Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг автомашинаас ялгарч байгаа хорт утаа бүрдүүлж байна гэж одоогоос гурван жилийн өмнө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул мэдэгдэж байв. 2018 онд 18 хувьтай байсан энэ тоо гурван жилийн дотор 2020 оны сүүлч гэхэд бараг тал орчим хувиар өссөн байдаг. Агаарын бохирдлыг бууруулах, тэр дундаа автомашины хорт утааг багасгах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадаагүй нийслэлчүүдийн хувьд энэ тоо 30 хувиас хол давсан байх магадлалтай. Тиймээс агаарын бохирдлын тухай ярихад автомашины хорт утааг заавал хөндөх асуудал болж байгаа юм.
Автомашинаас ялгарах хорт утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг нь тодорхой болсон. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд хөнөөлтэй хорт бодисууд гэсэн үг. Улаанбаатар хотын хувьд хорт утаа ялгаруулж байгаа автомашиныг “приус” гэж нэрлэхэд буруудахгүй болчихоод байгаа. Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720 мянган тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг саяхан Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Нийслэлд бүртгэлтэй эдгээр автомашины нэлээд өндөр хувийг “приус” загварын автомашин эзэлж байгаа.
Тэгвэл “приус” машинаас ялгаруулж буй хорт утааг шүүдэг гол эд анги нь нүүрсэн яндан. Автомашины дутуу шатсан утаанаас хорт бодисыг шүүх зориулалттай маш чухал эд анги. Хүнээр бол амны хаалт л гэсэн үг. Гэвч энэ чухал эд ангийн хууль бус наймаа сүүлийн жилүүдэд цэцэглэх болсон. Нүүрсэн яндангүй “приус” машин замын хөдөлгөөнд оролцоход хорт бодисууд ямар ч шүүлтүүргүйгээр агаарт шингэнэ. Энэ тухай “Өдрийн сонин” хөндөн бичсээр ирсэн.
Өнөөдөр бидний амьсгалж буй агаарын гуравны нэг нь автомашины хорт хий, тэр дундаа “приус” машинаас ялгарч байгаа ямар ч шүүлтгүүргүй, дутуу шатсан түлшийг шууд амьсгалж байгаа гэж хэлж болно. Учир нь “приус”-ын нүүрсэн яндангийн хууль бус наймааг өнөөдөр хүртэл холбогдох газрууд цэгцэлж чадаагүй байна.
Нүүрсэн яндангийн наймаа гэдэг нь ченжийн системд шилжчихсэн, бүр албан ёсны болчихсон наймаа. Иргэд нүүрсэн янданг ченжүүдэд зарна, хулгайчид автомашинаас нүүрсэн янданг нь нууцаар тайлж аваад дамлана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцдог “приус” машинаас гадна Монгол Улсын хилээр оруулж ирэхэд нь аль хэдийнэ тайлаад авчихсан байх нь ч олонтаа.
Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг. Албаны эх сурвалж “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонгконг зэрэг улсад тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэж хүртэл тайлбарладаг.
Хамгийн ноцтой нь үүнийг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд байдаггүй. Гаалийн байгууллага хяналт шалгалтаар нүүрсэн янданг хил давуулахыг завдсан үйлдлүүдийг илрүүлдэг. Гэтэл хууль зөрчигчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгч, ялсан удаатай. “Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн” гэж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар тайлбарласан. Өнөөдөр ч энэ байдал дээрдээгүй. Нүүрсэн янданг хууль бусаар хилээр гаргасан хэвээр л байгаа юм.
Хамгийн сүүлд гаалийн байгууллагаас энэ талаар мэдээлэл өгөхөд Монгол Улсын хилээр 27.5 тонн катализаторыг экспортолсон тухай онцолж байлаа. Нэг машины нүүрсэн яндан дунджаар таван кг гэж үзвэл 27.5 тонн нь гэдэг нь 5000 машины нүүрсэн яндан гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр наанадаж 5000 приус машин утаа шүүгчгүйгээр замын хөдөлгөөнд оролцож нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байна гэсэн үг.
