Монгол наадмын залхуу үзэгчдийн нэг би л дээ. Наадмын нээлт, хаалтыг зурагтаар үзнэ. Хааяа цэнгэлдэх тойрч, наадмын хуушуур амталдаг зуршилтай. Наадмын хуушуур эргүүлдэг зуршил бага насны дурсамжаас эхтэй. Сумын төвийн өнгө алагласан наадам сэтгэлд хоногшин үлджээ. Өвөөгийнх маань Төв аймгийн Цээл суманд байлаа. Дэнж гэж нэрлэх тэрхүү элстэй газраас наадмын талбай руу явахад цагаан триког маань халтартуулчих гээд хэцүүхэн байсан санагдана. Бидний үеийнхэн цэцэрлэгтээ социализмд, дунд сургуулиа төгсөхдөө зах зээлийн нийгэмд байсан хүмүүс. Сумын наадмын дугуй хуушууранд багачууд бид жигтэйхэн дуртай. Байгууллага, албан газар бүхэн гэр, майхан бариад хуушуур хийдэг байсан санагдана. Социализмын үед ашгийг төдийлөн чухалчилдаггүй байсан уу юутай ч зах зээлд шилжсэн эхний хэдэн жилүүдийнх шиг хүмүүс хулхидаж, халтуурдахыг мэддэггүй. Тийм ч учраас наадмын хуушуур жигтэйхэн амттай. Наадмын хуушуураас эхтэй дугуй хуушуурын өөр нэг түүх бий. Оюутны амралтаар Угтаалд гэртээ очлоо. Ээж тэр үеэр эзгүй байж таарсан юм. Аав маань дуртай хоолыг маань хийж өгөх гэж хичээсэн. “Дугуй хуушуур идмээр байна” гэж захиалсан болохоор аав хоол хийх ажилдаа орлоо. Төдөлгүй аав яг л гамбир шиг зузаан, мах нь энд тэндээ бөөгнөрсөн хуушуур хайрч өгч билээ. Тухайн үедээ болхи харагдаж байсан ч амт нь харин дажгүй байлаа. Аавын хичээж хайрсан хуушуур одоо хүртэл санаанд байдаг. Наадмын хуушуураас гадна тухайн үед улаан ус гэж нэрлэдэг байсан ундааг санаж байна. Их уусны дараа нүдний нулимс гартал хамраар газ нь сэнгэнэдэг сэн. Цэцэрлэгийн бацаан бөх, морь ойлгох биш. Хүн ч танихгүй. Харин тэр үед өнгө алагласан асар, майхан, бөмбөгөр цагаан гэрүүд, хурц, тод өнгийн торгон дээлтэй наадамчид наадмын талбайг ер бусын гайхамшигтай өнгөлөг харагдуулж билээ. Сүүлд хотод төв цэнгэлдэх хүрээлэнг хэдэнтээ тойрч, наадмын хуушуур амталсан. Багадаа үзсэн наадмын өнгө гэрлийг гүйцэхээргүй санагдаж билээ. Наадмын талбайг холоос харахад тоосроод л хиншүүтэй ч юм шиг. Цэнгэлдэхийн гадна талбайд бараан зах нүүгээд ирчихсэн юм шиг л эрээн мяраан бараа зарсан хүмүүс дүүрэн байсан. Цэнгэлдэхийн гадна талд наадагчдад зориулсан тоглолт шоу үзвэр алга байсанд сэтгэл дундуур үлдсэн юм. Энэ жил харин цэнгэлдэхийн гадна урлагийн тоглолт хөтөлбөртэй. Хуушуурын фестивальтай гэсэн. Багадаа амталсан бүхэн хурц тод мэдрэмж төрүүлдэг ч юм уу. Уг нь наадмын хуушуурыг жинхэнэ шоу болгож болно доо. Кимчитэй, будаатай, ногоотой, тахианы махтай, аварга том хуушуур эсвэл өнгөтэй өнгөгүй гээд л хуушуурын хувьсгал хийж болмоор санагдсан. Ерөөсөө өөрчлөгдөөгүй наадмын хуушуураас уйдсанаа ярихад маань миний танил Ц.Оюунгэрэл “Монгол наадмын хуушуур мянган жил өөрчлөгдөхгүй үлдэж чадвал гайхамшигтай” гэсэн. Түүний хувьд шинэчлэлээс гадна уламжлалыг хэвээр нь хадгалах нь ач холбогдолтой юм билээ.
