Адуун сүрэг
Гурван аймгийн залгаа, гурван их ай савын уулзвар, гурван их усны хаяа Их Монголын элсний ар, өвөр хормой, Завхан гол, Хүйсийн говь дагасан Таван гүний уудам нутагт оршдог сум бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сум.
Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын гурван “брэнд”-ийг Монгол даяар андахгүй. Онцолж дурдах учиртай нэгэн гайхамшиг нь Их Монголын элс. Хөхморьтынхон Их Монгол элсээ дээдэлсээр ирсэн юм. Алтан хараацайн даль шүргэх төдийд л эмсийчихдэг элсэн манхадын хурц ирмэг бүр харц булаахаар өвөрмөц тогтоцтой. Дэлхийн аль ч улсын уран барилгач эргүүлж үл нөхөх уран тогтоц энд л оршдог. Урлаач салхины бүтээсэн гайхамшиг гэж л энэ байх гэж дуу алдмаар орчныг харсан хэнд ч бишрэл төрнө. Энэ их элсэнд ургадаг хоёр ургамал мөн л сумын маань брэнд. Хөхморьтын суль, сульхир гэхээр мэдэхгүй хүн үгүй дээ. Хөхморьтынхон суль, сулхираа намрын намарт түүж хүнсэндээ хэрэглэсээр өдгөөг хүрсэн юм. Хүнсний ч, эмчилгээ сувилгааны ч ач холбогдол ихтэй энэ хоёр амуугаараа сум маань тойрсон аймаг сумандаа, бүр нийслэлд ч алдраа түгээсээр байна. Энэ онцлогуудаа тодруулж, тордож сумаа аялал жуулчлал, элсний спортын өлгий болгох боломж бидэнд бий.
Хөхморьтыг адуугүйгээр төсөөлөх аргагүй. Нутгийн адуун сүрэг маань сүүлийн жилүүдэд түм, түмээр тоологдож, хурдан хүлгүүд нь улс, аймаг, сум, бүсийн уралдаануудын түрүү, айраг хүртэж сум орон нутгийнхаа нэр алдрыг дуурсгаж явна. Бүр тодруулж хэлбэл Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг маань сүүлийн хоёр жил дараалан түмээр тоологдлоо. Сумаас маань анх удаа Монгол Улсын алдарт уяач цолыг нутгийн унаган хүү Т.Ганзориг хүртлээ. Чихэнд сонсголонтой сайхан мэдээ. Эдгээр баярт үйл явдлуудыг тохиолдуулан энэ оны наймдугаар сарын 08-11-ний өдрүүдэд Хөхморьт сумын “Түмэн адууны баяр”, “Монгол Улсын алдарт уяач Т.Ганзоригийн цолны мялаалга наадам”-аа нутгийн зон олонтойгоо нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас хамтран санаачлан зохион байгуулж ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажлуудаа зохион байгуулж байна.
Адуу маллах, өсгөн үржүүлэх, сааль сүүг нь бэлдэх, эмнэг хангал сургаж хүлгийн шандсыг сорих зэрэг адуу тойрсон их өв соёлоо төдийгөөс өдий хүртэл уламжилж ирсэн нь манай сумын үнэ цэнэ билээ. Хөхморьт сумын адуун сүрэг нь нутгийн монгол адууны угшилтай. Монголын их элс, Завхан гол, Хөхморьтын адуу Хүйсийн говийн ай сав дагасан бэлчээр нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, бие дунд зэрэг, махлагдуу, уналгын чадвар сайн, цээж болон хөлийн бяд сайтай зэрэг чанаруудаараа бусад аймаг сумдын адуун сүргээс онцгой.
Монголын их элс, Завхан голын сав газар, Хүйсийн говийн байгаль, цаг уур тун өвөрмөц. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрнэ, зун нь хэт их хална. Хөх морьтын адуу ийм уур амьсгалд, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт зохицсон урт өтгөн дэл сүүлтэй, том далбагар туурайтай. Манай нутгийн хурдан морьдыг түрүүлж, айрагдахаар “элсний майзагууд” хэцүү шүү гэцгээдэг нь ийм учиртай.
Алдарт уяач Гонгор асны хурдан шарга морины хөшөө.
Зургуудыг Ш.Ооёо
Хөхморьтын нэг брэнд нь адуу болсон түүхийг сонирхуулъя. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хөдөө аж ахуйн өвөрмөц нэртэй нэгдэл байлаа. Нэгдлийн маань нэр “35 жил”. Нэгдлийн захиргааны зүгээс 1968 оноос нутгийн адуунд анхаарч эхэлж. Өөр дотор нь шилэн сонголт явуулж шилмэл адуунаас шинээр азарга тавьжээ. Үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр эрчимтэй явуулсан гэдэг юм. Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг аж ахуй бүрэн утгаараа хөгжиж эхэлж байсан цаг л даа.
