Categories
гадаад мэдээ

Агаарын бохирдлыг хэмжих апликэйшн бүтээжээ

Бээжин хотод төвтэй Олон нийтийн эрүүл ахуй, орчны өөрчлөлтийн судалгааны төв хүрээлэнгээс агаарын бохирдлыг хэмжиж, иргэдэд анхааруулга өгөх гар утасны апликэйшн бүтээсэн байна. Энэ нь БНХАУ-ын 190 орчим хотод “ажиллах” бөгөөд иргэдийн дунд агаарын чанарын талаар мэдээлэл солилцох гол хэрэгсэл болох гэнэ. Тус улс хамгийн бохир агаартай орны нэг бөгөөд агаарын бохирдолтой тэмцэхээр сүүлийн үед олон арга хэмжээ авч байгаа.

Автомашины тоог хязгаарлаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулж буй ч агаараа цэвэршүүлж чадахгүй байгаа нь Хятадын эрх баригчдыг өөр арга зам эрэлхийлэхэд хүргэж буй. Харин дээрх апликэйшн агаарын гол бохирдуулагч болох нүүрсний үйлдвэрүүдийн байршлыг хэлж өгөхөөс гадна нүүрстөрөгчийн хийг зөвшөөрөгдөх хэмжээнээс давж “үйлдвэрлэсэн” аж ахуй нэгж, үйлдвэрүүдийг “барьж өгөх” гэнэ. Мөн аль хэсэгт агаарын бохирдол их байгааг сануулж, тийш явахгүй байхыг сэрэмжлүүлэх, утаа угаартай газар очсон ч тэр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, үгүйг хэлж өгөх мэдрэгчтэй байх аж.