Өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Учир нь “Аэро Монголиа” компани Өмнөговь аймгийн Ханбогд сум руу анхны тогтмол нислэгээ үйлдсэн явдал юм. Өмнө нь Ханбогд сум руу нислэг үйлддэг байсан ч “Оюутолгой” ажилчдад зориулсан захиалгат нислэг байдаг байлаа. Тэгвэл одоо “Аэро Монголиа” компани Ханбогд сумын “Ханбумбат” нисэх буудалд долоо хоногт хоёр удаа газардаж орон нутгийн иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэхүү “Ханбумбат” нисэх буудал нь Ханбогдын сумын төвөөс 40 орчим км-ын зайтай бол “Оюутолгой” ХХК-ийн уурхайгаас найман км зайтай юм байна. Ийнхүү тогтмол нислэгтэй болсноор Ханбогд сумын иргэд болон ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд мөн “Оюутолгой” ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотруу төвөггүйхэн хүрэх бололцоотой болж байгаа юм. Тодруулбал нутгийн иргэдийн ярьж буйгаар Ханбогд сумаас Улаанбаатар хот хүртэд 660 гаруй км замыг арав гаруй цагийн турш машинаар туулдаг байсан тухай ярьсан. Суудлын машин 40-50 мянган төгрөгийн ханштай иргэдэд үйлчилдэг ч олон цаг шороон замд машинд сэгсчүүлнэ гэдэг амаргүй байсан талаар малчид ярив. Харин тогтмол нислэгтэй болсоноор ердөө 1.30 минут агаараар яваад Улаанбаатар ирж, очиж байгаа нь тэдний хувьд цаг хэмнэхээс гадна тав тухыг хангасан явдал боллоо. Орон нутгийнхан “Хөдөөний бид чинь цай уухын зуур хот хүрээ орж оюутан хүүхдээ эргэж тойрчихоод, гурил будаагаа дөхүүлээд ирэх нь байна ш даа” хэмээн их л олзуурхан ярьж байсан. “Аэро Монголиа” компани Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50″онгоцоор үйлчилж байна. Тасалбарын үнэ талдаа 187 мянган төгрөг юм билээ.
“Ханбумбат” нисэх буудлыг “Оюутолгой” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн өөрсдийн ажилчдыг тээвэрлэх бус орон нутгийн дэд бүтэцэд мөн дэвшилт гарган хамтарч ажиллахыг зорьсон гэнэ. “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Айвен Велла “Манай компани төрийн байгууллагуудтай олон удаа хэлэлцэж, энэ бүс нутгийг хөгжүүлэх, холбогдох бүхий л хууль дүрмийг сахин ажиллах хүсэл эрмэлзлээ батлан хариулсны эцэст энэхүү дэлхийн түвшний нисэх буудлыг барих албан ёсны зөвшөөрөл авч байсан. Хоёр жилийн өмнө бид энэхүү хөөрөх, буух зурвасыг барьж эхлэхдээ өнөөдрийн энэ өдрийг мөрөөдөж байлаа. Бидний зорилгыг биелүүлэхэд тусалсан “Аэро Монголиа” компанид баярлалаа” гэв. Энэхүү нисэх буудал нь орон нутагтаа хамгийн томд орох аж. Түүнчлэн орон нутгийн нислэгээс гадна шаардлагатай бол олон улсын томоохон нислэгийг ч хүлээн авах чадалтай гэсэн.Нисэх буудлын барилгын ерөнхий дизайн нь бөөрөнхий монгол гэртэй төстэй юм билээ. “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Ханбогд чиглэлийн тогтмол нислэг долоо хоногийн лхагва, бямба гаригт хуваарьтай бөгөөд авиа компанийн зүгээс тасалбараа энэ сар дуустал өндөр настнуудыг 50, орон нутгийн иргэдийг 30 хувь хөнгөлжээ. Ийн тогтмол нислэгтэй болсноор жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж нутгийн удирдлагууд үзэж байна.
Д.СҮРЭН