“35 жил“ нэгдлийнхэн нэгдлийнхээ сүрэгт шинээр азарга тавихдаа сонгож шилэх гэж нэлээд юм болдог байж. Нэгдлийн гишүүдийн амины адуунаас үржил, бие бялдар сайтай гүүнээс гарсан үр төлийг судалж шүдлэн, хязаалан наснаас нь нэгдэлдээ худалдан авч азарга тавьж байсан гэдэг. Сүргийн чанараа ингэж сайжруулсан нь өнөөдөр ч Хөхморьтын адууг брэнд болгож байна. Наад захын жишээ гэхэд л Улсын хошой аварга малчин, адуучин Б.Гомбын суурийн ”дааяа халтар” азарга, Сангийн далай бригадын адуучин Б.Сандуйжавын суурийн “дэлгүй хээр” гэх мэт бие цогцос сайтай шилмэл азаргуудыг сайжруулагчаар ашиглаж үр төлийг нь удамшуулж байжээ. Аймгийн аварга малчин, алдарт уяач Р.Номбол 1963 оноос өөрийн болон зэргэлдээ сум аймгийн баяр наадамд олон хурдан хүлэг уяж уралдуулан айрагдуулж “Алдарт уяач” цол хүртсэн юм. Р.Номбол 1999 онд 210 адуу, 85 унага тоолуулж адуугаараа аймгаасаа шалгаран IV байр эзэлж байжээ.
Нутгийн адууныхаа үүлдэрлэг байдлыг сайжруулж цус сэлбэх аргыг хэрэглэж, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас азарган үрээ худалдан авч адуучдын суурьт хүлээлгэн өгч байв. Энэ ажлыг тухайн үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, Д.Лхагвасүрэн нар биечлэн зохион байгуулж ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдлийг ажил үйлсээрээ манлайлан улс орон даяар нэр алдраа цуурайтуулж, адуун сүргийнхээ хишиг буяныг дээдэлж явсан ахмад ажилтан Я.Мягмарсүрэн, ерөнхий мал зүйч, ЗДТГ-ын дарга асан Л.Жалба, малын эмч, сумын ИТХ-ын дарга асан Ц.Төмөрт, мал зүйч В.Даваадорж, С.Жигмэд, Х.Нацагдорж, малын эмч Н.Бямбацогт, Н.Даржаабуу нарын ахмад ажилтнуудаараа ирээдүй хойч үеийн залуус бид бахархаж явдаг.
Адуун сүргийнхээ хөдөлмөрийн үр шимээр мандаж, нутаг орныхоо бахархал болж ирсэн адуучдын нэг бол Монгол Улсын хошой аварга малчин, адуучин Базарын Гомбо. Манай сумын адуун сүргийн үржил, ашиг шим, үүлдэрлэг байдалтай танилцаж, Б.Гомбо аваргын ажлын туршлагыг нэвтрүүлэх ажил Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэгдлүүдийн дунд өрнөж байсан бахархам түүх бий. Говь-Алтай аймгийн адуучдын зөвлөгөөн 1988 онд болсон юм. Тэр үерээ зохион байгуулсан уралдаан, тэмцээнд манай сумын адуучин залуус эр зориг, авхаалж самбаагаар тэргүүлэн, хурдан морьдоороо түрүүлж айрагдан адууны хийморь тогтсон, хурдны өлгий нутаг гэдгээ батлан харуулсан юм.