Нүүрсэн янданг хянах тогтолцоо өнөөдөр манай улсад байдаггүй. Хамгийн боломжит хувилбар нь автомашины оношлогоо гэж холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүд тайлбарладаг. Гэвч оношлогооны төвүүд дээр хийдэл дахиад л гардаг. Тодруулбал, оношлогооны төвүүд нүүрсэн янданг шалгадаг ганц аргачлалтай. Тэр нь бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт. Автомашины CO2 0.3-аас ихгүй, CH нь 250-аас ихгүй байх ёстой. Утааных нь заалт ийм хэвийн байвал зүгээр гэж үзнэ. Харин хэвийн бус хэмжээнд байвал машины доогуур орж нүүрсэн янданг нь инженерүүд шалгадаг юм билээ. Приус машины жолооч нар техникийн үзлэгт орохдоо өөр машинаас яндан авч тавих, эсвэл хятад яндан суурилуулдаг зэрэг арга зальтай болчихсон. Оношлогооны төвүүд дээр утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандартаа мөрдөөд л явдаг. Жолооч нар энэ стандартад нь барих арга замуудыг дээрх байдлаар ашиглаад өнгөрдөг жишиг нэгэнт бий болжээ.
Автомашины утаанаас 260 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тухай дээр дурдсан. Эдгээр бодисын нэн тэргүүнд хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодисууд ялгардаг болохыг мэргэжлийн хүмүүс онцолдог. Эдгээр хорт бодис нь амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох зэрэг маш хоруу чанартай. Тухайлбал, хар тугалга нь ихэнх эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Мэдрэлийн хор гэж нэрлэгддэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай гэж үздэг. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэж амьсгалын эрхтэнг гэмтээдэг аюултай.
Тэгвэл эдгээр хорт бодисууд агаарт ямар түвшинд байгааг Цаг уур орчны шинжилгээний газарт шинжилдэг. Тус газрын 2022, 2023 оны харьцуулсан судалгаагаар маш ноцтой үр дүн харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдөрт агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM-10, PM-2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны хэмжээг өнгөрсөн онцтой харьцуулахад хүхэрлэг хий долоо хоногийн дундаж агууламж 2022 онд 148 микрограмм (мг) байсан бол 2023 онд 152 болж өссөн үзүүлэлттэй. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2022 онд 505 мг байсан бол 2023 онд 648 мг болж бас өссөн байна. Агаарын чанарын стандарт агууламжаас хамгийн их байсан нь Зурагт орчим 12.9 дахин их байжээ. Азотын давхар ислийн хувьд долоо хоногийн дундаж агууламж болон 24 цагийн дундаж агууламжаар Нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын стандартаас 2.9 дахин их байжээ.
Хараммсалтай нь автомашины утаанд агуулагддаг бодисуудын хамгийн хор хөнөөлтэй гэгддэг хар тугалгыг хэмжих хянах лаборатори манайд байдаггүй. Хар тугалгыг хэмжих багаж төхөөрөмж байдаггүй болохыг албаныхан хэлдэг. Харин хувийн лабораториуд энэ талаарх судалгааг зарим тохиолдолд хийдэг. Түүний нэг бол Эрүүл ахуй, хор судлалын лаборатори юм. Тус лабораторийн эрхлэгч Д.Нарансүх “Хар тугалга бол орчинд байдаг хортой метал хэлбэрийн элемент. Олон зүйлд хар тугалга агуулагддаг. Хар тугалга хүний биед орохоор мэдрэлийн эрхтэн тогтолцоо, ялангуяа хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй. Тиймээс зайлшгүй хянах шаардлагатай. Бид өнгөрсөн хугацаанд энэ талаар судалгаа хийж ирсэн. Улаанбаатар хотын 3-4 настай хүүхдийн цусанд хар тугалга 6-8 мг/бл хэмжээтэй гарсан. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт. ДЭМБ-ийн зөвлөдөг хэмжээ таван мг/бл байдаг. Энэ хэмжээнээс хэтэрвэл сөрөг нөлөөтэй гэж үзнэ. Хүүхдийн цусанд хар тугалга хаанаас ороод байна вэ гэдэг асуудал болоод байгаа. Бидний үзэж байгаагаар агаарын бохирдолд өндөр байх магадлалтай” хэмээж байлаа.
Нүүрсэн яндангүй “приус” машинууд агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрийн нэг болж байгааг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай тусгаж, хяналт шалгалтыг эхлүүлж байв. Шалгалтын явцад 2446 “приус” машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсныг илрүүлсэн ч цаашид ямар арга хэмжээ авах талаарх мэдээлэл бүрхэг болоод мартагдсан. Тэгвэл саяхан Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа нийт “приус” загварын машиныг 100 хувь гэж үзэхэд 50-60 хувь нь хорт утаа ялгаруулалтыг шүүдэг нүүрсэн яндангаа худалдчихсан. Нүүрсэн яндангүй машинууд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцвол агаарын бохирдол яг хэвээрээ л байна. Ийм учраас дараагийн хурлыг Агаарын бохирдлыг бууруулах хороотой хамтарч зохион байгуулна” гэв.
Б.ЭНХЗАЯА