Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Properties” компанийн захирал А.Урангоотой ярилцлаа.
-Та үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхэлдэг. Тэр дундаа Монголд хөрөнгө оруулалт хийж буй гадныханд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлж байна. Та одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагийн үйлчилгээнээс эхэлсэн бизнес маань өргөжин тэлж интерьер дизайн, хөрөнгө оруулалт, худалдан авалт, борлуулалт, media marketing team гээд дотроо салбарлан хөгжүүлээд ажиллаж байна. Гол төвлөрч байгаа ажил гэвэл Яармаг орчмын таван том хотхоны төсөл дээр интерьер, борлуулалтыг нь хослуулан, өөрийн бэлтгэж буй сошиал медиа видео контентуудаар дэмжиж борлуулалт, үнэ цэнийг нь өсгөх, мөн IGTV, youtube видео сувгийг нарийвчлан хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар маань амьдрах байр орон сууцаас гадна том үнийн дүнтэй арилжааны хэрэгсэл болчихлоо. Гэтэл энэ салбарт медиагийн оролцоо маш бага байгаа нь ажиглагдсан учраас өөрийнхөө хувийн сошиал сүлжээг ашиглаад бас медиа баг бүрдүүлээд ажиллаж байна. Бид нэг байрыг борлуулахын тулд өдөржин зогсоод сайндаа л 20 хүнд үзүүлж чаддаг байсан бол видео контент хийснээр 100,000-600,000 хүнд үзүүлж чадаж байна. Мөн видео ажлууд маань дан үл хөдлөх хөрөнгө ч биш Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа энгийн нэг монгол эмэгтэйн ажил амьдрал, үзэл бодол, нөхөрлөл, амьдрал гээд бүгдийг шингээн цувралаар англи орчуулгатай хүргэж эхэлсэн. Үзэгчдийн маань 10 орчим хувь нь Монголыг сонирхсон гадныхан, бас монгол хүнтэй гэр бүл болсон гадаад иргэн, гадаадад байгаа монголчууд, хамтарч ажилладаг байгууллагуудын маань гадаад харилцагчдад хүрдэг давуу талтай. Захиалгууд тасралтгүй ирж байна. Бид энэ ажлуудаараа үл хөдлөхийн салбартаа ялгарч байгаа юм.
-Өнөөдрийн эрхэлж буй ажил, хийж буй зүйлсээ сонгоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Бизнес хийж л байгаа юм чинь ашигтай байх ёстой. Нөгөөтэйгүүр чиний үзүүлж буй үйлчилгээн дээр зах зээлийнхээ дагуу эрэлт нийлүүлэлтийн зарчим үйлчлэх учиртай. Хэчнээн сайхан санаа байгаад эрэлт үүсэхгүй бол амжилттай болж чадахгүй. Тэгэхээр бидний хийж буй ажил маань хэрэглэгчдийн эрэлт дээр үндэслэн өргөжүүлээд байгаа салбарууд юм. Тиймээс хэрэглэгчдийн эрэлт энэ сонголтонд нөлөөлсөн гэж хэлж болно. Сүүлийн долоон жилийн хугацаанд ажилласан туршлагаараа бид хүмүүсийн авч буй үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, мөн хөрөнгө шаардлагатай төслүүд рүү хөрөнгө оруулалт хийх зэргээр шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлсээр өнөөдрийн компани маань боссон. Би тийм өндөр туршлагатай бизнес эрхлэгч биш л дээ. Залуу хүн болоод ч тэрүү өндөр үнийн дүнтэй борлуулалт руу зоригтой орж ажилласаар байгаад энэ чиглэлдээ илүү туршлагатай болж, бас тухайн харилцагчид манайд хандах шалтгаан болдог байх.
-Үл хөдлөхийн салбарт хэрхэн орсон бэ. Уг салбарт ажиллахаас өмнө хүний нөөцийн чиглэлээр ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон?
-Мэдээж анхлан бизнес эрхлэхэд туршлага дутна. Энэ үед өөрт байгаа хамгийн боломжит нөөц бололцоогоо ашигласан. Би Америкт сургууль төгссөн. Тиймээс гадаадад сургууль төгссөн хүмүүсийг Монголд ажлын байранд зуучлах ажлыг эхэлсэн. Тухайн үед надад байсан боломж нь энэ байв. Би олон хүн таньдаг байсан. Тэгээд хүний нөөцийн компаниас бизнесээ эхэлсэн дээ. 2012, 2013 оны үед эдийн засгийн бүүм болж байлаа. Гадны том компаниуд орж ирж чадварлаг боловсон хүчний дутагдалд орж эхэлсэн. Бид гаднаас боловсон хүчнүүдээ татах болсон. Энэ үед Засгийн газраас ч гэсэн гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирэхийг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байлаа. Үүнээс санаа авсан юм.
Гадаад хүмүүсийг Монголд авчрах замд тухайн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг нь олж өгөх бэлэн сүлжээнүүд байсан. Үүн дээр сошиал медиаг яах аргагүй давуу тал болгож ажилласан. Ингээд хүний нөөцийн компанийнхаа үйл ажиллагааг явуулж байх үедээ нэг сонин зүйл анзаарсан. Монголд монгол хүнд байр зарах ажлыг дандаа гадныхан хийгээд байсан. Ингээд би яагаад үл хөдлөх хөрөнгө зарж байгаа хүнийг авч байгаа хүнтэй нь уулзуулж болохгүй гэж бодсон. Уг салбар руу шууд л дайраад орсон. Нэг ажлыг сайн хийхээр түүнээс дараагийн санаа ундарч гардаг. Энэ л зарчмаар хөгжсөн.
-Таныг үл хөдлөхийн салбарт богино хугацаанд амжилтад хүрсэн гэж дүгнэдэг юм билээ. Та одоогийн бизнесийн амжилтын хурддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Би санаандаа тултал тийм амжилттай ажиллаж эхлээгүй байгаа. Одоогийн амжилтандаа сэтгэл ханадаггүй. Нэг сэтгэл хангалуун үр дүн бол сошиал медиагийн тусламжтайгаар өөрийн бизнесийг эхлүүлсэн, сүүлийн долоон жилд үл хөдлөх хөрөнгө гэж юу байдаг учрыг олж зөв хөрөнгө оруулалт хийж сурсан, хүний нөөцийн зуучлалын ачаар өөртөө сайн баг бүрдүүлж чадсан явдал юм. Энэ бол богино хугацааны амжилт. Нөгөө талаар яг үл хөдлөхийн салбарт бодитой, дорвитой өөрчлөлтийг хангалттай хийж чадаагүй байна гэж өөрийгөө голдог. Тийм болохоор видео контент хийх ажил руу туршлагагүй байж ханцуй шамлаад л орчихлоо. Хэдэн жилийн дараа энэ салбартаа хийсэн нэг өөрчлөлт байж чадах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь үл хөдлөх хөрөнгийнхөө салбарт манай хамт олон яг мэс засалч шиг ажилладаг. Энэ нь юу вэ гэхээр хүмүүс юмаа зарах гэж олон газраар яваад аргаа барахаар манайд ирдэг. Үл хөдлөх хөрөнгөөс өөр бизнес худалдах, хувь хүний цуглуулга музей хүртэл ирж байна. Хүн үнэтэй цайтай хөрөнгөө борлуулах гээд манайд хандаж байхад бид зөвхөн зар тавиад хүлээгээд сууж чадахгүй, ямар нэг шинэлэг юмыг хийх ёстой. Манайд ханддаг олон хүний итгэл бас бидний зүтгэл байж энэ олон борлуулалтууд амжилттай хийгддэг. Энэ агуулгаар бид их хариуцлагатай ажил гүйцэтгэж байгаа тул мэс засалчидтай зүйрлэдэг.
-Бизнесийн гараагаа эхлүүлэхэд таны ээж, гэр бүлийн тань хүний дэмжлэг хэр байсан бэ. Анхны хөрөнгө оруулалтыг хаанаас босгосон бэ?
-Миний хийдэг бизнес өөрөөс хөрөнгө оруулалт шаардах нь бага. Бид өөрсдийн сошиал баазыг ашиглаад мэдээлэл дамжуулах үйлчилгээг олон суваг руу хүртээмжтэй, зөв хуваарилж дата бааз үүсгэж, тэрийгээ борлуулж чадвал бага хэмжээний зуучлалын хөлс авч ажилладаг. Бид сошиал медиагийн ард байдаг хиймэл оюун ухаантай ажилладаг. Анхны хөрөнгө оруулалт гэж нэг их шаардаагүй. Магадгүй бид 1980 онд бизнес эхэлж байсан бол их хэмжээний анхны хөрөнгө оруулалт шаардлагатай байсан байж болох юм. Одоо юм хөгжөөд өөр болсон. Хөрөнгөтэй, хөрөнгөгүй хамаагүй мэдээллийн хэрэгслийг ашиглаад бизнес хийж болно шүү дээ. Ер нь бол хүн өөрөө маш их хүсээд, бүр цаашилбал мөнгөгүй байх үед толгой маш сайн ажилладаг. Магадгүй надад сарын гурван сая төгрөгийн тогтмол орлого тухайн үед байгаад өөрийгөө болгоод явж байсан бол өнөөдөр би бизнес эхлэх тухай бодохгүй, бас энд ярилцлага өгөөд сууж байхгүй байх байсан. Ээж маань “Ариун” үйлдвэрийг 18 жилийн турш ажиллуулж байна. Жижигхэн цехээс эхлээд өнөөдөр зах зээлийнхээ 30 хувийг дангаараа хангадаг, 130 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч хүртлээ чимээгүй хөдөлмөрлөсөн. Энэ бүгдийг би харж өссөн болохоор старт ап компаниа зоригтой тэгээс эхлээд өнөөдрийг хүртэл өөрийнхөө хүчээр авч явж байна. Ээж маань намайг яг юу хийдгийг бас сайн мэдэхгүй. Долоон жил болж байхад манай ажил дээр хоёрхон удаа л ирж үзсэн. Шаардлагатай үед ээжээсээ банкны хүүнээс арай бага хүүтэй зээл авдаг, хямарсан үед намайг сэтгэлээр дэмждэг. Харин надад өөрийнхөөрөө дур зоргоороо ажиллах боломжийг өгсөнд нь би ээждээ маш их баярладаг.
Харин гэр бүлийн хүн маань манай компанийн хөрөнгө оруулагч. Нөхөр маань хөрөнгө оруулснаар бид зоригтой худалдан авалтуудыг хийж, үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээл дээр илүү том түвшний хөрөнгө оруулалтууд хийж ажиллах болсон.
-Бизнесээ өргөжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд хаанаас хэрхэн суралцдаг вэ. Бас хэрхэн өрсөлддөг вэ?
-Би үл хөдлөхийн салбарт ижилхэн ажиллаж байгаа хүмүүстэй өрсөлддөггүй. Цэвэр өрсөлдөөн гэвэл нэг борлуулагчийн борлуулалтын үнийн дүн дээр харагдах байх. Онгирохгүй. Гэхдээ чамлахааргүй олон том deal-ын ард гарсан, өөрийн хөрөнгө биш хүний хөрөнгийн мэдээллийг хүнд дамжуулан тэрбум давсан гүйлгээг сар болгон хийж байна. Өөрийнхөө бизнесээ өргөжүүлэх боломжуудыг гаднаас суралцдаг. Монгол контентууд огт үздэггүй.
-Иргэн хүний хувьд, нөгөө талаас эмэгтэй хүний хувьд та эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрээ юу гэж тодорхойлох вэ?
-Эдийн засаг талаасаа худалдаа арилжаа их хийгдэх тусам эдийн засгийн үзүүлэлт өсдөг. Тэгэхдээ цөөхөн хүн амтай, зах зээл жижигтэй улсын хувьд хувь хүний чадвар, туршлага хамгийн үнэтэй капитал болдог. Миний хувьд өндөр үнийн дүнтэй борлуулалтууд хийдэг ажлаар маань дамжуулж танил хүрээлэл, бас нөлөөлөл гэдэг зүйлүүд ирсэн. Бас үүний ачаар сошил медиагаар дамжуулж өөрийн нөлөөллийг бий болгосон байна. Өдөрт 100-500 мянган хүнд зар мэдээлэл түгээх бол миний сүүлийн долоон жил өдөр болгон хийсэн ажил. Тэгээд өөрийнхөө туршлагыг бодоод байсан чинь борлуулалтын туршлагатай хүн болохоор Монгол Улсынхаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг гадны улс оронд борлуулах ажлыг хийх юм бол би зөвхөн өөртөө биш, улсдаа өөрийн туршлагаараа бодитой тусалж чадах юм байна гэж харсан. Тийм ч болохоор англи орчуулгатай видео ажлуудаа одооноос хийгээд эхэлсэн.
-Амжилт гэдгийг та юу гэж боддог вэ. Та өөрийнхөө амжилтыг юу гэж дүгнэж тодорхойлох вэ?
