Африкийн орны удирдагчдын Парист болсон уулзалтын үеэр Нигерийн радикал бүлэглэл Боко Харамтай “дайн” зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Парист болсон энэ уулзалтанд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Нигерийн төрийн тэргүүн Гудлак , түүнчлэн Бенин, Камерун, Нигер болон Чад зэрэг орны ерөнхийлөгчид оролцжээ. “Боко Харам” бүлэглэл нь Аль-Каида болон бусад алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой гэж мэдэгдсэн юм. Тус уулзалтын үеэр Африкийн орны удирдагчид Боко Харам бүлэглэлтэй тэмцэхийн тулд томоохон төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон байна. Мэдээлэл солилцох, бүс нутгийн хил хязгаарыг хамтран хянах, зохицуулалт хийх, франц цэргүүдийг оролцуулсан цэргийн ажиллагаа зохион байгуулах зэргээр хамтрах нь. Уулзалтанд Их Британи, АНУ, Европын холбооны төлөөлөгчид оролцжээ. Дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Боко Харам бүлэглэл Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуульд зэвсэглэн очоод 230 гаруй сурагчийг хулгайлсан юм. Бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау хулгайлагдсан охидыг “Аллахын өмч” гэжээ. Мөн шоронд байгаа Боко Харам бүлэглэлийн гишүүдийг охидоор солих санал гаргаад байгаа юм. “Боко Харам” гэдэг нь хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн үг аж. Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм байна.