Цэнгэлдэхэд бөх үзэх дуртай үнэнч наадамчидтай урцалдаж зай бөглөх аргагүй. Үнэндээ цэнгэлдэхэд орж суусан ч ямар мэх хийж байгааг бүү хэл, хэн хаана нь барилдаад байгааг ч ялгаж танихад бэрх юм билээ. Над шиг наадамчдад бол тайлбартайгаар нь зурагт хараад суух нь дээр. Гэсэн ч бөхийн хорхойтой наадамчдын хувьд огт өөр юм билээ. Нэг удаа цэнгэлдэхэд нэвтэрч, хэдэн хором суулаа. Үзэгчид тэр аяараа уухайн түрлэг хадаахад ер бусын эрч хүч, дулаан агаар цэнгэлдэхээр нэг цацрах шиг сэтгэгдэл төрж билээ. Цэнгэлдэхийн дээр нар өөрөөр мандаж, солонго илүү олон өнгөөр туяарах шиг л санагдсан. Үнэнийг хэлэхэд бөх үзэх сонирхол маань Б.Бат-Эрдэнэ аваргаар хязгаарлагдаад, түүнийг нүцгэлэхээ болиход дууссан. Яагаад ч юм ихэнх хүн шинэ хүчтэн төрөхөд дуртай ч харин би Б.Бат-Эрдэнэ аварга ээлжит ялалтаа байгуулахад санаа амардаг байж билээ. Харин одоо жил бүр шинэ хүчтэн төрдөг болсон учраас нэрийг нь тогтоож амжихаа байсан. Сүүлд Төрийн ордны коридорт их аваргыг гишүүн болсон хойно нь гэгээн дүрээр нь харж билээ. Олныг баясгасан их аваргатай яриа өдөж зүрхлээгүй ч Б.Бат-Эрдэнэ аварга харин “Нутгийн дүү, сайн уу” хэмээн андуурч танилцсан юм. Ордны гал тогооныхноор амттан бэлтгүүлээд, өрөөндөө урьж, халуун савтай хийцтэй цайгаар дайлсан аваргын тухай дулаан дурсамж сэтгэлд үлджээ.
Морины тоосонд дарагдан нэг л удаа давхиж үзсэн. Хурдан морины хорхойтоны машинд дайгдан уралдааны морьдыг дагасан юм л даа. Уяач машины цонхоор цээжээ цухайлгачихаад гүүглэж байсан. Морины хорхойтнууд үнэхээр өөр мэдрэмжтэй хүмүүс юм билээ.
Наадмын үеэр ёс юм шиг хуучны хэдэн киногоо харж суух дуртай. Дахин дахин үздэг монгол кинонууд маань наадмын уур амьсгал бүрдүүлдэг зүйлсийн нэг. “Хүргэн хүү”-гээ үзнэ. Жамц баян мөнгөө хулганад идүүлэхийг харж харамсана. “Сэрэлт“ киногоо үзэж, Бумаагийн будилахыг харж баясана. С.Оюун гишүүн нэг удаа “Сэрэлт” киног үзээд ээжтэйгээ адилхан гэдгээ илүү мэдэрлээ гэж хэлж билээ. Ээж нь түүнд Бумаагийн хийсэн хуушуур түүхий байсан гэх мэт хөгжилтэй түүх хуучилдаг байж. Үнэндээ би ч багадаа ийм ширүүн галаар ийм зузаан хуушуур яаж болдог байна аа гэж гайхдаг байсан юм.