УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгч, улс төрийн намууд саналаа гаргаж байна. Та хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ цаг үед ид яригдаж байна. Энэхүү төсөлд тал талын санал гарч байгаа нь зөв юм. Хэдий чинээ сайн хэлэлцэгдэнэ, төдий чинээ сайн боловсруулагдана. Тэр утгаараа иргэний нийгмийн байгууллагууд болон хуульчид, судлаачид идэвхтэй сайн оролцож байна. Гэхдээ найр наадам, амралт зугаалга хавтгайрсан энэ үед албан ажил хийхэд тодорхой бэрхшээл харагдаж байна л даа. Энэ талаасаа хэлэлцүүлгийн эрч, далайц хангалттай байж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ юуг, яаж гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Гишүүдийн өргөн барьсан төслийг тойрогтоо танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонссон. Маш олон хүний санал бичгээр болон аман хэлбэрээр ирсэн. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын Тамгын газарт өгсөн. Харин Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг нэгтгэх, тэдгээрийг алиныг нь хэрхэн томъёолж оруулах вэ гэдгийг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор ямар байдлаар өөрчлөгдөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд хамгийн түлхүү өөрчлөх саналтай, илүү судалж уншиж байгаа хэсгүүд нь шүүх засаглалтай холбоотой. Мөн нутгийн удирдлагатай холбоотой хэсэг. Мэдээж өөрчлөлтийн бүхий л зүйл, заалтууд дээр санал бодлоо илэрхийлж, чуулган дээр саналаа хураалтанд байр сууриа баримтлан ажиллана.
-Шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай байх талаар 62 гишүүний өргөн барьсан төсөлд тодорхой оруулж өгсөн санагдсан. Энэ зорилгодоо хүрч чадах болов уу?
-Шүүх засаглал, хараат бус байдал, шүүх шударга үнэн ажиллах, хүн бүрт тэгш хандах явдал нь эцсийн дүндээ хүний эрхийн тухай асуудал юм. Бид одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг маш тодорхой тусгаж өгсөн. Монгол улсын амин сүнс нь хүн бүр нас, яс үндэс, шашин шүтлэг, эдийн засгийн чадавх нөхцөл байдлаас үл хамааран тэгш эрхтэй хэмээн тунхагласан явдал. Хуулийн өмнө, шүүхийн өмнө ч тэгш байх нь маш чухал. Шүүх шударга бус байна гэх шүүмжлэл гараад байгаа шалтгаан нь магадгүй хэт нэг талыг барьж, илүү хүчтэй, мөнгөтэйд нь үйлчилж байгаа юм биш үү гэдэг хардлага гомдол бухимдал нийгэмд байгаатай холбоотой. Шүүх хараат бусаар, хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргадаг байх ус агаар мэт чухал юм. Тиймээс шүүхийн хараат бус, хариуцлагатай байлгах дархалж буй зүйл, заалт маш чухал.
-Төслийн ямар заалтуудыг онцлон үзэж байгаа бол?
-Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал хангалттай бус, зөрчигдөж буй асуудал олон байна. Үүнийг бид янз бүрийн хүрээнд ярьж болно. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон түүний хэрэгжилтийн асуудал, ажлын байрны бэлгийн дарамт, хөгжлийн бэрхшээлээс болоод төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй байх гэх мэт. Эдгээр нь нийгэмд үнэхээр бодитой байгаа асуудал. Эдгээр асуудлыг шийдэх хамгийн эцсийн шат нь шүүх байгаа юм. Асуудал бүр шүүх рүү очихгүй нь ойлгомжтой л доо. Гэхдээ ямар нэгэн зөрчил, хүндрэл, гэмт хэрэг эцэстээ шүүх дээр л шийдэгдэнэ. Тэр утгаараа шүүгчдийг шүүгчид өөрсдөө сонгож гаргаж ирдэг байх нь зөв.
Мөн томилгооны сонсгол заавал хийдэг байх чухал. Томилгооны сонсгол хийх ёстой гэсэн энэ саналыг хамгийн зөв дэвшил гэж харж байгаа. Жишээлбэл, шүүгчдэд тавигдах шаардлага, ажлын туршлага нь ямар байх эсэхийг тодорхой зааж өгөх ёстой. Одоо ч битүү морь гэдэг шиг гэнэтийн зүйл болдог шүү дээ. Ийм гэнэтийн хэлбэрээс татгалзаж нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тухайн хүний ёс зүй, ажилд хандах хандлага, боловсрол, мэдлэг, чадвар гээд бүх талыг нь судалж мэдэх, нээлттэй ярилцах бололцоо бүрдэнэ. Хуульд заасан шалгуур үзүүлэлтээс гадна, нийгэмд ч энэ хүн хэн бэ гэдгийг нь таних мэдэх боломж олгоно. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн зэргийг хуульчлан зааж өгөх нь улс төрөөс үл хамаарах, тогтвортой ажиллах зарчмыг бүрдүүлж өгөх юм. Ийм том дэвшилтэй зарчмууд орлоо гэж харж болно.
-Нутгийн удирдлагын тогтолцоон дээр цөөнгүй өөрчлөлтүүд яригдаж байна. Гишүүдийн саналын дагуу дэмжигдээгүй нь бий. Эдгээр дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хүмүүс анхан шатан дээрээ буюу баг хороон дээрээ асар их талцаж, намчирхаж байна. Гэтэл энэ талцал дундуур яг тухайн орон нутгийн тулгамдсан асуудал орхигдох нь цөөнгүй. Хороон доторх зам, бэлчээр тариалангийн асуудал, цахилгааны эх үүсвэр, төрийн үйлчилгээний хүртээмж ч гэдэг юм уу. Угтаа эдгээр асуудлууд нам засгаас үл хамааран иргэдэд тэгш, хүртээмжтэй байж, амьдрах таатай орчин бүрдүүлэх ёстой юм. Амьдралын чанарт нөлөөтэй асуудлууд шүү дээ. Амьдралын чанарт нөлөөтэй практик асуудал дээр хамтын шийдвэр гаргах бололцоогоо хаагаад хэт намчирхаад байх нь зохимжгүй. Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж шийдвэрлэж чадахгүй, намчирхлын линзээр аливааг хараад байж болох уу даа.
-Сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Сумын Иргэдийн хурлыг сонгочихоод тэндээсээ сумын Засаг даргыг томилдог байгаа нь иргэдийн хурлын үзэмжийн асуудал болох хандлагатай. Харин иргэдэд сум оронд шаардлагатай асуудлаа шийдвэрлүүлэх боломж, шууд байдлаар оролцох, шаардах зам нь илүү тодорхой байх нь зохистой. Тэр утгаараа орон нутгийн удирдлагыг иргэд шууд өөрсдөө сонгодог байх нь тухайн орон нутгийн асуудлаа улс төржилгүйгээр шийдэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн орон нутгийн манлайлагчийн ур чадварыг шийдвэр гаргах хариуцлагатай уях нь маш чухал байгаад байгаа юм. Ямартаа ч хот, дүүрэг, сумын Засаг даргын сонгуулийг хэрхэх, аль шатандаа сонгодог болох вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох байх. 62 гишүүний өргөн барьсан төсөлд сумын Засаг дарга нь багийн дарга нарыг, дүүргийн дарга нар хорооны дарга нараа томилдог болохоор тусгасан. Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг дүүргийн иргэдийн төлөөлөгч дундаас сонгоно гэдэг дээр багагүй маргаан үүсээд байгаа.
Гэхдээ шат шатны нутгийн удирдах засаглалын систем анхан, дунд, дээд шатны ажил уялдаатай явж чадаж байна уу. Ямар нэгэн байдлаар засаглалын хийдэл, завхрал гарч байна уу гэвэл тийм тохиолдол газар сайгүй. Төсвийн хяналт, тендерийн асуудал, төсвийн зарцуулалтын үр ашиг бүгд л энэ уялдаа холбоогүй харилцан хяналт алдагдсанаас болж байна. Авлига цэцэглэж төсөв үр ашиг муутай зарцуулагдаж байна. Жишээлбэл Улаанбаатарт сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгт хүүхдүүд сугалаагаар азаа үзэж байхад, орон нутагт цөөхөн сурагчтай сургууль өргөтгөл барьж байх жишээний. Төсөв оновчтой байж чадаж байна уу? Сүрьеэтэй тэмцэх асуудал ямар байгаа билээ. Гэтэл эмч нь ажиллуулж чадахгүй багаж хаа нэгтээ тоосонд дарагдаад агуулахад байгаа тохиолдол ч бий. Тийм учраас яах аргагүй үүнийг өөрчилж салхи оруулж, ахиц дэвшил гаргах цаг нь болсон. Тэр утгаараа засаглалыг сайжруулах нь төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлнө.
-Хотууд бий болох нөхцөл бүрдүүлэх нь зөв үү?
-Хотын төвлөрлийг сааруулах, зөв зохион байгуулах гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утаа ярианы гол сэдвүүдийн нэг болж байна. Энэ нь хүн амын төвлөрөл их, хэт хурдтай хотожсонтой холбоотой нь ойлгомжтой. Гэсэн ч хүн хаана амьдрахаа сонгох эрхтэй учраас бид буруушаах боломжгүй. Төрийн үйлчилгээний хүртээмжтэй оновчтой болгоход илүү ухаалаг шийдэл хэрэгтэй байна. Жишээ нь хотын түгжрэл боловсролын системийн чанар хүртээмжтэй холбоотой их байна. Эцэг, эхчүүд аль болох сайн багш, сургуулийг эрэлхийлнэ. Тэр утгаараа хаяръялалын бус сургуульд оруулах нь ч энүүхэнд. Үүн дээр нэмээд нийтийн тээврийн хүртээмж муу, сургуулийн автобус байхгүйн гачигдал нэмэгддэг. Тиймдээ ч хүн болгон хүүхдүүдээ хүргэж өгч, орой нь авах шаардлага тулгарна.
Цэцэрлэг ч ялгаагүй. Хол байсан ч хамаагүй цэцэрлэгтэй байхыг эрмэлзэнэ. Энэ байдал түгжрэлд нөлөөлж байна. Тэгэхээр зөвхөн түгжрэлийг шийдэхэд л боловсролын асуудал, зам тээврийн асуудал, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгуулагууд, нийслэл дүүргийн шийдвэр гаргагчид хамтарч ажиллаж байж сая шийдэж магадгүй. Гэтэл уялдаа холбоо сайнгүй байна. Нөгөө талдаа зоригтой шинэчлэхийн тулд шинэ дүүрэг, дагуул хотууд, засаг захиргааны нэгж бий болгох хэрэгтэй. Улмаар хаана хэрэгцээ байна тэнд үйлчилгээг хүргэх шийдлийг хамтдаа хийж чаддаг байх ёстой юм. Шинэ хот, тосгон, дүүрэг дагуул хот, дүүргийн удирдлага гээд асуудлуудаа зөв зохистой шийдэх зайлшгүй шаардлага байгаа. Жишээ нь технологийн парк, чөлөөт бүс, их сургууль судалгааны хотхон, соёл шашны төв гээд онцлогтой хотуудыг бий болговол нэг шийдэл. Хотын статусыг тодорхой болгон хэд хэдэн метрополитан бүсийг хөгжүүлэх бололцоог нь бий болговол төвлөрөл саарч, амьдрах орчин илүү таатай болох боломж бүрдэнэ.
-Хотын статустай болсноороо ямар давуу талтай байх вэ?
-Тухайн хот хүн амьдрахад хэр зэрэг таатай вэ гэдгээс хамаараад татвартай болох нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой юм. Харин энэ боломжийг нээж өгөх дагалдах хуулиуд нь хурдтайгаар батлагдаж чадах уу зэрэг дээр анхаарах ёстой. Олон улсын жишиг харахад амьдрахад таатай хотууд асар өндөр татвартай байдаг. Тэр хот хэдий чинээ тааламжтай сайхан байна төдий чинээ татвартай байх нь бий.
-Та залууыг хамарсан уулзалтууд зохион байгуулж байгаа. Тэдгээрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр суурь, оролцоо ямар байна вэ. Та хэрхэн дүгнэв?
-Тун саяхан “Залуусын дуу хоолой” чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуультай холбоотой илтгэлүүдийг залуучууд маш анхааралтай сонсч олон асуулт гарч байв. Тухайлбал “Үндсэн хуульд өөрчлөлт хийснээр бидний амьдрал сайжрах уу эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх үү” гэж асууж байна. Асар их хамаатай асуудал шүү дээ. Засаглал зөв, тодорхой, шударга байж гэмээнэ төсвийн хөрөнгийг хулгайлах боломж бүрдэхгүй. Төсвийн хөрөнгийг зөв зүйтэй зарцуулваас эдийн засгийн өсөлт бүрдэнэ. Манай төрийн өндөрлөгүүд ийш, тийш яваад зээл авчирлаа гэцгээдэг. Өр тавьж байгаагаа маш их зүйл хийж байна гэж тайлбарладаг. Үнэн хэрэг дээрээ зээл авчхаад гарын салаагаараа урсгаж байснаас аваагүй нь дээр бус уу. Энэ мэт байдлаас болоод Монголын эдийн засгийн нөхцөл бололцоо муу байна. Бизнес эрхлэхэд татварын дарамт ихтэй, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Үүнээс болоод л залуус харь орныг зорьж байгаа. 40 гаруй мянган залуус Солонгост очиж ажиллаж байна. Тэд “3D – Dirty, Dangerous, Difficult” буюу бохир, хүнд, хэцүү ажлыг голдуу байна. Тэд залуу нас, эрүүл мэндээ золиослон солонгосчуудын хийхийг хүсдэггүй ажлыг хийж байна шүү дээ. Гэтэл төрд байгаа хэд нь гадаадад ажиллагсдын тоо квот нэмснээ бахархаж сууна. Ийм зүйлээр бахархаж байгаад ичиж байна. Энэ бол бахархал бус. Залуучууд маань яаж ийж байгаад Солонгос явчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөх ёстой хэрэг үү. Тэд маань арай өөр гэгээлэг, глобал хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх, түүнээ ажил хэрэг болгодог боломж хэрэгтэй байтал тэдгээр нь хаашаа хулгайлагдаж байгаа вэ. Засаглал муу, авлигатай, төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг, дундаас нь хулгайлах явдал байгаа учраас залуучуудын боломж хаагдаад байна. Хүссэндээ бус аргагүй байдалд хүрч Солонгос явж байна. Ийм нөхцөл байдлаас гаргахын тулд цалин өндөр, бизнесийн боломж сайн байх хэрэгтэй. Энэ бүхэн сайн засаглалаар л бий болно гэж би бат итгэдэг.
Бид шинэ Үндсэн хуулиа батлаад хэдийнэ 30-иад жил болжээ. Одоо бид нэмэлт, өөрчлөлт оруулбал лавтайяа дараагийн 20, 30 амьдралд нөлөөлнө. Тиймээс бид бүгдээрээ идэвхтэй байж, санаа бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй юм.