголт байдаггүй бололтой. Мэдээж дэд бүтэц тийм ч сайн хөгжөөгүй, зах хязгааргүй хойт нутгийн оршин суугчид модоо түлэлгүй яахав.
Канад бол олон үндэстний урлаг нь индианчуудын язгуур урлагтай хослон хөгжсөн газар юм. Миний бие Ванкуверт ирээд удаагүй байхад жар дахь жилдээ зохиогдож буй ардын дуу, хөгжмийн их наадам сүр дуулиантай болж өнгөрөв. Хөгжиж буй орны дундаж амьдралтай хүн аль нэг өндөр хөгжилтэй оронд ирсэн тэр мөчөөсөө эхлэн тэндхийн эмзэг бүлгийнхэнд тооцогдохоос өөр аргагаүй, юм бүхэн нь тэнгэрт хадсан үнэтэй. Үзвэр үйлчилгээ ч ялгаагүй. Дуу хөгжмийн уламжлалт их наадмыг үзэхээр бас уг наадамд оролцохоор дэлхийн олон арван орны хүмүүс ирцгээсэн тул хотын зочид буудал, зоогийн газрууд хүнээр пиг дүүрчээ. Тасалбарын үнэ гэхэд л 150 канад доллар буюу манайхаар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй илүү байна. Бас тэнд ордог юм гэлээ гэхэд хоол, ундаа бусад үйлчилгээ авах хэрэгтэй болно. Хэтрүүлж хэлбэл, төлбөрт нь одон орны хэмжигдэхүүн гэмээр их тоо гарахгүй л байх. Тэгвэл “Өвгөнтийн хөндийн” гуйлгачдаас эхлээд хэдэн зуу, мянга, саяар тоологдох ядууст иймэрхүү арга хэмжээ хүртээлгүй байх нь. Тэд чинь бас л урлаг соёлоор ангаж цангадаг хүмүүс. Харин Канадад соёл урлагийн иймэрхүү томоохон арга хэмжээнд нийгмийн давхарга бүхний төлөөллийг оролцуулахыг эрхэмлэж, эмзэг давхаргынханд үнэ төлбөргүй үзвэр үзэх, үнэгүй бэлэг, үдийн тансаг хоол бас л үнэгүй авах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Тэдэнд үйлчилдэг хүмүүсийг хүртэл томилж, буцах унааных нь зардлыг мөн олгож байв. Орлогоо бодолгүй яахав. Гэвч хүнийг түүнээс дээгүүрт тавьдаг “хүнлэг энэрэнгүй” гэсэн манай үндсэн хуулийн заалт энд жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаатай биечлэн танилцлаа. Бас их, дээд сургуульд орох гэвч мөнгөгүй, авьяаслаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даадаг тогтолцоо ч үйлчилж байна. Хэрэв нутгийн уугуул иргэд бол бүр ч давуу эрх эдэлдэг аж.
Дэлхийн улс түмнүүдийн дуу хөгжмийн бүтээлүүд хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзлийг тусгасан түгээмэл сэдвүүдийг хамардаг бол тэдгээрийг илэрхийлэх арга хэв маяг нь тухайн ард түмний зан байдал, онцлог төдийгүй, газар зүйн байрлал, цаг агаар зэргээс шалтгаалан янз бүр байдаг бололтой.
Үргэлжлэл бий