АШУҮИС-ийн санаачилгаар “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр зохиогдлоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон гадаадын их дээд, сургуулийн профессорууд, эрдэмтэн судлаач, багш нар, оюутан залуус оролцсон тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 2018 оны 11 дүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм. Засгийн газар техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан гэдгийг тэмдэглэлээ.
Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг эрдэм шинжилгээний судалгаа, баримтаар тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн шилдэг эрдэмтдийн санал, туршлагыг хуваалцах зорилготой арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцлоо.
Тэрээр, агаарын бохирдлыг бууруулах талаар хурдан хугацаанд дорвитой арга хэмжээ авах хүртэл хичээлийн жилийн улирлын бүтцэд өөрчлөлт оруулах судалгаа хийгдэж байна. Манай орны хувьд 12 дугаар сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл хугацаанд сурагчдын амралтыг зохицуулах талаар олон нийтийн зүгээс санал шаардлага тавьсаар байна. Энэхүү чуулганаас тодорхой үр дүнд хүрэх шийдэл, арга зам санаачилга гарна гэдэгт итгэж байна гээд оролцогчдод амжилт хүслээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод нийтдээ 381471 хүүхэд, 157000 оюутан суралцаж байна. Тэдний хувьд агаарын бохирдол орчны хамгийн том эрсдэл болж, цаг уурын хүчин зүйлтэй хавсран олон өвчлөл үүсэх шалтгаан болж байгаа юм. ДЭМБ-аас хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарлаад байна.
2016 оны байдлаар агаарын бохирдол нь нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53%, зүрх судасны өвчлөлийн 20%, уушгины хавдрын 40%, нийт нас баралтын 34%-ийн шалтгаан болж байгааг тодорхойлсон байдаг. Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд жил бүр 7 сая хүн нас барж, 10 хүн тутмын 9 нь маш ихээр бохирдсон агаараар амьсгалж, ялангуяа Ази, Африкийн бага ба дунд орлоготой улс орнуудад агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг эзэлж байгаа талаар ДЭМБ –аас мэдээлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлж байгаагаар агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг болохыг нотолсон байдаг.
Тус чуулганд 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүндэт илтгэгчээр уригдан оролцлоо. Мөн АШУҮИС –ийн судалгааны баг, профессор О.Чимэдсүрэн нар хамтран хийсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө” судалгааны үр дүн, мөн Сеүлийн Үндэсний их сургууль, Тайваны Үндэсний их сургууль, Канадын Саймон Фрезерийн их сургуультай АШУҮИС –ийн судлаачдын хамтран агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа.