Categories
мэдээ цаг-үе

А.Өнөржаргал: Тайз, дэлгэцийн түүхэн дүрд тоглох хүсэл бий

“TV Coctail” хамтлагийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Өнөржаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй юү. Ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“TV Coctail” хамтлаг маань инээдмийн төрлийн кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. Одоогоор судалгаа, зохиолынхоо ажлыг хийгээд явж байна. Намраас кино маань хийгдэж эхлэх юм.

-“TV Coctail” хамтлагийн хувьд инээдмийн төрлийн олон ангит кино цөөнгүй хийж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд “Гэрлэн дохио” хэмээх олон ангит киног хийсэн шүү дээ. Энэ тухайд?

-Монголын телевизийн урлагт сайхан, чанартай нэвтрүүлэг, бүтээлүүд гарах болсон. Тэр дунд мэдээж Монголын олон ангит уран сайхны кинонууд багтана. “Эзэнгүй айл”-аас эхлээд үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлүүд цөөнгүй бий. Манай хамтлагийн хувьд ч хоёр олон ангит уран сайхны киног урын сандаа нэмсэн. Уран бүтээлүүд маань амжилттай үзэгчдийн хүртээл боллоо. Цаашид ч гэсэн бид олон сайхан шинэ уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих бодолтой байгаа.

Бидний хамгийн сүүлд хийсэн олон ангит кино бол дөчин ангит “Гэрлэн дохио” юм. Энэ кино маань амьдралд анх хөл тавьж байгаа залуучуудад зориулагдсан. Кинон дээр ганц бие, найз бүсгүйтэй, гэр бүлтэй гурван залуугийн амьдралыг харуулдаг. Энэ гурван дүрээ гэрлэн дохионы гурван өнгө болох шар, ногоон, улаанаар илэрхийлсэн хэрэг. Миний бүтээсэн дүр нь гэр бүлтэй залуу буюу улаан өнгө л дөө. Нэгэнт л улаан гэрэл ассан болохоор миний амьдралд шар, ногоон гэрэл асах ёсгүй гэсэн үг. Учир нь ногоон гэрлээр юунд ч санаа зовохгүй эрх чөлөөтэй залуугийн дүр, шар гэрлээр найз бүсгүйтэй дөнгөж амьдрал нь эхэлж байгаа залуугийн дүрийг төлөөлүүлсэн юм. Энэ ч утгаараа өнөөгийн залуучуудад илүү ойр төдийгүй, амьдрал зохионо, гэр бүлээ сонгоно гэдэг хариуцлагатай зүйл гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Олон ангит кинон дээр ажиллахад ямар байдаг вэ. Мэдээж нэг ангит кино бүтээхтэй харьцуулахад илүү хүндрэлтэй басхүү урт хугацаа зарцуулагдах байх?

-Тэгэлгүй яахав. Олон ангит киноны бүх ангийг л нэг ангит кино шиг л чанартай хийхийг зорьдог. Дээрээс нь олон ангит кино маш өндөр зардлаар босдог. Олон ч уран бүтээлчийн бие, сэтгэл, зүтгэл шингэж байж бүтдэг л дээ. Ер нь амар зүйл биш шүү. Бидний хувьд уран бүтээл бүхнээсээ туршлага хуримтлуулсаар явна. Дараагийн уран бүтээлд минь олж авсан туршлага тус болох нь дамжиггүй биз ээ.

-Жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач. Энэ нь таны багын мөрөөдөл байсан уу?

-Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат л даа. Би багын л сургуулийнхаа урлагийн үзлэг, баяр наадамд үргэлж оролцдог хүүхэд байлаа. Мөн аймгийнхаа “Яргуй” наадамд оролцож, дуулж байсан юм байна. Харин манайх 1996 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэр үеэс эхлээд л би “Хүүхдийн ордон”-ы кино, драмын ангид Саранхүү багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн юм. Дараа нь дунд сургуулиа төгсчихөөд СУИС-ийн кино, драмын ангид элссэн. Ингэж л жүжигчин болох анхны гараагаа тавьж байлаа.

– Та их сургуулиа төгсөөд “Шинэ-үе” продакшнд ажиллаж байсан гэлүү?

-Тиймээ. Би “Шинэ-үе” продакшнаас ажлын гараагаа эхэлж байлаа. Манай Э.Цолмонбаяр, Н.Цэнд-Аюуш хоёр маань ч хамт байсан. Тэгээд Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Coc­tail” хамтлагаа байгуулсан юм. Хамтлагаа байгуулаад хэдийнэ 12 жилийг ардаа орхижээ.

-Таны хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Миний анхны дэлгэцийн уран бүтээл 2007 онд бүтээгдсэн “Сайн уу амьдрал минь” уран сайхны кино л доо. Үүний дараа “Би чамд хайртай-2” кинонд тоглож байлаа. Мөн түүнчлэн хамтлагийн маань бүтээл болох “Намрын синдром”, “Омарын эрэлд”, “Мөнгөний гахай” гэх мэт уран бүтээлүүд бий. Харин олон ангит уран сайхны кино гэвэл “Хөгжилтэй гэр бүл”, “Гэрлэн дохио” юм шүү дээ.

-Таны хувьд ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд дүр бүтээдэг. Харин өөр төрөл, жанрын бүтээлүүдэд дүрээ мөнхлөх бодол байдаг уу?

– Жүжигчид бид бүгдээрээ их сургуулийн кино, драмын ангийг дүүргэдэг. Түүнээс инээдмийн эсвэл драмын гэсэн тусдаа анги байдаггүй. Харин сургуулиа төгсөөд өөрт тохирохуйц жанраа сонгон уран бүтээлээ туурвидаг. Миний хувьд хамтлагийнхаа найзуудтай хамт олон жил инээдмийн нэвтрүүлэг, шоу хийсэн.Тиймдээ ч үзэгчид маань намайг инээдмийн жүжигчин гэдгээр нь илүүтэй мэддэг л дээ. Гэхдээ би инээдмийн жүжигчин учраас зөвхөн энэ төрлөөр л уран бүтээл хийх ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Уран бүтээлч хүний хувьд өөр дүрд өөрийгөө сорьж басхүү ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Энэ хүсэлд минь нийцсэн нэгэн уран бүтээл нь “Содура” уран сайхны кино байсан юм. Тайгын гэнэн цайлган залуугийн дүр байсан л даа. Ганцхан үүгээр ч тогтохгүй тайз, дэлгэцийн түүхэн хүний дүрд тоглох юмсан гэсэн чин хүсэл байна.

-Хүн инээлгэх хэцүү гэгддэг. Зарим нь амархан ч гэж үгүйсгэдэг. Харин таны бодлоор?

-Хүнийг инээлгэнэ гэдэг санаснаар болдог амархан ажил биш шүү дээ. Хэдий амаргүй боловч хүнд инээд хөөр, баяр баясал бэлэглэх нь буян гэлцдэг. Ямартай ч өнөөдрийн энэ бухимдалтай, стресстэй нийгэмд цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэж байгаадаа баярладаг. Гэхдээ зөвхөн жүжигчин хүн л сайн байснаар хүнийг инээлгэнэ гэж үгүй. Үүнд сайн зохиол, найруулагч, уран бүтээлчид зайлшгүй шаардлагатай. Дэлгэцийн уран бүтээл гэдэг хамтын ажил байдаг. Бүгд л нэг зорилгын төлөө, сэтгэлээ шингээж байж сая нэг сайн бүтээл гардаг. Тиймээс хүнд хүрэхүйц сайн уран бүтээл гарах нь тухайн баг хамт олноос шалтгаална.

-“TV Coctail” хамтлаг “Хоёр ертөнцийн буудал” хэмээх драмын жүжиг тавьж байсан. Энэ жүжгийн тухай эерэг сэтгэгдэлтэй маш олон хүн байдаг юм билээ. Энэ бүтээлийнхээ тухай яриач?

-Манай хамтлаг 2012 онд Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг гэх Эрик Эммануэль Шмитийн зохиол “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгийг тавьж байсан. Энэхүү жүжгийн зохиол нь 1999 онд бичигдсэн юм билээ. Маш сайн зохиол байсан. Тиймдээ ч зохиолч, судлаачид орчин үеийн сонгодог зохиол хэмээн үзсэн байдаг. Манай хамтлагийн хувьд энэ жүжгийг албан ёсны эрхтэйгээр Азид анх удаа тайзнаа амилуулсан. Энэ жүжигт манай хамтлагийнхан төдийгүй бусад инээдмийн жүжигчид оролцон тоглосон л доо. Жүжгийн маань гол дүрд бурхны орныг зорьсон Ц.Батхуяг буюу Амбий ах тоглож байлаа. Мөн Б.Навчаа эгч тоглосон.

