Categories
мэдээ нийгэм

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудлыг тусгасан. Энэ заалттай холбогдуулж үг хэлсэн гишүүдийн зарим нь өмнө ажиллуулж байсан “Цэвэр агаар” сан шиг удирдлагууд нь хууль бус үйл ажиллагаа явуулж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан явдал давтагдах юм биш биз хэмээж байв. Мөн хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг тусгасан. Энэхүү заалтыг оруулж өгснөөр амны хаалт үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа саарч, дотоодын үйлдвэрлэлээ унагах шалтгаан болох вий гэх ч гишүүн гарч байсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хилээр оруулж ирэх амны хаалт нь тусгай шүүгчтэй байна гэсэн тайлбарыг хийсэн. УИХ-ын гишүүд нийслэлийн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах нь хамгийн оновчтой хувилбар. Гэвч бүх айлыг орон сууцжуулна гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах учраас ойрын жилүүдэд халаалтаа цахилгаан эх үүсвэрээр шийддэг болох ёстой гэв. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ үеэр ипотекийн хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ирүүлж байгаа иргэдийн ердөө 13 хувь нь л арилжааны банкнаас тавьдаг зээлийн шаардлагыг хангаж байна гэсэн мэдээллийг өгөв. Үүний дараа уг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *