Агаарын бохирдол нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Агаарын бохирдлын сөрөг нөлөө нас ахих тусам нэмэгдэж байна гэж судлаачид дүгнэжээ. АНУ болон БНХАУ-ын судлаачдын хамтарсан баг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятадын 20 мянган хүний математик болон ярианы ур чадварыг ажигласан байна.
Энэхүү судалгааны үр дүнд дэлхийн хүн амын 91 орчим хувь нь биед сөрөг үр дагавар үүсгэх боломжтой, бохирдол ихтэй агаараар амьсгалж байгааг тогтоожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, үл үзэгдэх алуурчин гэх агаарын бохирдлын улмаас дэлхийд жил болгон 7 сая орчим хүн эрт нас барж байна.
Агаарын бохирдол нь Альцгеймерийн өвчин болон Демениягийн бусад хэлбэрүүд зэрэг дегенератив өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
“Бохирдол ихтэй агаараар амьсгалах нь хүний боловсролын түвшинг нэг жилээр ухраах сөрөг үр дагавартай” гэж Йелийн их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Си Чень хэллээ.
Өмнө нь хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь сурагчдын танин мэдэхүйн чадваруудад сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Судлаачид 2010-2014 оны хооронд 10 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг ажиглаж, стандартчилсан математикийн 24 асуулт, үг таних 34 асуулт асууж уг судалгааг явуулжээ.