Жүжигт амьдрал бол мөнх биш шүү дээ. Тийм байтал хүмүүс бид амьдралд нэг нэгнээ үл хайрлан хэтэрхий их шунадаг, басхүү амьдралын мөн чанарыг мэдэж, мэдэрч чаддаггүй талаар өгүүлдэг. Ер нь хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах сэдлийг олгож чадахаар бүтээл. Энэхүү жүжиг маань драмын театрт тавигдаж байлаа. Театр тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа нь явагддаг учир олон хоног тоглох боломж хараахан байгаагүй. Ямартай ч тоглолт дууссаны дараа маш олон үзэгч сэтгэгдлээ хуваалцаж байсан. Тэр дунд нэгэн гэр бүл байсныг тод санаж байна. Тэд хэлэхдээ “Бид хоёр, үр хүүхдийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулдаг. Өглөө босоод л хоёр тийшээ гараад явна, орой ядарсан хүмүүс л орж ирдэг. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөөд байгаа хэрнээ тэдэндээ ч цаг зав гаргаж чаддаггүй байлаа. Харин энэ жүжгийг үзээд бид хоёр их зүйлийг ойлголоо. Амьдралын утга учрын талаар эргэцүүлж бодох цаг болсон байж. Тиймдээ ч энэхүү жүжгийг үзсэнийхээ дараа ажилдаа яарахгүйгээр хүүхдүүдтэйгээ хамт өглөөнийхөө цайг тухтай гэгч нь ууж үзлээ. Ойрд амьдралаас ийм сайхан мэдрэмж, инээд хөөр, баяр баяслыг мэдрээгүй байжээ. Та бүхэндээ маш их баярлалаа” гэсэн. Ер нь энэ жүжгийг дахин тоглох санал ч багагүй ирж байсан.

Бид энэхүү жүжгээ дахин тоглох бодолтой байгаа. Гэхдээ гол дүрийн жүжигчин Амбий ахыг минь орлох жүжигчин олно гэдэг амаргүй ажил юм. Басхүү театр маань ганцхан учраас тайзны хүрэлцээ бас нэгэн асуудал болдог. Ямартай ч бид энэхүү жүжгээ дахин тайзнаа амилуулах болно.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа гурван сайхан хүүхэдтэй. Миний хань урлагийн хүн биш л дээ. Гэхдээ миний ажлыг ойлгож, ар талыг минь маш сайн авч явдаг. Ер нь уран бүтээлч хүний амжилттай явах эсэх нь сайн хань ижилтэй байхаас маш их шалтгаалдаг. Миний хувьд сайн ханьтай учирсан, азтай хүн гэж боддог шүү.

-Та өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Ulaan­baatar international pro” жюүжицүгийн олон улсын анхдугаар тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртжээ. Ер нь энэ спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Жюүжицү гэх гайхалтай спортоор хичээллээд яг хоёр жил болж байна. Барууны жүжигчид тогтмол спортоор хичээллэн бие бялдар, эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй уран бүтээлдээ тэрхүү давуу талаа ашигладаг юм байна л даа. Миний хувьд хичээллээд жил хагасын дараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээн уралдаанд оролцоно гэсэн бодол эхэндээ байгаагүй л дээ. Харин найзууд маань тэмцээнд оролцох нь зүйтэй гэж, урам зориг өгч байлаа. Ер нь тэгээд урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм байна л даа. Би наймдугаар сарын 5-нд Монголд анх удаа зохиогдсон “Ulaanbaatar in­ternational pro” жюүжицүгийн олон улсын тэмцээний цагаан бүсний мастер хоёр ангиллын эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ямартай ч хөлс, хүчээ зориулаад медаль авна гэдэг их сайхан мэдрэмж байдаг юм байна. Одоо бол байнгын бэлтгэл сургуулилт хийж байгаа. Бэлтгэлээ хийхгүй удчихаар бие хүнд оргиод, форм алдагдаад байдаг юм билээ. Миний хувьд долоо хоногт дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *