Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүнг өчигдөр холбогдох албаны хүмүүст танилцуулж, “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүхээс дараахь зүйлсийг тодрууллаа.
-Судалгааны үр дүнг товч танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Америк, Солонгосын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийсэн. Тухайлбал, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцрын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтраад хийсэн байгаа. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн. Мөн дотоод орчны агаарын бохирдлын талаар бид хэд хэдэн судалгаа хийсэн. Өнгөрөгч 2016 онд Сөүлийн үндэсний их сургуультай хамтраад монгол гэрийн дотоод орчны агаар дахь pm 2.5 нарийн ширхэгт тоосыг хэмжсэн. Тэгэхэд 200 м.гр м3 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн үр дүн гарсан.
-Дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна?
-Мэдээж, гадаад орчны агаарын бохирдол хамгийн их нөлөөлж байгаа. Үүнээс гадна гэр хороололд утаат галлагаа буюу нүүрс, мод түлэх нь дотоод орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болоод байна. Амьдралын буруу хэвшил, зан үйл ч бага гэлтгүй сөргөөр нөлөөлж байгааг бид тэр бүр мэддэггүй. Тухайлбал, тамхи татах, арц, хүж уугиулах, үнэр гаргадаг органик нэгдэл бүхий тавилга, шалны хулдаас, пластик хэрэгслүүд агаарт таагүй үнэр ялгаруулдаг.
-Судалгааны үр дүнг танилцуулсны дараа хэлэлцүүлгээс ямар санал, шийдэл гарав?
-Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Юун түрүүнд, Улаанбаатарт утаагүй халаалтын шийдлүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ монгол гэрт болон орон сууцанд ямар төрлийн халаалт оновчтой юм, эдийн засгийн хувьд ямар үр ашигтай юм гэдгийг тооцох шаардлагатай байна. Мөн эрчим хүчний дэд бүтцийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах сургалт сурталчилгааны ажлыг иргэдэд зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн хичээллэх цагийг агаарын бохирдлын оргил цагтай давхцуулахгүй байх, агаар цэвэршүүлэгч ашиглах, автомашины янданд агаар шүүгч тавих, хотод байгаа иргэд хөдөө суурьшиж амьдрахад нь тодорхой эдийн засгийн хөшүүрэг бий болгож малжуулах, агаарын бохирдолд өртөмхий бүлэгт чиглэсэн бодлого боловсруулах тухай гэх мэт зөвлөмжүүдийг гаргаад байна.
Б.НАРАНЧИМЭГ