-Хүний амьдралын бүх л цаг хугацаанд амжилтыг харах өнцгүүд өөрчлөгддөг. Жишээ нь, би 10 жилийн өмнө сургуулиа амжилттай төгсөх нь зорилго маань байлаа. Би шагнал урамшуулал зэрэг цолыг амжилт гэж хардаг нийгмийн дараагийн үеийн төлөөлөл. Өөрийнхөө өнцгөөс л хариулъя. Одоо яг ид хөдөлмөрлөдөг насан дээрээ яваа болохоор амжилтыг би нөлөөлөл гэж хардаг. Чи өөрийн үнэ цэнээрээ хэр олон хүний амьдралд нөлөөлж, нөлөөллөөрөө дамжуулж яаж нийгмийн хариуцлагатай байж, за тэгээд ажил хөдөлмөр, бизнес эрхэлж байгаа бол хэр их хөрөнгийг бий болгож чадаж байна гэж хардаг. Нөлөөлөлтэй баялаг бүтээгч, хөрөнгөтэй бизнес эрхлэгч бол жинхэнэ амжилттай хүн.
Яг үнэндээ би өөрийнхөө амжилтад үнэлэлт дүгнэлт өгөөд суух манатай цаг хугацаатай уралдан завгүй ажиллаж байна. Хоёр хүүхэдтэй болсондоо ч итгэж амжаагүй явахад том нь сургуульд орох болчихож. Олон харилцагч, хэрэглэгч маань намайг амжилттай бизнес эрхлэгч гэж хардаг. Тэгж итгэж хамтран ажиллаж байхад итгэлийг нь алдахгүй байхын төлөө хичээж явна даа.
-Энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш өөртөө олж нээсэн хамгийн том зүйл юу вэ?
-Их сонин, би их мэдрэмтгий хүн юм байна гэдгээ мэдсэн. Магадгүй энэ нь ижил салбарт ажиллаж байгаа хүмүүсээсээ ялгарах онцлог юм байна гэж боддог. Өндөр үнийн дүнтэй борлуулалтууд намайг бараг шинэ хүн болгон хүмүүжүүлсэн гэхэд болно.
-Хийж буй зүйлийнхээ үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?
-Би өнөөдөр хүүхдүүддээ ээж, нөхөртөө эхнэр, ажил дээрээ удирдлага, хэрэглэгчиддээ борлуулагч, нийгэмд нөлөөлөгч гээд олон үүрэгтэй ажиллаж амьдарч байна. Энэ болгон миний хийж буй ажлууд. Энэ үүргүүдээ нийтэд нь хамгийн сайнаар хийхийг хичээж байгаа нь л миний үнэ цэнэ болов уу. Түүнээс биш би зөвхөн сайн борлуулагч гэдгээрээ үнэ цэнээ бий болгохыг хүсдэггүй.
-Амжилттай ажиллахын тулд юун дээр анхаарал хандуулж ирсэн бэ?
-Хүн өөрийнхөө онцлогийг эхлээд мэдрэх ёстой. Жишээлбэл, би сошиалд нээлттэй, дээрээс нь ярьдаг, бичдэг хэт мэдрэмтгий төрлийн борлуулагч. Би бас уужуу хатан ухаан гэхээсээ илүү байнга өрсөлдөөн дунд ажиллаж амьдардаг болохоор тэмцэгч төрлийн хүн. Энэ давуу талаа л бизнестээ ашиглаж байгаа юм. Хүн бизнес хийхээсээ өмнө өөрийнхөө онцлогийг эхлээд тодорхойлох ёстой гэдгийг бүх л бизнесийн сургуулиуд академик боловсролоор заадаг.
-Танай компанид ихэвчлэн залуус ажилладаг юм байна. Хамтран ажиллах багаа ямар шалгуураар, хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Баг бүрдүүлж, хүн удирдана гэдэг хэцүү. Би компанийнхаа ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа яаж надтай нийлж ажиллаж чадах вэ гэдгийг хардаг. Түүнээс биш өндөр босго тавьдаггүй. Манай компанид ажиллаж байгаа бүх хүн надтай ямар нэг байдлаар өвөрмөц холбоотой байдаг. Миний хүүг гурван нас хүртэл нь өсгөж өгсөн эгч бий. Би та миний хүүг өсгөсөн юм чинь би таны хүүхдийг хажуудаа авъя гээд одоо тэр хүү дүүтэйгээ хамт хоёулаа ажиллаж байна. Мөн “ээжүүдийн групп”-т байх үедээ танилцсан хоёр охин манай компанид ажилладаг. Энэ мэт өвөрмөц байдлаар чин сэтгэлээсээ ажилладаг зорилго нэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Манай компаниас ажил сэлгэж орж гарах явдал маш бага. Яг үндсэн бүрэлдэхүүн маань борлуулалтын шижигнэсэн баг байдаг. Өмнө нь баг бүрдүүлэлт дээр том сургамж авсан болохоор одооны багаараа маш их бахархдаг.
