Бямба гаригт Афганистан улсын нийслэл Кабул хотын нэгэн охидын сургуульд бөмбөг дэлбэрсний улмаас 55 хүн нас баржээ.
Уг сургууль нь Кабулын баруун хэсэгт, исламын шашны шийт урсгалыг дагагчдын голлон суудаг дүүрэгт байрладаг юм байна. Амиа алдагсдын ихэнх нь 11-15 насны охид байжээ.
Халдлагыг үйлдээгүйгээ Талибан хөдөлгөөний зүгээс албан ёсоор мэдэгдэж, сургуульд аллага гарсанд харамсал илэрхийлсэн байна.
АНУ болон түүний холбоотнууд 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгахаар болж, цэргээ Афганистанаас гаргаж эхэлснээр тус улсад зэвсэгт халдлага гарах нь эрс нэмэгдсэн юм.
Дэлбэрэлт өчигдөр 16:30 цагийн орчимд, охидыг хичээлээсээ тарж байх үед болсон байна. Гэрчүүдийн мэдээлснээр ойрхон зайтай гурван дэлбэрэлт дараалан болжээ.
Афганистаны засгийн газар террорист халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн ч одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Исламын Улс террорист байгууллагын тус улс дахь салбар нэгж энэ удаагийн аллагыг үйлдсэн байж болзошгүй юм. Исламын шашны суннит урсгалыг дагадаг тус байгууллага өмнө нь шийт урсгалын шүтлэгтнүүд рүү чиглэсэн халдлагыг олон удаа зохион байгуулж байв.
Кабулын Мухаммад Али Жиннах эмнэлгийн гадна цусаа хандивлахаар хүмүүс дугаарлаж, хананд нь алагдсан хүмүүсийн нэрсийг байрлуулжээ.
Охидын сургуульд гарсан халдлагын үеэр 50 гаруй хүн шархдсан байна. АНУ-ын 2.500-3.500 oрчим цэргийн эхний хэсэг тавдугаар сарын 1-нээс эхлэн Афганистанаас гарч байгаа. Цэрэг гарах ажиллагаа энэ оны есдүгээр сарын 11-нд дуусах юм.