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хурдаараа гайхагдаж, улс аймаг, сум, бүсийн наадмаас айраг түрүү хүртэж алдар цолоо дуудуулж явсан олон сайхан хурдан буян байжээ. 1950-иад оны үед “дуран хээр” (өрөөсөн нэг нүд нь сохор) гэдэг хурдан морь байлаа. Энэ хурдан морийг шар Гүржав гэдэг хүн уяж сойдог байсан гэдэг. Хожим нь Гүржав бэлтгэлийн мал тууж Улаанбаатар хот явахдаа хээр морио аваад явж. Тэгээд хотод суурьшихаар болж хээр морио улсын наадамд уралдуулахаар сойжээ. Хээр морь үсэргээ наадамд гойд сайн хурдалж байсан тул атаархуу, хар муу санаат хүмүүс баяр наадмын үед шөрмөсийг нь огтолж хорлосон гунигт түүх байдаг юм. Манай Хөхморьтоос 1970, 1980-аад оны үед аймаг болон тойргийн сумдад түрүүлж, айрагдсан нэртэй хурдан хүлгүүд олон байлаа. Д.Даваагийн том толгойт хээр, Н.Хуушааны хээр, Г.Дагвын хээр, М.Гонгорын шарга, Ё.Ширнэнгийн халтар, Г.Самбуугийн хүрэн гээд яривал нэлээд урт жагсаалт гарна. Энэ хурдан ажнайнууд 1950-1980 онуудад нутгийнхаа нэр алдрыг дуурсгаснаар “Хөхморьтын морьд хурдтай” гэсэн яриа гарч байлаа. Тэдгээрийн дунд Нямсүрэнгийн бор, Шаравын их, бага хоёр цэнхэр, Баасангийн гурван хул, Ё.Ширнэнгийн хүрэн, А.Арцадын хүрэн, Д.Жадамбаагийн хул, саарал, З.Содномдоржийн бор, хул морьд, Д.Аюурзанын саарал, Д.Самданхүүгийн жаахан халтар, Д.Гүндсамбын хул соёолон, хээр хязаалан, хүрэн халзан морьд, Д.Лхасүрэнгийн борлог, Д.Пушкагийн хээр, Дэндэвийн цагаан, Д.Шагдарын хүрэн, У.Цамбын хонгор, Г.Бадарчийн улаан бор, З.Баасандоржийн халтар, Б.Хүүхэний хүрэн халзан, М.Энхтөрийн “шодон хэмээх” халтар морь зэрэг олон сайхан зартай хурдан хүлгүүд тогтмол хурдалж сум нутгийнхаа бахархал болж байв.
Хөхморьт сумын “35 жил” нэгдлийн адуун сүргийг 1960-аад оноос хойш 1992 он хүртэл маллаж байсан адуучдын бүрэлдэхүүнийг сурвалжлан үзвэл “35 жил” нэгдлийн анхны адуучдаар Сангийн далай бригадад Рэнжавын Өндөг, Минжүүрийн Гонгор нар ажиллаж байжээ.
Мөн нэгдэлжих хөдөлгөөний үед тус сумд Баян-Оргил, Хүйсийн говь зэрэг нэгдэл байгуулагдахад адуун сүрэг маллаж байсан адуучдын түүх ч балраагүй байна. Цоохор нуур бригадад Жадамбын Доржсүрэн, Магнайн Давааням, Базарын Гомбо /Улсын хошой аварга малчин/, Рэнцэндоржийн Аюуш, Намсрайн Намжилдорж, Рэнцэндоржийн Жадамбаа, Завхан гол бригадад Дарьсүрэнгийн Бадарч/БНМАУ-ын эмнэг сургалтын анхны спортын мастер/, Дамиранжавын Дашзэвгэ, Дамиранжавын Гончиг, Доржбүрэхмийн Гүнсэндорж, Омбоо Гунгаа, Дамиранжавын Лхасүрэн, Жанчивын Хүүхэнхүү, Вангаагийн Нарангэрэл, Шаравын Санжжав, Шаравын Омбодорж, Шагдарын Норолхоо, Гүнсэндоржийн Бадарч, Дэмчигийн Батчулуун, Дашзэвэгийн Пушка, Бадарчийн Бизъяа, Санжжавын Даваажав, Сангийн далай бригадад Гүнчинбурам, Минжүүрийн Гонгор, Бэгзийн Сандуйжав, Гүнчингийн Дагваа, Нямжавын Сумъяа, Авидын Түмээ, Дагвасүрэнгийн Гүндсамбуу/ МХЗЭ-ийн XIV их хурлын төлөөлөгч/, Дэндэвийн Бямба, Дүйнхэржавын Баатар, Хүйсийн говь бригадад Данзангийн Жадамбаа (АИХ-ын депутат асан, Улсын аварга малчин), Наянбуугийн Түдэв, Минжүүр (мийеэ панз хэмээн нутгийнхан нэрлэдэг байсан) нарын ахмад үеийнхэн ажиллаж байжээ.
Батчулууны Бямбаа, Гомбын Пүрэвнорсон, Чогжирсүрэнгийн Лувсан, Зулын Баянмөнх, Хүүхэнхүүгийн Довчинсүрэн, Анандын Гайтав, Лхасүрэнгийн Агваан, Дашнямын Нарангэрэл, Загдсүрэнгийн Дамдинсүрэн, Сандуйжавын Аварзэд нарын олон арван адуучид үе залгамжлан “35 жил” нэгдлийн адуун сүргийг адуулан маллаж байв. Тэд бага балчир, залуу наснаасаа адуунд л хорхойсч, хүлгийн дэлэн дээр, адууны салхин дунд явахыг хүсч, адуугаар амьсгалж амьдарсан монгол эрс билээ.
Монголын Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөл /МБТСЭ-ийн төв зөвлөл/ 1966 оноос эхлэн эмнэг хангал сургасан залууст БНМАУ-ын “Спортын мастер” цол олгож байхаар шийдсэн нь адуунд дуртай залууст урам өгсөн юм. Уралдаанд түрүүлээд ийм том цолтой болох нь залуусын хувьд том боломж байсан хэрэг л дээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ”35 жил” нэгдлийн зөвлөл, сумын БТСЭ-ийн үүрээс энэ болзлыг биелүүлэх гэж 1967 оноос эмнэг хангал сургагч, малчин залуучуудын анхдугаар зөвлөгөөн хийж байжээ. Манай орны нийт малчин залуучуудад эмнэг хангал сургаж ердийн хөсөгт өргөн хэрэглэхийг уриалж “эмнэг хангалгүй сум нэгдэл” болох талаар үүрэг авчээ.
Нэгдлийн зөвлөл, БТСЭ-ийн үүр уг ажлыг зохион байгуулахдаа болзолт уралдаан зарласан байна. Энэхүү болзолт уралдаан нь эмнэг сургагчдын хүрээг өргөтгөн тэндний материаллаг сонирхлыг татаж чадахуйц чухал арга хэмжээ болсон байна. Эмнэг хангал сургах ажилд өөрсдийн санаачилга хүсэлтийн дагуу бүртгэн авч 28-44 малчин гишүүдийн бүрэлдэхүүнтэй эмнэг сургагчдын секцийг мал аж ауйн бригад бүрт байгуулан ажиллуулжээ.
Энэ секцийн ажил тогтмолжсоноор эмнэг сургагч залуучуудын тоо нэмэгдэж ажлын арга барил, зохион байгуулалт улам сайжирч тэргүүний гишүүд залуучууд олноор төрөн гарчээ. Завхан гол бригадын секцийн ахлагч Д.Бадарч эмнэг сургалтаар анх удаа “БНМАУ-ын спортын мастер” цол авч, секцийн гишүүн Ц.Шагж, В.Жүгдэр, Ц.Шар, З.Содномдорж нарын зэрэг гишүүд жил тутам 20-92 эмнэг сургаж аймаг, сумын хөдөлмөрийн аваргууд болж тэд МХЗЭ-ийн Төв хорооны “Алтан медаль”-иар шагнагдаж, улмаар В.Жүгдэр, З.Содномдорж, Д.Гүндсамба нар МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байжээ.
Эмнэг тэмээ, адууг уналга, эдэлгээ, саалинд сургах ажлыг цааш нь үргэлжлүүлэн нэгдлийн гишүүдийг манлайлан Сангийн далай бригадын малчин Д.Аюурзана малч ухаан, өөрийн хичээл зүтгэлийн дагуу “эмнэг сургалтын спортын мастер”-ийн болзлыг биелүүлэхэд удаа дараа амжилттай оролцож, улмаар “35 жил” нэгдлээсээ шагнал авчээ. Мөн Ц.Шар, Ц.Шагж, Г.Уртнасан, Б.Доржпалам нарын олон залуус эмнэг хангал сургалтын болзлыг биелүүлж, аймаг сумынхаа хөдөдмөрийн аваргаар шалгарч байжээ.
Эмнэг тэмээ, адууг сургаж уналгаа эдэлгээнд оруулах ажил өргөн далайцтай өрнөж эвлэлийн гишүүд залуучуудын санаачилгаар Цоохор нуур бригадад “Залуучууд гавшгайч бригад” байгуулагдаж Цоохорын голын давсны ордоос давс хужир бэлтгэх ажлыг дагнан хариуцаж, улсын хэмжээнд бригадаараа амлалт үүрэг авч 1989 он хүртэл тус бригадын ажилсаг залуучууд гүйцэтгэж байлаа.
Адууныхаа соёлын дархлааг нутаг усандаа нандигнан хадгалан уламжилж, чухамхүү тэргүүний адуучид, манлай уяачид хэмээх алдрыг нутаг нугийнхаа олон түмэн, сум нэгдлийнхээ удирдах байгууллагаас удаа дараа соёрхон хүртсэн олон алдар хүндтэй үе үеийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, бүтээл дундаршгүй билээ.
Адууны сүлд хийморь улам дэлгэрэн бадарч, морин эрдэнийн хишиг үеийн үед, үрийн үрд далай мэт арвин байхыг бэлгэдэн ерөөе.
В.Даваадорж Л.Жалба
Г.Даржаа