Би бүх ажилтнуудаа амжилтад хүргэхийг хүсдэг, зорьдог. Gen Z үеийнхний хувьд манай салбар компани их сонирхолтой байдаг шиг байгаа юм. Ажилд орох хүсэлт тасардаггүй. Компанид ажилд ороход нь тухайн хүнтэй санхүүгийн төлөвлөгөөг нь гаргаад сургалтын төлбөрийн зээлээ дармаар байна, найман хувийн орон сууцны зээлтэй болмоор байна гэх зэргээр тооцоог нь гаргаад 12 сард хуваагаад сард ийм хэмжээний борлуулалт хийж ганц жилийн дотор төлөвлөсөн дүндээ хүрэх юм байна гээд хамтраад хийе хэмээн гар бариад ажлаа эхлүүлдэг. Манайд ажиллаж байгаа хүн бүрийн санхүүгийн төлөвлөгөөг иймэрхүү байдлаар гаргаж, хамт явж байна. Заримдаа ажилчдынхаа санхүү рүү хэтэрхий ороод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ brokerage sales хийдэг борлуулагчдын хувьд борлуулалтын ажлыг санхүүгийн төлөвлөгөөгүйгээр амжилттай хийх боломж байхгүй.
-Та цахим ертөнцөд алдартай. Олон нийтийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж байгаа нь маркетингийн арга барилаас гадна хувь хүний нээлттэй байх сонирхол нөлөөлж байна уу?
-Миний нээлттэй байх сонирхол ч гэж юу байхав. Сошиал ертөнц өөрөө нийгмийн сүлжээ гэсэн үг шүү дээ. Би уурлахдаа уурлаж, алдахдаа алдаж, онохдоо онож, баярлахдаа баярлаж, зэмлүүлэхдээ зэмлүүлээд хүний амьдралд байдаг бүхий л зүйлээ нээлттэй амьд байлгадаг. Сошиал медиа анхлан хэрэглэгч ихэнх хүн үүнд эмзэглэдэг байх. Энэ платформыг ашиглаж өөрийн бизнесээ хийдэг болохоор би ер эмзэглэдэггүй. Жишээ нь би бусадтай яг адилхан цаг хугацааг фэйсбүүкт зарцуулдаг. Гэхдээ сардаа тэрбумын үл хөдлөх хөрөнгө борлуулж байдаг. Бид компаниараа мэдээлэл түгээх, сүлжээгээрээ багагүй хүнд нөлөөлж чадах хүчин чадалтай.
Гэхдээ хувь хүн маань сошиалд сонирхолтой байдаг юм болов уу гэж боддог. УИХ-ын гишүүн биш дээ, залуу эмэгтэй хүн байж сошиал медиаг харагдах өнцөг, мэдэгдэл хийх төдий, эсвэл чат шиг ашиглаж байвал утгагүй биз дээ. Тэгээд ч хувь хүн өөрийнхөө төлөө мэдээллийн дархлаатай байхгүй бол дуртай нь энэ мэдээллийн хэрэгслийг ашиглаад таныг хэн ч болгож харагдуулж чадаж байна шүү дээ.
-Цахим орчин дахь таны пост, блогоос харахад хэрэглээ өндөртэй нь харагддаг. Үүнээс хамаарч зарим хүний шүүмжлэлд өртөх нь бий. Энэ байдлыг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нойртой, нойргүй алдаатай оноотой ажиллаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө хичээнгүй зүтгээд амжилтаа “өмсөж” яваа залуу эмэгтэй. Заримдаа би борлуулалтын зорилтоо их өндөр тавьдаг, тэгээд өөрийгөө шагнадаг. Би хүмүүсийг амарч байхад ажиллаж байсан, магтаж байхад ч ажиллаж байна, муулж, доромжилж байхад ч ажилласаар л байгаа.
Г.БАТЗОРИГ